
Жил бүр л цалин, тэтгэврээс эхлээд та бидний олж байгаа орлого тодорхой дүнгээр нэмэгдэж байгаа ч энэ хэрээр амьдралын чанар сайжирсангүй, идэх хоол, өмсөх хувцасны үнийн өсөлт ч үргэлжилсээр.
2015 онд манай улсын дундаж цалин 844 мянга төгрөг байсан бол 2025 онд 2.8 сая төгрөгт хүрч, нэрлэсэн цалин сүүлийн 10 жилд 230 гаруй хувиар өсжээ.
Инфляцыг тооцсон бодит цалин ердөө 45.3 хувиар өсөж, ам.доллароор илэрхийлж харвал сүүлийн 10 жилд дундаж цалин 90 хувиар нэмэгдсэн байна.
Эндээс инфляц, валютын ханш хоёр бидний цалин, орлогыг үнэгүйдүүлж байгаа гол хүчин зүйлс гэдэг нь тод харагдана. Тэгвэл инфляц өсөж, төгрөгийн ханш суларсанд хэн буруутай вэ?
Монгол Улсын хэмжээнд Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь Төв банк. Монголбанк 100 жилийн түүхтэй ч, 1991 онд манай улс хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжиж, 1996 онд УИХ-аар Төв банкны тухай хуулийг баталсан. Өнөөдрийг хүртэл энэ хуульд 20 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчилсэн ч анх тодорхойлсон Монголбанкны үндсэн зорилт огт өөрчлөгдөөгүй.
Монголбанкны үндсэн зорилт
1. Үндэсний мөнгөн тэмдэгт - төгрөгийн
тогтвортой байдлыг хангах
2. Эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх
Төв банкны тухай хууль
Хуулиас харахад Монголбанк нь хоёр үндсэн зорилттой харагдаж байгаа ч төгрөгийн тогтвортой байдлын цаана инфляц, валютын ханш гэх мөн л хоёр салаа утга давхар агуулагддаг. Иймээс ч мөнгөний бодлогын арга хэрэгслээр зэрэг зохицуулах боломжгүй үндсэн зорилтоо “үнийн тогтвортой байдал” болгон өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгаснаа Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт мэдээлсэн.
Эдийн засагч Н.Ууганбаатар
Төв банкныхан энэ асуудал дээр онолын аргумент гаргаж ярьдаг, энэ нь ч зөв. Орчин цагийн нээлттэй эдийн засагт гурван зүйлийг зэрэг барих боломжгүй. Нэгд нь ханшийг тогтвортой байлгах, хоёрт үнийг тогтвортой байлгах, гуравт хөрөнгийн урсгалыг тогтвортой байлгах. Энэ гурван зүйлийг нэгэн зэрэг барих боломжгүй, үүнийг ч судалгаагаар баталсан нь Нобелийн эдийн засгийн шагнал авсан байдаг. Өөрөөр хэлбэл, боломжгүй гурвалжин ч гэж нэрлэдэг. Өнөөдөр манай улсад хөрөнгийн урсгал дээр хяналт тавьдаггүй, чөлөөтэй орж гардаг. Валютын ханшийг тогтвортой барихын тулд дотоодын мөнгөний бодлогоо мартах ёстой болно гэсэн үг. Тэгэхээр зэрэг зохицуулах боломжгүй гурван зүйлийн нэгийг угаас чөлөөтэй орхисон бол нөгөө хоёр асуудлын аль нэгийг л барих боломжтой. Энэ бол 100 хувь онолын үндэслэлтэй. Одоогийн Төв банкны зорилт нь энэ асуудлын эсрэг, анхнаасаа хуулийг алдаатай баталсан нь үнэн. Тэгэхээр Монголбанкны зорилтыг “Үнийн тогтвортой байдал” гэж олон улсын стандартад шилжүүлэх нь илүү ирээдүйг харсан, зөв зохицуулалт болох нь гарцаагүй.
Иргэдийн бодит орлогыг бууруулж байгаа инфляцыг зөвхөн онилж, түүнд чиглэсэн мөнгөний бодлогын арга хэрэгслийг хэрэгжүүлэх нь нэн чухал гэж Төв банкны тухай хуулийн өөрчлөлтийг үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлд боловсруулжээ. Үндсэн зорилтыг өөрчлөхөөс гадна инфляц өсөх, үнийн хөөргөдлийн суурь шалтгаан болсон төсвийн хэт тэлэлтийг ч хязгаарлах заалт хуулийн төсөлд бий. Монголбанк жил бүр УИХ-д өргөн барьдаг Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлээ цаашид гурван жилээр баталж, дунд хугацааны зорилт тавих, энэ зорилтдоо хүрэхийн тулд ДНБ-д эзлэх төсвийн зарлагын дээд хязгаарыг тооцох, мөн үнэ тогтворжуулах хөтөлбөр, эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөр зэрэг өнгөрсөн хугацаанд төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхэд нэмэгдсэн зардал, түүнээс үүдэлтэй хуримтлагдсан алдагдлаа нөхөхийн тулд Засгийн газрын тусгай үнэт цаас гаргах зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.
Монголбанкны ерөнхий эдийн засагч Н.Батсайхан
Хэрэв аливаа нэгэн төсвийн шинжтэй арга хэмжээг хууль, эрх зүйн баримт бичиг дээр Монголбанкийг санхүүжүүлэхээр заасан бол Монголбанк өөрийн үндсэн баримтлах хууль болох Төв банкны тухай хуулиа баримталж, төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлж, оролцохгүй гэдэг заалтыг УИХ-д өргөн барих хуулийн төсөлд тусгасан байгаа. Үүнээс гадна төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангахын тулд инфляцыг хэт өдөөж байгаа төсвийн хэт тэлэлтийг хязгаарлах параметрийг Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төсөлдөө тусгаж, УИХ-д өргөн барих юм. Төсөв батлагдахаас өмнө Төв банкны бодлогын баримт бичгийг баталдаг болохын тулд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг зургаадугаар сард баталдаг байхаар төсөлд тусгасан. Хэрэв хуулийн төсөл батлагдвал мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн гол заалт болох инфляцын зорилтот түвшнийг онилох, түүнд хүрэхийн тулд төсвийн тэлэлт хэдэн хувьтай байвал Төв банк зорилтот инфляцад хүрэх талаарх тооцоо судалгааг хийж, хууль тогтоогчдод өргөн бариад явах юм.
Одоогийн хуулиар “Монголбанк Засгийн газраас хараат бус байна”, “Засгийн газрын шийдвэр төрийн мөнгөний бодлогод харшилж байвал Монголбанк энэ талаар Засгийн газарт мэдэгдэнэ” гэх зэрэг хараат бус байдлын талаарх заалт байдаг ч хэрэгждэггүй. Өнгөрсөн хугацаанд Монголбанк Засгийн газрын “кассын машин” шиг ажиллаж ирснийг нь болиулна гэдгээ Ерөнхийлөгч нь томилогдохдоо амласан. Үүний тулд эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай бөгөөд дэлхийн улс орнуудын жишгээр Монголбанкны үндсэн зорилтыг зөвхөн “үнийн тогтвортой байдал” руу чиглүүлэх, төсвийн шинжтэй арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хориглох, төсөв мөнгөний бодлогын уялдааг хангах зэрэг суурь асуудлыг хуулийн өөрчлөлтөд шигтгэжээ. Хуулийн төсөл батлагдвал 60 хувьтай буюу хангалтгүй түвшинд үнэлэгддэг Монголбанкны бие даасан хараат бус байдал сайжрахад нөлөөлөх нь дамжиггүй. Хэдийгээр энэ удаагийн хуулийн өөрчлөлтөд тусгаагүй ч цаашид Монголбанкны засаглалыг сайжруулах шаардлага бий. Төв банкны тухай хуулиар Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан байдаг. 1991 оноос хойших Ерөнхийлөгч нарын ажилласан дундаж хугацаа 3 жил байгаа бол хуулийн хугацаагаа бүрэн дуусгасан ердөө хоёр хүн байгаа нь томилгооноос эхлээд халаа сэлгээ ч улс төрөөс хэт хамааралтайг илтгэнэ.
Төв банкны тухай хуулиас гадна Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулжээ. 2010 онд батлагдсан Банкны тухай хуульд өнгөрсөн хугацаанд 29 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчилсэн. Хадгаламж нээлгэх, зээл авах байдлаар банктай харилцдаг цаг өөрчлөгдөж, банкны хувьцаа эзэмшигч болох боломжийг 2021 оны хуулийн өөрчлөлтөөр хийсэн нь банкны төдийгүй хөрөнгийн зах зээлийн хөгжлийн шинэ үе шатанд хөтөлсөн. 2022 оны есдүгээр сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл системийн нөлөө бүхий банкууд хувьцааныхаа 5-11.4 хувийг олон нийтэд санал болгож, 446.8 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлж, 2025 оны долоодугаар сарын байдлаар 84 мянган гаруй хүн банкны хувьцаа эзэмшигч болжээ. Ийнхүү банкны реформын эхний алхам амжилттай болсон ч хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хуулийн заалт нь өнөөдөр ч хэрэгжих боломжгүй хэвээр.
2021 онд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа банкны нэг хувьцаа эзэмшигчид ногдох хувьцааны төвлөрөл 20 хувиас хэтрэхгүй байхаар зааж, энэ заалтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор хэрэгжүүлэхээр товлосон. Санхүүгийн салбарын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг банкны салбарт хийгдэх реформ нь улстөрчдийн хувьд сонгуулиар оноо авах том боломж байсан учраас анхнаасаа хэрэгжих боломжгүй ч энэ заалт, энэ хугацааг хуульчилсан. Гэхдээ хүчилсэн ч шийдэгдэхгүй гэдэг нь үнэнд гүйцэгдэж, 2024 оны зургаадугаар сарын 5-нд хуульд дахин өөрчлөлт оруулж, хэрэгжих хугацааг гурван жилээр сунгасан нь энэ онд дуусаж буй. Системийн нөлөө бүхий банкуудаас Төрийн банкнаас бусад гурван банк хувьцааны төвлөрлөө 20 хувьд хүргэж бууруулахын тулд 2.7 их наяд төгрөг, бусад таван банкны хувьд 668 тэрбум төгрөг гээд нийт 3.3 их наяд төгрөг шаардлагатай. Дотоодын хөрөнгийн зах зээл 13.2 их наяд төгрөг, сүүлийн таван жилд зах зээлийн хөрвөх чадвар 1.1-3.9 хувь байсан зэргээс харахад хэрвээ банкууд богино хугацаанд энэ хэмжээний хувьцаа санал болговол зах зээлийн үнэлгээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ огцом унаж, улмаар салбарын тогтвортой байдалд сөрөг нөлөө гарах эрсдэлтэй. Иймээс ч Банкны тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, хугацааг сунгахаас гадна хувь хэмжээг эргэн харах шаардлагатай гэж хууль санаачлагчийн зүгээс үзжээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн боловсруулж байгаа уг төсөлд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн босго 5 хувь байгааг 10 хувьд хүргэхээс гадна нэг хувьцаа эзэмшигчид ногдох хувьцааны хязгаарыг 20 хувь байгааг системд нөлөө бүхий банкны хувьд нийт гаргасан хувьцааны 34 хувиас, бусад банканд нийт гаргасан хувьцааны 51 хувиас тус тус хэтрэхгүй байхаар өөрчлөхөөр тусгажээ.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар
Өнгөрсөн хугацаанд банкууд АНУ, Сингапур, Шанхай гээд олон улсад хөрөнгө оруулалтын форум хийж, банкны салбарт хөрөнгө оруулах талаар уулзалтууд хийсэн. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монголыг сонирхохгүй байна. Одоогийн хуульд заасан хувь хэмжээ хэт бага, хөрөнгийн зах зээлээр дамжиж хөрөнгө оруулахад татварын хувь хэмжээ олон улстай харьцуулахад өндөр зэрэг олон асуудал ярьж байна. Төр өөрөө гадаадын хөрөнгө оруулагчидтай ярихдаа стратегийн ордууддаа 34 хувь эзэмшинэ гэдэг хэр нь банкуудад 20 хувийн босго тавиад байгаа. Банкны салбарт ч хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчид ядаж 34 хувийг авах сонирхолтой байна гэж яагаад бодохгүй байгаа юм бэ. Хөрөнгө оруулагчдын хувьд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр, өөрт нь мэдэгдэлгүйгээр дүрмээ өөрчилбөл яах юм бэ гэдэг эрсдэл байдаг учраас түүнээс сэргийлэхийн тулд ядаж хяналтын багц буюу 34 хувь эзэмших сонирхолтой байдаг. Харин системд нөлөө бүхий биш жижгэвтэр банкуудын хувьд хувь хэмжээг 51 хувьд хүргэснээр тухайн банкны удирдлага, үйл ажиллагааг сайжруулж, ашиг орлогыг нэмэгдүүлээд, томруулсны дараа эргээд зарах сонирхолтой хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нь гарцаагүй. Иймээс ч Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд оруулсан хувь хэмжээг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох юм.
Дэлхийн банкны 2021 оны банкны хяналт шалгалт, зохицуулалтын судалгаанаас үзэхэд хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 50 хүртэлх хувиар тогтоодог нийт 29 улс байгаа бөгөөд Австрали, Канад, Хятад, Энэтхэг, Мексик, Вьетнам зэрэг багтжээ. Олон улсын жишгийн дагуу банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг үе шаттайгаар бууруулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хувьцаа эзэмшигчид тогтоосон дээд хязгаарыг нэмэгдүүлэх, нэг хувьцаа эзэмшигч нийт саналын эрхийн хяналтын багц, олонхыг эзэмших боломжийг бүрдүүлж системд нөлөө бүхий байдлаас нь хамааруулан зохицуулах нь олон улсын захаас хөрөнгө оруулалт татах, санхүүгийн зах зээлийн тогтвортой үйл ажиллагаанд эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж хууль санаачлагч үзжээ.
Хэрвээ уг хуулийн төслийг хугацаа алдаж баталвал олон улсад бонд гаргаж, санхүүжилт татаж байгаа банкууд хууль зөрчсөн үндэслэлээр санхүүжилт нь буцаагдах, санхүүжилт татахад 2026 оноор дуусгавар болох богино хугацааны санхүүжилт авах эрсдэл бий. Зөвхөн санхүүгийн салбар төдийгүй банкны хувьцаа эзэмшигч 84 мянган хүн, банкны нийт хөрөнгийн талаас их хувийг эзэмшиж байгаа хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөх юм.