
Улаанбаатар, Монгол Улс (2026 оны наймдугаар сарын 24). Азийн хөгжлийн банк (АХБ) түншүүдтэйгээ хамтран Газрын доройтол, цөлжилтийг арилгах хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх (FIELD) санаачилгыг эхлүүллээ. Энэхүү бүс нутгийн түншлэл нь 2035 он гэхэд дор хаяж 2 тэрбум ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлж, Ази, Номхон далайн бүс нутагт газрын доройтлыг бууруулах, газар нутгийг сэргээх, гангийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах зорилготой.
АХБ-ны Зүүн болон Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Скотт Моррис “Газрын доройтол, цөлжилт нь манай бүс нутгийн сая сая хөдөөгийн иргэдийн амьжиргааг дэмжиж, эдийн засгийн өсөлтийн үндэс болж буй экосистемд ноцтой аюул занал учруулж байна. Энэ бол аль ч улс дангаараа шийдвэрлэж чадахгүй сорилт юм. Түншүүдтэйгээ хамтран ажиллаж, эрүүл бөгөөд бүтээмжтэй газар нутгийг бий болгох шинэлэг хөрөнгө оруулалтыг өргөжүүлснээр АХБ биологийн олон янз байдлыг хамгаалах, иргэдийн амьжиргааг сайжруулах, хүнс, усны аюулгүй байдлыг хангах үйлсэд манлайлан ажиллана” гэлээ.
FIELD санаачилгыг Монгол Улсын Улаанбаатар хотод болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулган (UNCCD COP17)-ын үеэр зохион байгуулсан сайд нарын хэлэлцүүлгийн үеэр зарласан. Энэхүү санаачилга нь улс орнуудад газрын нөхөн сэргээлтийн төслүүдээ боловсруулах, санхүүжилтэд хамрагдах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх бөгөөд хувийн хөрөнгийг татан төвлөрүүлэхийн тулд эрсдэлийг бууруулах бүтэц, хосолсон санхүүжилт, хөрөнгийн зах зээлийн хэрэгслүүд зэрэг шинэлэг санхүүжилтийн арга хэлбэрийг ашиглана.
Газрын болон ойн нөхөн сэргээлт, мөн голын сав газар болон усны менежменттэй холбоотой төслүүдийн анхны багцыг хэдийн тодорхойлжээ.
Гангийн нөхцөл байдал даамжирч, хөрсний элэгдэл нэмэгдэн, газрын нөөцийг тогтворгүй ашиглаж байгаа нь бүс нутгийн хүн амын 40 гаруй хувийг дэмждэг хуурай газрын экосистемийг доройтуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, биологийн олон янз байдал болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг заналхийлж байна.

Экосистемийг тогтвортой удирдах, нөхөн сэргээхэд шаардлагатай санхүүжилтийн хэдийн их байсан зөрүү улам нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа бэлчээрийн санхүүжилтийн хэрэгцээ өндөр байна. Бэлчээр нь дэлхийн нийт хуурай газрын 54 хувийг эзэлж, дэлхийн хөрсөнд агуулагдах нүүрстөрөгчийн 30 хүртэлх хувийг хадгалдаг байна.
Энэхүү санаачилга нь 2035 он гэхэд ойролцоогоор 1 сая га газрыг тогтвортой менежментэд хамруулж, газрын доройтлыг бууруулах, хүнс болон усны аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой.
Мөн АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудад бодлого боловсруулах, чадавхыг бэхжүүлэхэд зориулсан буцалтгүй тусламж, техникийн туслалцаа үзүүлж, мэдлэгийн платформ бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
FIELD санаачилга нь АХБ-ны Nature Solutions Finance Hub-ийн хүрээнд хэрэгжинэ
FIELD нь Nature Solutions Finance Hub буюу байгальд ээлтэй хөрөнгө оруулалтыг Ази, Номхон далайн бүс нутагт өргөжүүлэх зорилготой, АХБ-ны тэргүүлдэг платформын хүрээнд хэрэгжих газар нөхөн сэргээх, гангийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд зориулсан тусгай санхүүжилтийн цонх юм.
Энэхүү платформыг санхүүгийн болон техникийн түншүүдтэй хамтран хэрэгжүүлж байна.
FIELD санаачилга нь АХБ-ны Байгаль орчны үйл ажиллагааны төлөвлөгөө болон бүс нутгийн хүнсний тогтолцоог өөрчлөхөд зориулан 2030 он гэхэд 40 тэрбум ам.доллар зарцуулах АХБ-ны амлалттай уялдаж байна.
FIELD нь мөн Риядын үйл ажиллагааны хөтөлбөр (Riyadh Action Agenda)-т хувь нэмэр оруулна. Саудын Араб улс UNCCD COP16-ыг даргалж байх үед энэхүү хөтөлбөрийг санаачилсан бөгөөд газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх үйлсэд төрийн болон төрийн бус оролцогчдыг дайчлах зорилготой.
Санаачилгыг Бэлчээр ба малчдын олон улсын жил болон Монгол Улс, UNCCD хамтран тэргүүлж буй Дэлхийн бэлчээрийн тэргүүлэх санаачилга (Global Rangelands Flagship Initiative)-тай давхцуулан эхлүүлж байна.
UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад “Дэлхийн бэлчээрийн тэргүүлэх санаачилга нь бэлчээрийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрөхөөс бодит хэрэгжилт рүү өргөн хүрээнд шилжих тухай юм. FIELD санаачилгаар дамжуулан АХБ-ны манлайлал нь бидэнд шаардлагатай хөрөнгө оруулалтын замыг бий болгож, нөхөн сэргээлтийн тэргүүлэх чиглэлүүдийг санхүүжилт, төсөл болон газар дээрх хэрэгжилттэй холбож өгч байна. Амьжиргаа, хүнсний тогтолцоо, тэсвэртэй эдийн засагт амин чухал газар нутгийг хамгаалахын тулд бид хүсэл зорилгоо хөрөнгө оруулалт татахуйц бодит үйл ажиллагаа болгон хувиргах хэрэгтэй.”
Түнш байгууллагууд
FIELD санаачилгын хүрээнд хамтран ажиллах анхны сонирхлоо илэрхийлсэн байгууллагуудад:
Мөн Nature Solutions Finance Hub-ийн одоогийн түншүүд болох:
Азийн хөгжлийн банкны тухай
Азийн хөгжлийн банк (АХБ) нь Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой, хүртээмжтэй, тэсвэртэй өсөлтийг дэмждэг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм.
АХБ нь гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран нарийн төвөгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ шинэлэг санхүүгийн хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашиглан иргэдийн амьдралыг сайжруулах, чанартай дэд бүтцийг бий болгох, дэлхий гарагийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
1966 онд байгуулагдсан АХБ нь 69 гишүүнтэй бөгөөд тэдгээрийн 50 нь бүс нутгийн улс орнууд юм.
Эх сурвалж: www.adb.org