
Тус компанийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 13 тэрбум ам.доллараар өссөн бөгөөд үүнд нягтлан бодох бүртгэлийн зардал голлон нөлөөлсөн гэж мэдээлжээ.
Claude чатботыг хөгжүүлсэн хиймэл оюун ухааны (AI) Anthropic компани 2026 оны эхний зургаан сард 80 тэрбум гаруй ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн талаар The Wall Street Journal сонин мэдээллээ. Тус компани хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгохоор (IPO) бэлтгэж байгааг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна.
Anthropic компани ирэх жилүүдэд тооцоолох хүчин чадлаа нэмэгдүүлэхэд 750 тэрбум хүртэлх ам.доллар зарцуулж болзошгүй гэж мэдэгджээ. Үүнд одоогоор хэлэлцээний шатанд байгаа боломжит гэрээ, хэлцлүүд ч багтаж байгаа аж.
Тус компанийн алдагдлын гол шалтгаан нь хөрөнгө босгох зорилгоор гаргасан хөрвөх өрийн бичиг болон бусад санхүүгийн хэрэгслийн үнэлгээ өөрчлөгдсөнтэй холбоотой 72 тэрбум ам.долларын нягтлан бодох бүртгэлийн зардал байжээ.
Хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгохтой холбогдуулан боловсруулсан үнэт цаасны танилцуулгын төслөөс үзвэл, компанийн алдагдал жилийн өмнөх 13 тэрбум ам.доллараас өссөн гэнэ. Энэхүү танилцуулга нь компаниуд санхүүгийн зохицуулах байгууллагад хүргүүлдэг хууль эрх зүйн баримт бичиг юм.
Эдгээр үзүүлэлт нь хиймэл оюун ухааны салбар дахь өрсөлдөөн асар өндөр өртөгтэй болж байгааг харуулж байна. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчид компаниудын чип болон дата төвүүдэд зарцуулж буй их хэмжээний хөрөнгө оруулалт ирээдүйд үр өгөөжөө өгөх эсэхийг улам анхааралтай үнэлэх болжээ.