
“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 681 дэх дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаарын онцлох сэдвүүдээ танилцуулъя.
Нэг. Хийсэн ажил, хэлэх үг маруухан Засгийн газрын 100 хоног
Н.Учралын Засгийн газар 100 хоногтоо юу хийв гэдгийг дүгнэх хугацаа ойртож байна. Тэрээр 2026 оны гуравдугаар сарын 30-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон. Энэ өдрөөс нь тооцвол Засгийн газрын 100 хоног долоодугаар сарын 8-нд тохиож байна. Харин сайд нараа томилж, Засгийн газраа эмхлэн байгуулсан өдрөөс нь тооцвол долоодугаар сарын 12-нд тохионо. Аль ч хугацаагаар нь тооцсон Н.Учралын Засгийн газрын 100 хоног УИХ-ын хаврын чуулган завсарласан, Үндэсний их баяр наадмаар амьсгалсан өдрүүдэд тохиох нь. Энэ бол Засгийн газартаа таатай цаг үе.
Учир нь, баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэдэг манай монголчууд Засгийн газраасаа “100 хоногт юу хийв ээ” гэж амыг нь асуух сөхөөгүй баярлацгаана. Засгийн газар 100 хоногоо тайлагнасан ч тоож сонсох нь юу л бол. Уг нь 100 хоног гэдэг заавал хэрэгжүүлэх хууль, журам биш ч иргэд, олон нийтийг мэдээллээр хангадаг, Засгийн газраас тайланг нь шаарддаг хугацаа. Харин энэ удаад Засгийн газрын 100 хоног Үндэсний их баяр наадмын сүүдэрт дарагдаад өнгөрөх нь. Дээр нь, УИХ-ын хаврын чуулган завсарласан байх тул 100 хоногийн тайлан нэхэж, ам ангайх сөрөг хүчний улстөрчид амралтаа эдлээд явж байна гэсэн үг. Ийм л учраас Н.Учралын Засгийн газар золоор “100 хоногтоо юу хийв” гэж ам асуулгахгүй нь. Хэрэв өөр цаг хугацаанд Засгийн газрын 100 хоног болж таарсан бол хийсэн ажил, хэлэх үг маруухан.
С.Шийлэгтөмөр “Золоор өнгөрсөн 100 хоног” нийтлэлээс
Хоёр. Эдийн засгийн эрх чөлөө иргэнд ямар ашигтай вэ
Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь хүмүүс өмч хөрөнгөө эзэмших, бизнес эрхлэх, хөдөлмөрлөх, хөрөнгө оруулах, худалдаа хийх зэрэг эдийн засгийн үйл ажиллагаагаа төрийн хэт оролцоо, саадгүйгээр явуулах боломжийг илэрхийлдэг. Иргэдэд энэ нь бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэхэд эергээр нөлөөлснөөр ажлын байрыг нэмэгдүүлэх үүдийг нээнэ. Ажилтай, амжилттай хүний орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин өсдөг. Үүнийг эдийн засгийн эрх чөлөө өндөр орнуудад нэг хүнд ногдох орлого ихэвчлэн өндөр байдгаас бэлхэн харж болно.
Эдийн засаг сайжирч, хөгжихийн хэрээр бараа, үйлчилгээний сонголт нэмэгддэг. Нээлттэй худалдаа, өрсөлдөөн их байх тусам үнэ буурна, чанар ч сайжирна, сонголт ч олширно. Хамгийн чухал нь хөрөнгө оруулалт нэмэгддэг. Өмчийн эрх сайн хамгаалагдсан, хууль тогтвортой орчинд дотоодын хөрөнгө оруулагчид илүү идэвхтэй ажиллана. Энэ сайн жишиг гадаадын хөрөнгө оруулагчдын анхааралд орж, хөрөнгө оруулалт татна. Мэдээж үр дүнд ажлын байр, татварын орлого, шинэ технологи нэмэгдэнэ.
Л.Эрдэнэжаргалын "Эдийн засгийн эрх чөлөөнд хүрэхэд юу саад болж байна?" нийтлэлээс
Гурав. Нэг нам 31 мянган гишүүнтэй, зарим нь зөвхөн даргатай
Дээд шүүхэд 38 нам бүртгэлтэй ч 29 нь л хуулиа дагаж, тайлангаа өгчээ. Үлдсэн 10 намаас найм нь хоёр жил дараалан санхүүгийн тайлан гаргаагүй тул бүртгэлгүйд тооцогдов. Угаасаа ч идэвхгүй намууд байсан. Улс төрийн нам байгуулсан гэх цаасан дээрх бүртгэлтэй, ямар ч сонгуульд оролцоогүй Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн хэмээх нам байхад сонгуулиар л сэрдэг, тэг тайлан гаргадаг нь ч байна. Тэд хуулиа уншаад ойлгодоггүй, эсвэл зүгээр л дагаж биелүүлэхийг хүсдэггүй аж. Мөн парламентад суудалтай ногоон намынхан гишүүний татвар огт авдаггүй юм бол өөр юугаар санхүүждэг вэ. Байгуулагдаад олон жил болсон, ууган намуудын нэг хэдий ч тэд үнэндээ үлгэн салган л оршдог нь нууц биш.
Идэвхгүй, хариуцлагагүй намууд нэг талд нь, нөгөө талд нь дутуу, “цоорхой”-той хууль, тэдний учрыг олох гэж хичээж буй сонгуулийн төв байгууллага гэсэн гурвалжин үүссэн байх нь. Хууль тогтоогчид баталсан хуулийнхаа алдаа, оноог дүгнэж, засаж сайжруулах, хариуцлагыг илүү нэмэгдүүлэх учиртай. Хэрэгжилтэд хяналт тавих нь УИХ-ын гишүүдийн нэг гол үүрэг шүү дээ.
С.Туулын "Хэнэггүй намууд ба "цоорхой"-той хууль" нийтлэлээс
Дөрөв. Хариуцлагыг банк үүрэх үү
3500 гаруй иргэнээс санамсаргүй түүврийн аргаар авсан судалгаагаар иргэдийн 50 хувь нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар бүрэн мэдээллийг авч чаддаггүй гэсэн бол 3 хүн тутмын нэг нь энэ төрлийн ямар нэгэн хүндрэл гарч байсан гэж хариулжээ. Нийт хүндрэлийн 50 хувь нь бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл дутмаг, зар сурталчилгаа болон ажилтны танилцуулсан мэдээлэл бодит байдлаас зөрүүтэй байдлаас болж үүссэн гэж иргэд хариулжээ.
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль хэрвээ батлагдвал алсдаа санхүүгийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлнэ гэх хүлээлт буй. Үүнээс урьтаж хуулийн төсөлд тусгасан УИХ-ын хэмжээнд хүргэж, хэт томруулсан бүтэц, нийтээр чангаруулсан үүрэг хариуцлагыг нь банк, санхүүгийн салбарынхан даах уу гэдэг нь чухал.
М.Мөнхжаргалын "Санхүүгийн маргааны шийдэл" нийтлэлээс
Тав. Жоомны нам
Жоом хүмүүсийн төсөөлөлд бохир заваан, устгах ёстой шимэгч амьтнаар л буудаг. Гэтэл 2026 оны тавдугаар сард Энэтхэгийн ерөнхий шүүгч Сурья Кант ажилгүй залуусыг “жоом, шимэгч”-тэй зүйрлэсэн нь нийгэмд нэгэнт үүссэн бухимдлын гал дээр тос нэмэв. Элсэлтийн шалгалтын даалгавар задарч, авлигын улмаас ирээдүй нь бүрхэг болсон залуус үүнийг зүгээр нэг шүүмжлэл гэж хүлээж авсангүй. Бостоны их сургуулийн төгсөгч Абхижит Дипке цахим сүлжээнд “Хэрэв бүх жоомнууд нэгдвэл яах вэ?” гэсэн ганц өгүүлбэр бичсэн нь эсэргүүцлийн шинэ давлагаа эхлүүллээ. Ерөнхий сайд Нарендра Модигийн эрх баригч Бхаратия Жаната Намыг егөөдөн эсэргүүцлийн хөдөлгөөнөө “Жоомны Ардын Нам” хэмээн нэрийдсэн залуус ганцхан сарын дотор 22 сая дагагчтай болж цахим орчинд нэр хүндээрээ улстөрчдийг хол хаяжээ. Хэдийгээр албаны ёсны бүртгэлтэй нам бус ч зорилгоо “Залуучуудын төлөө залуучуудын үүсгэсэн улс төрийн фронт”-оор тодорхойлсон тус хөдөлгөөн эхний ээлжид Боловсролын сайд Дхармендра Прадханыг огцруулахыг шаардан ойрмогхон хоёр ч удаа парламентын ордны гадаа нүсэр жагсаал зохион байгууллаа.
Тавдугаар сард болсон ЭЕШ-аар анагаахын сургуульд элсэхээр хоёр сая оюутан өрсөлдсөн ч шалгалтын асуултууд задарсан тул Боловсролын яам хүчингүй болгож ахин товлосон. Хэвлэлд мэдээлснээр, тавдугаар сард болсон эхний шалгалтаас хойш 12 оюутан амиа хорлож нас баржээ. Энэтхэг залуусын хувьд уламжлалт кастын системийн хүлээсээс ангижран дундаж давхаргад багтах цорын ганц боломж нь анагаах, инженерийн сургуульд элсэх шалгалт байдаг. Гэвч шалгалтын материал байнга задардаг тогтолцооны авлига олон жилийн хөдөлмөр, итгэл найдварыг нь үгүй хийж буйд залуус цөхрөнгөө баржээ.
С.Лхагвасүрэнгийн "Эсэргүүцлийн этгээд дүр" нийтлэлээс
Зургаа. Эрүүл эсрэгцэл
Зурагт ширтэх зуур гар утсаа шүүрч, нийгмийн сүлжээ рүү шагайв. Дотнын найз амттай хоол идсэн зургаа нийтэлж, ажлын хамтрагч амралтын өдрийг гүйж эхлүүлсэн тухайгаа хуваалцжээ. Ахиулаад харвал хэн нэгэн хүүхдүүдтэйгээ тоглоомын төв орж, өөр нэгэн агаарт гарч, ууланд алхсан байв. Тэр зуур буйдангаасаа өндийгөөд, хүүхдүүдтэйгээ ресторан орж хооллоод, дараа нь тоглуулж, ууланд алхах ёстой мэт бодогдон, хийцгүйрч суугаа өөртөө дур гутав. Түүгээр ч зогсохгүй үйлдэл хийж, багачуудаа хувцаслаад гарахаар зэхлээ. Ингэмэгц амьдрал, хоног, хормыг минь ухамсар удирдаж байна уу, нийгмийн сүлжээнээс үүдэлтэй мэдрэмж хөтөлж байна уу гэх эргэлзээ төрөв.
Нийгмийн сүлжээ хүмүүсийн хоцрох айдсыг өдөөснөөр дэлхий нийтээрээ аз жаргалгүй, амьдралдаа сэтгэл ханамжгүй, одоодоо төвлөрч чаддаггүй, дотоод айдастай болсон талаар сүүлийн 10 гаруй жил хэн бүхэн хэлж, хэвлэл бүхэн мэдээлсэн. Үүний улмаас хүмүүс уг ойлголтын талаар мэдээлэлтэй болж, өөрийгөө хамгаалан, сэтгэл зүйгээ тордох учиртайг гадарладаг болов. Басхүү FOMO буюу хоцрох айдсын эсрэг шинэ нэршил, сонирхолтой хэв маяг бий болсон нь JOMO юм. JOMO гэдэг нь “Joy of Missing Out” буюу хоцрохоос таашаал мэдрэх тухай ойлголт. Одоодоо, өөртөө төвлөрч, байгаадаа сэтгэл ханан, бусадтай, алив юмстай өөрийгөө харьцуулахгүй, гадаад орчноос сэтгэл зүйн хувьд алсрах нь уг үзэгдлийг гол философи.
О.Даваасүрэнгийн "Харьцуулалтын занга" нийтлэлээс
Долоо. Тэнгэр, ургамлын дундах аниргүй
Зэрвэсхэн харах төдийд даавуун дээгүүрх ургамал, адраас өлгөсөн урт цэнхэр хөшиг тунаран байх нь ургамал, тэнгэрийн завсар дахь аниргүй орчмыг улам тодруулна. Тэнгэрийн доор, ургамал өвсний цаана хараацай дүүлэн нисэлдэж, моддын навчис зэрвэс, зэрвэс үзэгдэнэ. Магадгүй хэн нэгэн цонхоор урсан өнгөрөх байгалийн сонсож, галт тэрэг дотор бодол хөврүүлж суугаа ч байж болох. Ийм ахуйд гэнэтхэн мөнөөх дүрсүүд үгүй болж цав цагаан орон зай л үлдэнэ. Тэр агшинд юутай учирч, үзэсгэлэнгийн танхим үлдсэн анир чимээгүй хэрхэн нүүр тулах нь зөвхөн үзэгчийн дотор л мэдрэгдэх агуулга учраас тайлбарлаж үл дөнгөнө. Харин үзэгч бүр өөрийнхөөрөө тайлах биз ээ. Тэгээд ч хүн бүр ганцхан хариулт бус олон асуулт үлдээдэг бүтээл л цагийн уртыг туулж, бусдын бодолд орон зай эзэлсээр байдаг шүү дээ.
Учир нь тэнгэр, ургамлын хоорондох тэр аниргүй цагаанд хувирах орон зайн мөчлөг бол уран бүтээлчийн хувийн орон зай, өөрийнх нь хүсэл тэмүүлэлтэй нарийн холбогдох төсөөллийн нэгэн ертөнц болов уу.
Б.Алтанхуягийг "Үлдэх гэрлээс үлдсэн гэгээ" нийтлэлээс