
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр /2026.08.17/ Авлигатай тэмцэх газарт тайлбар өгч гарч ирснийхээ дараа манай сэтгүүлчтэй ярилцаж, өөрийнх нь нэр, гэр бүлийнхэн холбогдсон асуудлуудаар ярилцлаа.
АТГ-аас өмнө нь хэрэгсэхгүй болсон хэрэг процессийн алдаа гарсантай холбоотой дуудаж тайлбар авлаа
Хууль хяналтын байгууллагын зүгээс асууж тодруулах зүйл байсан байх. Өмнө нь ямар асуудлаар дуудаж байгаа, ямар учиртайг би мэдээгүй байсан. Сая орлоо, мэдлээ. Өмнө нь хэрэгсэхгүй болгосон хэрэг дээр нэг хэргийг дээд шатных нь прокурор хүчингүй болгосон юм байна. АНУ-д сураад, ажиллаж байгаад ирээд англи хэлтэй сургуулийг бий болгох нь зүйтэй юм байна гээд “Америкийн сургууль” гээд дунд сургуулийг байгуулах үйл ажиллагаанд 2000-2003 онд оролцож байсан юм. Үүнтэй холбоотойгоор хэрэг үүсгэсэн зүйл байсныг үзэж шалгаад хяналт тавьж байсан прокурор нь хүчингүй болгосон. Уг нь хяналт тавьж байгаа прокурор нь биш түүний дээд шатны прокурор нь хүчингүй болгох ёстой байсан юм байна. Тиймээс хүчингүй болгосон шийдвэр нь буруу болжээ. Хуулийн хувьд процессийн алдаа болсон юм шиг байна. Тиймээс хэрэгсэхгүй болгосныг нь хүчингүй болгож шийдвэрлэжээ. Тэгэхээр тэр хэрэг нь дахиад сэргэж байгаа гэсэн утгатайгаар тайлбар өгсөн. Үүнээс өөрөөр хэрэг нээсэн, шалгаж байгаа тийм зүйл байхгүй.
Бид нар хуулийн байгууллагадаа маш хүндэтгэлтэй хандах ёстой. Албан тушаал дээр байсан ч гэсэн асууж тодруулах зүйл байвал түүнд нь хариулж байх ёстой гэж боддог.
Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 2016-2017 онуудад АТГ-аас 12 асуудлын жагсаалт гаргаж надаас бичгээр тайлбар авч байсан. Асуултууд асууж байхад нь би их баярлаж байсан. Манай хуулийн байгууллага үнэхээр өндөр ёсзүйтэй ямар ч ажил, албан тушаалтай байсан хүнээс авах юмаа авч, тодруулах юмаа тодруулдаг хуулийн дагуу ажилладаг юм байна гэж үзэж байсан.Одоо ч тийм бодолтой байгаа.
2023 оны өдийд тэр хэргийг хянаад бүгдийг нь хэрэгсэхгүй болгосон. Тэр хэрэг үүссэнтэй холбоотой үүсгэсэн хилийн хоригийг тавьсан шүүхийн шийдвэрийг мөн хүчингүй болгосон. Ямар нэгэн байдлаар оргон зайлсан зүйл байхгүй.
2023 оны есдүгээр сард надад Стэнфордын Их сургуулиас ирж ажиллаач гэдэг урилга ирсний дагуу 3 жилийн өмнө явсан. Би одоогоор олон улсын шинжтэй 12 байгууллагад үйл ажиллагаа гүйцэтгэдэг. Сургууль дээрээ байнга ажилладаг, сардаа 2-3 удаа ийш тийш явах урилгатай байдаг юм. Маш завгүй ажиллаж байгаад сая амралтаа ашиглан монголдоо ирсэн.
Мөн гурван жил байхгүй байх хооронд хүмүүсээс гаргасан асуудлаар тодруулах зүйл байсанд хариулаад гарч ирлээ.
Би тэр сургуулийн 10 хувийг эзэмшдэг гэдгээ Ерөнхий сайд байхдаа, Ерөнхийлөгч байхдаа ч хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ байнга гаргаж явсан. Энэ талаарх мэдээлэл ор үндэсгүй, хуулийн байгууллагад ч хандаж бичиг өгч байсан.
Өнөөдөр харж байхад монголд болохгүй байгаа нэг зүйл нь төр нь асар томорчихсон. Төрийн идэж уудаг зүйл нь дэлбэртлээ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хулгай авлига гэхчлэн маш олон зүйл гарч байгаа шүү дээ. Үүнийг хууль хяналтын байгууллага анхаарч ажиллаж байгаа байх.
Миний хувьд хуульчтай зөвлөлдөж байгаад хүчингүй болгосон энэ шийдвэрийнх нь үндэслэлийг прокурорын байгууллагаас тодруулах бодолтой байна.
Эпштэйнтэй Wall street гэх том санхүүгийн байгууллагад байдаг санхүүч, хөрөнгө мөнгө босгодог гэдэг утга агуулгаар танилцуулж байсан
Тэр бол муу хүн. Хүний адаг гэж хэлж болно. Гэхдээ хүний адаг тийм муу хүмүүс өөрийнхөө тэр муу зүйлийг дандаа нууж явдаг. НҮБ-ийн маш олон чуулган, хурлын үеэр гар барьж, хоол унд идэх гэх мэт үеэр надтай тааралдсан зүйл бий. Гэхдээ тэнд хууль бус зүйл ярьсан, буруу муу зүйл ярьсан юм байхгүй.
Гадуур гараад байгаа янз бүрийн зүйл дээр kiss гээд биччихсэн байгаа шүү дээ. Үнсье гэсэн тийм үгийг би бичихгүй шүү дээ. Эпштэйн гэх тэр хүн долоон жилийн өмнө үхсэн. Тэнд ямар нэгэн баривчилгаа явж байгаа тухай асуудал ерөөсөө байхгүй. АНУ-ын Конгрессийн хүрээнд шалгах, асуух шаардлагатай зүйлс дээр нарийн тогтоосон нь муу зүйлсийг улс төрд ашиглах, хүмүүсийн тархийг угаах үйл ажиллагаанд ашиглахын тулд тодорхой нэр хүндтэй хүмүүсийг үүнтэй холбогдуулж харлуулах гэдэг зүйл явдаг. Тэгэхээр үүнийг ялгаж харах хэрэгтэй байна.
Ийм зарчим АНУ-ын хууль хяналтын байгууллагуудад өөрсдөд нь мэдээж бий. Тэр хүний наймааны үйл ажиллагаанд оролцсон ч юм уу, тэрнийг нь мэдсээр байж оролцсон тийм зүйл надад огт байхгүй. Wall Street гэх том санхүүгийн байгууллагад байдаг санхүүч, хөрөнгө мөнгө босгодог гэдэг утга агуулгаар танилцуулж байгаа шүү дээ. Хар талыг нь хэнд ч хэлэхгүй. Хооллох үеэр тааралдсан нь тэр хүнтэй холбоотой тэмдэглэлд нь орсон байдаг. Тэрнээс биш ямар нэгэн хөрөнгө оруулалт, Оюутолгойн нэр зэргийг дурдаж хардаад байгаа шиг ярьж хэлэлцсэн зүйл байдаггүй.
Монголын бизнесийн орчныг таатай болгоход АНУ-ын сангийн сайдаар ажиллаж байсан Ларри Саммерс гэж хүн байдаг, тэр хүн мөн л НҮБ-ын Энх тайвны институтид бүртгэлтэй оролцож байсан юм билээ. Тэр бүхнийг миний нэртэй холбож хардаж, харлуулах, иргэдийн тархи угаах буруу хандлага гарч байна.
УИХ ямар асуудлаар сонсгол явуулах гэж байгаа юм бэ?
Тухайн хүн долоон жилийн өмнө нас барсан. Надад ямар нэгэн холбоотой мэдээлэл огт байхгүй. АНУ руу хандсан бичиг гээд байгаа зүйлээр улс төрийн ээлжит шуугиан тарих гэсэн л оролдлого.
Би монголд ирсэн дээрээ өөрийн өргөж, өсгөсөн хүүхдүүдтэйгээ уулзана. Үнэхээр тэр сонсгол явуулах гэж байгаа УИХ-ын гишүүн надтай уулзахыг хүсвэл нээлттэй. Хүүхдүүдтэйгээ уулзахдаа тэр УИХ-ын гишүүнийг урьж болно. Би тэр гишүүнийг урих талаар гэр бүлийнхээ хүнтэй ярилцаж байгаа. Ямар нэгэн бичлэг хийхгүйгээр уулзаж, хүүхдүүд минь байна уу, ямар ажил алба эрхэлж байна вэ гэдгийг танилцуулж болно. Миний өргөж авсан хүүхдүүдээс АНУ руу гарч явсан хүүхэд байхгүй.
Бүүр өмнө нь бид дүүгийнхээ хүүхдийг өргөж авч, сургуулиа төгсөөд, АНУ-д суралцаж, тэндээ ажиллаж амьдарч байгаа. Тэр хүүхэд бол манай дөрвөн хүү дээр нэмэгдэж, ам бол болж явдаг хүүхэд.
Харин 20 хэдэн хүүхдийн тухай асуудал бол багад нь асрахын цэцэрлэгт байхад нь уулзаж, нэмж хүүхэд өргөж авах уу гэж ярилцаж байгаад нэг хоёроор нь салгаж яах юм бэ гээд бүтэн ангиар нь дэмжихээр болсон юм. Тэгээд "Болор сан" цэцэрлэг байгуулж, тэндээ авч, 10 гаран жил өсгөж өндийлгөсөн. Тал хүүхдэд нь аав, ээж, хамаатан садан байхгүй гэдэг. Бидний гол зорилго бол тэр хүмүүстэй нь холбож өгөх. Тэгээд хүүхдүүд маань өсч өндийх хугацаанд ар гэрийнхнийг нь олж тогтоосон байдаг.
Хүүхдүүдээ 14, 15 настай болоход ар гэрийнхэн нь буцаагаад авсан юм шүү дээ. Бүгдээрээ одоо гэртээ буцаж очсон ч намайг аав, эхнэрийг маань ээж гэж дууддаг. Хамгийн эмзэг, хамгийн хэцүү үед нь бид нар тусалж дэмжиж явсан.
Манайхан ч хэдэн төгрөгтэй болохоороо хурдан морь худалдаж авдаг бол би нэг ч гэсэн хэцүү амьдралтай хүүхдэд тусалж, олуулаа амьдраад л хамт явсан. Би энэ тухай нэг их дэлгэрүүлж ярьдаггүй юм. Хүүхдүүдийн хувьд өөрсдөө ажил, амьдралтай болсон учраас амьдралаа бусдад дэлгэж, ярих бодолгүй шаардлагагүй байж болно шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдийн минь амьдралыг улс төртэй холбож, муухай хэрэгт оруулж байгаа нь ор үндэслэлгүй шүү.
Манай хүүхдүүд гадагшаа чөлөөтэй явах боломжтой шүү дээ. Зарим хүүхдүүд маань Япон, Энэтхэг улсад сурч ажиллаж байсан. Хамгийн бага нь 20 настай, том нь 27, 28 настай айлын аав, ээж болцгоож байна. Бид маш олон ачтай болж байна.
Хувь заяагаар холбогдсон хүүхдүүддээ болж өгвөл дэмжлэг үзүүлэхийг боддог. Манай эхнэр хүүхдүүдтэйгээ байнгын холбоотой байдаг.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эх орондоо шилжүүлэхдээ хууль зөрчөөгүй
"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь гэж байгаагүй. ОХУ-ийн өмчлөлд байсан 49 хувийг л Монголд авч ирж байгаа. Тэрнээс хойш, тэрнээс өмнө нь ч тийм том хэмжээний хувь Монголд ирээгүй. Энэ 49 хувь Монголд ирснээр "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь Монголын өмч боллоо. Тухайн үед би "Эрдэнэт" үйлдвэр 30 жил ажиллах нөөцтэй, цаашдаа хаалтын гэрээ хийж, энэ үйлдвэр хаагдвал үйлдвэрээ дагасан хотыг яаж авч явах вэ гэдэг асуудал үүсэх нь ээ, тиймээс энэ асуудалд тэр улсынх нь Засгийн газар болон парламент анхаарч, хууль гаргадаг. Надад бол ийм ойлголт байсан.
Хоёрт, бидний хувьд "Эрдэнэт" үйлдвэр сайн ажиллаад явах ёстой. Нэгэнт айлын талд байгаа хувь нь ирэх боломж гарч байгаа бол тэр хувиа өөрийнхөө нутагтаа авах нь зөв шүү дээ. Тэгэхээр бид үйлдвэр сайн ажиллаж байгаа гэж ярихгүй шүү дээ. Ер нь энэ үйлдвэрийн нөөц дуусч, хаагдах гэж байгаа. Нөөц нь дуусч байгаа. Одоо бол энэ үйлдвэр ачаа болох учраас Монгол Улс энэ үйлдвэрээ өөрөө авч явъя гэсэн. 1978 оноос хойш "Эрдэнэт" үйлдвэр улсыг авч явлаа. Энэ үйлдвэрийг авч явж байгаа нь тэнд ажиллаж буй хүмүүсийн ач гавьяа.
Энэ үйлдвэрийн 49 хувийг эх орондоо шилжүүлэхдээ огт хууль зөрчөөгүй. Бүр 2016 онд шийдвэр нь гарахаас өмнө 2014 онд УИХ дээр ТӨБЗГ-аас ОХУ-ын талтай яриад, 49 хувийн асуудлыг шийдэх боломжтой гээд УИХ-ын тогтоол гарсан байдаг.
УИХ дээр мэдэгдэж, хэлэлцүүлэг өрнөсөн бол манайхан улстөржүүлээд, энэ үйлдвэрийн 49 хувь ирэх байтугай алга болсон байгаа.
Тэр үед Казахстан, БНХАУ-ын талаас энэ үйлдвэрийг асар ихээр сонирхож байсан. Хувийн хэвшлийн байгууллагууд ОХУ-ын талтай удаан хугацаанд яриа хэлэлцээр хийсэн юм билээ. Бүр 1990 оны үед "Эрдэнэт" үйлдвэр маш муу ажиллаж байна, түүхий эд ОХУ руу асар бага үнээр гарч байна, эх орондоо татвар төлөхгүй байна. Тиймээс татвараараа тооцвол ОХУ-д байгаа "Эрдэнэт" үйлдвэрийн хувь Монголд ирэх боломжтой гэдэг судалгааг 1990-ээд онд гаргаж байсан. Миний өдрийн тэмдэглэлд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авах талаар тэнд ажиллаж байгаа инженерүүд судалж, ажиллаж байна гэсэн тэмдэглэл бий. Тэгэхээр энэ бол тухайн үед гэнэт гарч ирсэн асуудал биш.
"Ачит-Ихт" компанийн үүсгэн байгуулагч П.Цагаантай ямар ч оролцоо, холбоогүй байхгүй. Зарим нь бид хоёрын вайберт бичсэн зүйл ил боллоо гэж цацаж байна.
Ер нь манай хуулийн байгууллага ийм маягаар хэрэг зохиож, бичлэг үзүүлж, ард түмний тархийг угаахад оролцоно гэдэг бол асар харамсалтай зүйл.
Мэдээж 2024 оны сонгууль угтаж, намайг харлуулах гэж оролдож байгаа нь улс төрд хэрэгтэй байсан байх. Ер нь Монголын улс төрд "цахилгаан цулам" буюу "тролл" үржүүлдэг, тэжээдэг, мөнгө хаядаг систем бий болсон байна. Энэ уур амьсгалаараа дамжуулан том асуудал ярихаа бядгүй болсон. Тухайн үед хамгийн удаан жил буюу таван жил гаруй ажилласан Ерөнхий сайд энэ үйл ажиллагааг явууллаа. Тэр үед Монгол Улс мөнгөөр хахаж, цацаж байсан. Алт, зэсийн үнэ 3 дахин нэмэгдсэн байсан үе тэр үед 70 их наядаар нь хулгайлж, хилийн гадна болон дотоодын хөрш орнуудад завшуулсан байна.
Жишээлбэл, ОХУ-д өөрийнхөө нүүрсийг төмөр зам барьж, зөөснөөс тэрбумтнууд төрөн гарч байна. Монголын нүүрс хилээр гарч, БНХАУ-д тэрэн дээр ажиллаад тэрбумтнууд төрж байна.
Ийм юмаар улс төр хийдэг, цахим сошиал орчинд толгой нь эргэсэн мэт хөтлөгдөж явдаг зүйлд бүгдээрээ уусч орсон байна. Муу зүйлээр хүмүүсийн тархийг угаадаг боллоо. Монгол Улсын жирийн иргэд дунд муу зүйл огт ярихгүй байна. Гэхдээ "цахим шулмыг" хэдэн мянгаар нь үржүүлж, цаана нь алгоритм зохиож хараал урсгах улс төр хийдэг болсон байна.
Монголын төсөв, төр шүдтэй тулам шиг болчихлоо. Ард иргэдийнхээ илүү гарсныг хүмүүсийн хийснийг сорж авдаг.
Хэдэн жилийн өмнө 200 мянган төгрөгөөр долоо хоногийн хүнсээ цуглуулдаг байсан бол одоо 500 мянган төгрөг чадахгүй болжээ гэж хэлж байна. Ингэтлээ амьжиргаа доройтсон байна. Монголын төр идэж уух, системийг бий болгож, хүмүүсийн тархийг угаадаг болсны нэг төлөөлөгч нь би болгож намайг оруулдаг. Намайг өнөөдөр яриулахгүй гэж үхэж, сүнс нь төөрөлдөж байдаг юм.
Би ерөнхийлөгчийн албыг 2 удаа ажиллаж ард түмний дэмжлэгээр явсан. Би улс төрийн албан тушаалтан биш. Миний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Тэр үед "Ийгл" телевизтэй хамтран гурван сар тайлангаа тавьж байсан. Тэгэхэд миний хийсэн ажлууд 10 онооноос 8-9 оноотой гарч байлаа. Би хувьдаа УИХ гишүүн, Засгийн газрын сайдаар ажиллахдаа хийсэн ажлаа тайлагнадаг байх ёстой. Эх орондоо ирэхэд маш сайхан байна. Улс төр цахим орчинд ёс бус үйл ажиллагаа явуулдаг, тэр улсуудын нөлөөллөөр улс төр нь явах гээд байдаг хэлбэр рүү явдаг болжээ. Монголын төрийн хүнд суртлыг 5-6 дахин нэмсэн байна. Багш, эмч нарын цалин 5, 6 дахин нэмэгдээгүй. Улстөрч, албан тушаалтнуудын гэр бүл монголыг баллаж, тэдний гэр бүл л баян байна. Тэд өөрсдийгөө мундаг улс төр хийж байна хэлж, үнэлж байна" гэв.