
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ. Сэтгүүлийн 686 дахь дугаарт багтсан онцлох нийтлэлүүдээс танилцуулъя.
НЭГ. ГАХАЙ ГАХАЙГААРАА ҮЛДЭХ НЬ
Монголын нийгмийг ёс суртахуун лав удирдахгүй байна. Олон нийтийн сүлжээнд өрнөж буй талцал хуваагдал, гүжир гүтгэлгээс харахад ёс суртахууны хэлтэрхий ч хайх хэрэг алга. Улстөрчдийн тухайд байдал бүр ч дор орсон. Тэдэнд ёс суртахуун гэж алга, нэмээд тэдний өмнө хууль нь өөрөө хүчгүйдэж байна. Гишүүний халдашгүй дархан эрх хэмээх УИХ-ын тухай хуульд суусан заалт тэднийг Жорж Оруэлийн “Амьтны ферм”-ийн “Бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ гахай илүү эрхтэй” гэдэг шиг болгож орхижээ. “Гахай”-нууд яаж ч болно. Угаасаа Монголын хууль нь тийм юм. Тэд өсвөр насны охиноо сууж буй сандалтай нь арагш савж унагаад цохиж, занчиж болно. Хуулиараа тэд буруудахгүй. Эсвэл Хан Уул дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргавал зүгээр л өнгөрнө. Хууль нь тийм юм л даа. Аль эсвэл хэн нэгэн эмэгтэй рүү ичимдэг эрхтнийхээ зургийг чатаар шидэж, бэлгийн дарамт үзүүлсэн ч яах ч үгүй. Хуулиараа тэднийг буруутгаж болохгүй. Бүр бэлгийн дарамтад нь өртсөн эмэгтэйчүүд нь “Ме тоо” шахуу хөдөлгөөн өрнүүлсэн ч гишүүн учраас хуулиараа тэд хамгаалагдаж, намаасаа туугдаад л болоо. Ноцтой, ноцтой иймэрхүү хэргүүдээс гадна Төрийн ордонд нэгнийгээ “салхилуулж унагах”, аль эсвэл 00 ороод ирсэн хотын орлогчийг хальт цохих, нэгнийхээ нүдэнд “тень” тавих, Шангрилагийн бааранд бусадтай зодолдох, олон нийтийн сүлжээгээр эрүүл галзуу нь мэдэгдэхгүй бусдыг гутаан доромжлох зэрэгт тэд ял зэм сонсохгүй. Яагаад гэвэл хуулиар тэд хамгаалагдсан юм.
Нийтлэлч Ч.Анарын "Гахай" нийтлэлээс
ХОЁР. ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ЗӨВХӨН АВТОМАШИНТАЙ ӨРХИЙН АСУУДАЛ БИШ
Монголын эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өссөн ч уг өсөлт өрх бүрийн амьжиргаанд ижил хэмжээгээр хүрч эергээр нөлөөлсөнгүй. Олон улсын валютын сан (ОУВС)-гийн аравдугаар сарын үнэлгээгээр эдийн засгийн өсөлтийг уул уурхайн үйлдвэрлэл, зэсийн олборлолт голлон дэмжжээ. Харин есдүгээр сард инфляц 12.9 хувьд хүрч, хүнсний үнийн өсөлт болон шатахууны нийлүүлэлтийн тасалдал өрхийн худалдан авах чадварт дарамт учруулж байгааг тус сан анхааруулсан юм.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн есдүгээр сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өсжээ. Монголын нөхцөлд үнийн өсөлтийн нөлөөг хүнсний бүлгийн үзүүлэлт тодхон харуулдаг. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 20.8 хувиар нэмэгдсэн нь ерөнхий инфляцаас үлэмж өндөр үзүүлэлт байв. Мах, махан бүтээгдэхүүний үнэ жилийн дүнгээр 46.9 хувиар өссөн төдийгүй тээврийн үйлчилгээний үнийн өсөлт ч инфляцад мэдэгдэхүйц нөлөөлжээ.
Эдгээр үзүүлэлт нь зөвхөн үнийн ерөнхий түвшин нэмэгдсэнийг бус, өрхийн өдөр тутмын зайлшгүй хэрэглээний зардалд хүчтэй дарамт үүссэнийг харуулж буй.
Л.Эрдэнэжаргал "Өртгийн хямрал хийгээд ОУВС-гийн аргачлал" нийтлэлээс
ГУРАВ. УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ
Улс төрийн намын тухай хуулийг 2023 оны долоодугаар сард шинэчлэн баталсан. Ингэхдээ хэтэрхий зоргоор явж ирсэн намуудын үйл ажиллагааг цэгцлэх, хянах, хууль зөрчсөн нөхцөлд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, орлогоо байнга ил тод тайлагнадаг байх, үүнтэй уялдуулан төрөөс олгох санхүүжилтийг шийдэх зэрэг зохицуулалт оруулсан юм. Судлаач нар эл хуулийг олон дэвшилтэд заалттай болсон хэмээн дүгнэдэг. Харин улстөрчид баталсан хуулийнхаа зарим заалтад сэтгэл дундуур байгаа аж. Учир нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан өргөн барьсан юм. Тиймээс өмнөх парламентын бүрэлдэхүүн зарим заалтыг нь батлахдаа тун “дургүй” байжээ. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Р.Эрдэнэбүрэн нар тус тусдаа энэхүү хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, олон нийтээс санал авч буй. АН, МАН-ынхан нэг нэг төлөөлөл сонгон, Төрийн тэргүүний санаачлан батлуулсан эл төслийн өөрсдөд нь “харш” зарим заалтыг өөрчлөхийг оролдож байгаа бололтой юм. Тэдний төсөлд нэг ижил агуулга бий нь хуулийн 26.7-д “Нам хуулийн 26.1-д заасан орлогыг зөвхөн нэг банкны дансаар хүлээн авах бөгөөд өөр харилцах данстай байхыг хориглоно” хэмээх заалттай холбоотой.
Нийтлэлч С.Туулын "Улс төрийн намуудын назгайрах хүсэл" нийтлэлээс
ДӨРӨВ. ХИЛ, ХЭЛ, МАЛ
Улсынхаа дархан хилийг манах, улс орноо хамгаалах ирээдүйн эзэд болсон залуус цэрэгт яваад гэртээ буцаж ирсэнгүй. Үүний нөлөөгөөр эцэг, эхчүүд хүүгээ цэргийн албанд явуулахаас татгалзах болов.
Хилээ манаж байгаа эрс нь эх орноо хайрласангүй. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Нөмрөгийн дархан цаазат газарт дур зоргоор нь нэвтрүүлсэн хүмүүсээс болж тусгаар тогтносон Монгол Улсын хилийн зурвас түймрийн голомт болж, Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь шатав. Түймэр тавьсан хэргийн эздийн улсынх нь нийслэл Токио хотын газар нутгаас хоёр дахин том гэхээр ямар хэмжээний түймэр дэгдсэн нь ойлгогдоно. Энэ бол зүгээр нэг газар шатсан хэрэг биш. Монгол орны унаган байгаль, ховор амьтан, ургамал, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой байгалийн баялаг сүйдсэн ноцтой асуудал. Тэнд байсан ховор ан амьтад үхэж үрэгдэж, үлдсэн хэд нь урд хөрш руу буцаж ирэхгүйгээр амь зулбан зугтлаа.
Нийтлэлч С.Шийлэгтөмөрийн "Хил манах хүн алга" нийтлэлээс
ТАВ. СЭТГЭЛИЙН ОРОН
Саатан жаргаж, санан гансрахын зовлонд гацсан амьдрал. Туулж гарах нь жам гэхээс өөр туйлбартай үгийг мэргэдийн номоос ч үзсэн чинээгүй. Өглөө мандах нар, үдэш ургах сарнаар хүртэл ахуйн дарамтаасаа өндийж чадаагүй тавилан. Үнэндээ жамынх нь тухай эргэцүүлвээс хүн, малын ялгал гэж үгүй тийм л заяа төөрөг. Зурсан тавилангаараа л болдог учиртай гэхээс өөр тайтгаруулах үгийг сонссон удаагүй.
Хүмүүст мартагдах туйлын хүслээ гүйцэлдүүлнэ гэвээс цахим хуудсаа “delete” хийхэд л хангалттай цаг үе. Тоймгүй олон ертөнцийн дунд ийм л өчүүхэн дүрс төдий, бид. Мөлхөж дадсан аж төрөхүйгээ босгож мөнхрөхийн дайтай ирээдүйг төсөөлнө. Сарвайснаа авах гэж зүтгэдэг хүслээ хазаарлаж дийлээгүй хүн гэгч санаснаа гүйцээнэ гэдэг өдий. Утга учрыг нь ойлгох гэж зүдсэн ч угтаа ертөнц өөрөө хаос. Урд хормойгоо хойдохоороо нөхөж яваа нь үнэн энэ нийгмийн бооцоонд үр хүүхдийнхээ мөрөөдлийг хүртэл тавиад туучихсан бидэнд хөгжлийн тухай яриа бол хөөс.
Нийтлэлч Б.Алтанхуягийн "Нийгмийн хөрөг" нийтлэлээс
ЗУРГАА. ХҮН БҮТЭЭСЭН ГЭХ ШОШГО
Хэдхэн үг бичихэд л рекламын зураг бэлэн болж, санаагаа тайлбарлахад видео, дуу, дүрс бүтээх боломжтой болсон энэ үед зарим брэнд эсрэгээрээ хиймэл оюунаас татгалзаж зөвхөн хүний оролцоо, дүр төрхийг онцлох болжээ. Энэхүү давлагааг сүүлийн саруудад “Anti-AI Marketing” буюу хиймэл оюун ухаанд суурилсан маркетингийн эсрэг чиг хандлага хэмээн нэрлэх болсон. Энэ нь тухайн брэнд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл контентыг бүтээхдээ хиймэл оюун ухаан (AI) ашиглаагүй, зөвхөн хүний гараар, хүний оюун ухаанаар бүтээсэн гэдгийг гол давуу тал болгон сурталчлах маркетингийн шинэ стратеги аж.
Нийтлэлч И.Сарангоогийн "Төгсөөс төсөөрөх давлагаа" нийтлэлээс
ДОЛОО. ИНЭЭМТГИЙ ХҮН
Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романы гол дүр болох Гуинплен хэмээх хүү багадаа харгис хүмүүсийн гарт орж, зэрэмдэглүүлсэн агаад төрх нь насан туршаа инээмсэглэж байгаа хүний баг өмссөн мэт болдог. Тэрээр амьдралын хахир хатууд өлөн зэлмүүн торниж, үзэсгэлэнтэй хэдий ч сохор Дея хэмээх охин болон түүнийг асран хамгаалагч Урсус нартай учирснаар анх удаа гэр бүл, хайр энэрлийг үнэ цэнийг ухамсралдаг. Эл ухамсар түүнийг ямагт хүн байлгаж, тэр л чанар нь сэтгэм шимширмээр өгүүлэмж рүү уншигчдыг хөтөлнө. Хүн байна гэдэг асар их шаналал, гуниг тээж явах төөрөг. Их, бага хэмжээний талаар эс хөндөгдөх аваас цөм ялгаагүй. Гуинплен харин үүний бодит жишээ. Хожим түүний гарал үүсэл ил болж, язгууртны нийгэмд хөл тавих боломж үүдэх ч энэ бүхэн түүний аж төрөхүйд аз жаргалыг цогцлоох уу? Энэ л зохиолын гол зөрчил.
Нийтлэлч Б.Алтанхуягийн "Сүлэлдээн" нийтлэлээс
НАЙМ. ОЮУТНЫ УНИВЕРСИАД НААДАМ
2027 он бол олимп угтсан жил. Тиймээс спортын үйл явдлын голлох тэмцээн уралдаан олны анхааралд байсаар байна. Өвлийн спортын наадмууд тухайн оны тэмцээний эхлэлийг тавьдаг уламжлалтай. 2027 оны эхэнд дэлхийн оюутан залуусын түүх манай урд хөршид бичигдэнэ. Залуучуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, улс хоорондын хөгжлийн түвшинг харуулж, спортоор дамжуулан залуу үеийн нөхөрлөлийг тэлсэн оюутны универсиад наадам одооноос анхаарлын төвд орж ирлээ.
Олон улсын оюутны спортын холбооноос хоёр жил тутамд өвлийн наадмыг зохион байгуулдаг болсон. Хамгийн сүүлийн наадам 2025 онд Итали улсын Турин хотод болоход 57 орны оюутан залуус хуран цуглаж, шилдгүүдээ тодруулж байв. Тэгвэл ердөө 70 хоногийн дараа Ази тивд дэлхийн оюутан тамирчид цугларч XXXIII Универсиадын аваргуудаа тодруулах юм. Энэ наадам БНХАУ-ын Жилин мужийн Чанчунь хотод 2027 оны нэгдүгээр сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 12 спортын төрлөөр явагдах наадмын хөтөлбөрт уулын цана, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, фристайл, сноуборд, тэшүүр, шорт-трек, хоккей болон спортын орон зайн баримжаалах төрөл, цанат уулын спорт багтаж буй. Харин энэ жилээс анх удаа хөнгөн атлетикийн кросс гүйлт Универсиад наадмын хөтөлбөрт багтаж, анхны аваргууд Чанчуньд тодрохоор болсон байна. XXXIII Универсиад наадамд Монгол Улсаас долоон спортын төрөлд 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аж.
Нийтлэлч Ч.Болорчулууны "Чанчуньд бичигдэх өвлийн спортын түүх" нийтлэлээс
ЕС. ИРЭЭДҮЙГ ӨНГӨРСНӨӨС ХАЙХ НЬ
Маогийн нас барсны 50 жилийн ойг Хятадын эрх баригчид сүр дуулиантай тэмдэглээгүй. Гэвч түүний нэр хүнд залуусын дунд эргэн сэргэж буйг анзааралгүй өнгөрөх аргагүй. Цахим орчинд Маогийн илтгэл, түүхэн дүрс бичлэгүүд сая сая үзэлт цуглуулж, бүтээлүүд нь их сургуулийн номын сангийн хамгийн эрэлттэй номын тоонд багтаж байна. Залуус түүний үзэл санааг хэлэлцэх цахим бүлгүүд байгуулж, зарим нь амьдралд тулгарсан асуудлаа шийдэх арга замыг Маогийн бүтээлээс хайх болжээ.
Хятадын YouTube гэгддэг Bilibili платформд “Мао Зэдун” эсвэл “Багш” хэмээн хайхад түүний амьдрал, улс төрийн үйл ажиллагааг харуулсан олон арван бичлэг гарч ирнэ. Эдгээрийг үзэгчдийн дийлэнх нь Маог нас барснаас олон жилийн дараа төрсөн залуус. Bilibili-ийн хэрэглэгчдийн бараг 60 хувь нь 18-24 насныхан бөгөөд Маогийн тухай зарим бичлэг хэдэн сая үзэлт, хэдэн арван мянган сэтгэгдэлтэй болжээ.
Нийтлэлч С.Лхагвасүрэнгийн “Дахин төрсөн” Мао нийтлэлээс