
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үйл ажиллагааг дэмжих иргэдийн хувь 32 болж, өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн түүхэн доод түвшнээс нэг нэгж хувиар өссөнийг даваа гарагт дууссан Reuters/Ipsos-ийн санал асуулга харуулжээ. Энэхүү судалгааг Конгрессын хяналтыг аль нам авахыг шийдэх арваннэгдүгээр сарын 3-ны завсрын сонгуулийн өмнө явуулсан юм.
Трампын харьяалагддаг Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхим болон Сенат дахь олонхын байр сууриа хадгалж үлдэхийн төлөө өрсөлдөж байна.
Улсын хэмжээнд таван өдрийн турш явуулсан санал асуулгаар бүртгэлтэй сонгогчдын 47 хувь нь Конгрессын сонгуульд Ардчилсан намыг, 36 хувь нь Бүгд найрамдах намыг дэмжихээ илэрхийлжээ. Харин 11 хувь нь сонгууль өнөөдөр болбол аль намд саналаа өгөхөө мэдэхгүй байгаагаа хэлсэн байна.
Сүүлийн судалгаагаар шийдвэрээ гаргаагүй сонгогчдоос аль намыг дэмжих хандлагатай байгааг нь нэмж тодруулжээ. Тэдний хариултыг тооцож үзвэл улсын хэмжээнд хоёр намын өрсөлдөөн харьцангуй ойртож, Ардчилсан нам 50, Бүгд найрамдах нам 41 хувийн дэмжлэгтэй буюу есөн нэгж хувийн зөрүүтэй байна.
Хэрэв Бүгд найрамдах нам Конгрессын хоёр танхимын аль нэг дэх олонхын байр сууриа алдвал Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацааны сүүлийн хоёр жилд Трампын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч болзошгүй.
Конгрессын сонгуульд аль намыг дэмжихийг тодруулдаг ерөнхий санал асуулга нь иргэд Конгрессын хяналтыг аль намд өгөхийг хүсэж байгааг улсын хэмжээнд харуулдаг.
Гэхдээ ийм судалгаа нь Сенат болон Төлөөлөгчдийн танхимын хяналтыг шийдвэрлэх муж, тойрог тус бүрийн сонгуулийн онцлогийг бүрэн тусгаж чаддаггүй. Түүнчлэн эдгээр сонгуулийн тогтолцооны зарим онцлог Бүгд найрамдах намд давуу байдал олгодог байна.
Ардчилсан нам Сенатад олонх болохын тулд илүү хүнд өрсөлдөөнтэй тулгарна
Улс төрийн шинжээчид Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болох боломж өндөр гэж үзэж байгаа ч Сенатын хяналтыг авахад илүү хүнд сорилт тулгарна гэж дүгнэжээ.
Гэхдээ сонгогчдын хэд нь бодитоор саналаа өгөх нь тодорхойгүй хэвээр байна. Санал өгөх магадлал хамгийн өндөр гэж тооцогдсон сонгогчдын дунд ч Ардчилсан нам 53, Бүгд найрамдах нам 44 хувийн дэмжлэгтэй буюу есөн нэгж хувиар тэргүүлжээ.
Конгрессын хяналтын төлөөх өрсөлдөөнд инфляцын талаарх иргэдийн үнэлэмж голлох нөлөө үзүүлж байгаа бололтой. Трамп хоёрдугаар сард Ираны эсрэг цэргийн цохилт өгөх тушаал гаргаснаас хойш шатахууны үнэ өсөж, инфляц эрчимжсэн. Санал асуулгад оролцсон сонгогчдын 73 хувь нь амьжиргааны өртөг буруу чиглэлд өөрчлөгдөж байна гэж хариулжээ.
Дайн эхлэхээс өмнө Reuters/Ipsos-ийн судалгаануудад АНУ-ын эдийн засгийг удирдах тал дээр Бүгд найрамдах намыг Ардчилсан намаас илүү гэж үздэг байв.
Харин хамгийн сүүлийн санал асуулгаар сонгогчдын 37 хувь нь Ардчилсан нам эдийн засгийн асуудалд илүү зөв бодлого баримталдаг гэж үзсэн бол 33 хувь нь Бүгд найрамдах намыг сонгожээ.
Reuters/Ipsos-ийн энэхүү санал асуулгыг цахимаар явуулж, АНУ-ын насанд хүрсэн 1679 иргэнийг хамруулжээ. Тэдний 1280 нь сонгогчдын бүртгэлд бүртгэлтэй хүмүүс байв.
Судалгааны алдааны хязгаар нийт насанд хүрэгчдийн хувьд ±2 нэгж хувь, бүртгэлтэй сонгогчдын хувьд ±3 нэгж хувь байна.