
Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээвэрлэгч Korean Air тийзний шатахууны үнийн огцом өсөлтийн нөлөөг саармагжуулах зорилгоор “онцгой удирдлагын горим”-д шилжиж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь АНУ–Израилийн Ираны эсрэг хийж буй дайны улмаас дэлхийн эдийн засаг доргиж буйтай холбоотой юм.
Тус компанийн төлөөлөгч “компанийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд дотоод зардал бууруулах арга хэмжээ хэрэгжүүлнэ” гэж хэлжээ.
Энэ нь Ираны дайны эдийн засгийн нөлөөллийг даван туулахын тулд арга хэмжээ авч буй Азийн агаарын тээврийн компаниудын хамгийн сүүлийн жишээ болж байна.
Дайн эхэлсэн хоёрдугаар сарын 28-наас хойш түүхий нефтийн үнэ 50 гаруй хувиар өссөн бол дэлхийн хэмжээнд онгоцны шатахууны үнэ хоёр дахин нэмэгдээд байна.
PwC Сингапур зөвлөх компанийн шинжээч Тан Чи Сян хэлэхдээ, ийм төрлийн онцгой арга хэмжээг агаарын тээврийн компаниуд өмнө нь Ковид -19 цар тахлын үеэр мөн ашиглаж байсан гэжээ. Түүний хэлснээр Азийн компаниуд “давхар цохилт”-д өртөөд байгаа бөгөөд энэ нь дэлхийн нефтийн үнийн өсөлт болон бүс нутгийн шатахууны хомсдол юм.

Азийн улсууд ямар арга хэмжээ авч байна вэ?
Өмнөд Солонгос улс Персийн булангаас нефть их хэмжээгээр импортолдог тул эрчим хүчний нийлүүлэлт тасалдахад онцгой эмзэг байдаг. Сүүлийн өдрүүдэд Korean Air, Asiana Airlines, Air Busan зэрэг хэд хэдэн агаарын тээвэрлэгч онцгой горимд шилжээд байна.
Эдгээр арга хэмжээнд хөрөнгө оруулалт хойшлуулах, зардал танах зэрэг дотоод шийдвэрүүд багтдаг бөгөөд зарим компани нислэгийн тоог бууруулах боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Korean Air компанийн дэд дарга Ү Ки-хонг ажилтнууддаа илгээсэн санамж бичигтээ шатахууны зардал огцом өсөхөд бэлтгэж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр эдгээр арга хэмжээ нь “нэг удаагийн” биш, харин компанийн бүтцийн суурийг бэхжүүлэх зорилготой гэж онцолжээ.
Эх газрын Хятад ба Хонг Конг
Дэлхийн хамгийн том нефть импортлогч Хятад улс эрчим хүчний үнийн хэлбэлзэлд эмзэг хэвээр байна.
China Eastern Airlines компани геополитикийн зөрчил, дайн нь энэ жилийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж анхааруулжээ. Ираны дайн эхэлснээс хойш Хятадын олон агаарын тээвэрлэгч шатахууны нэмэлт төлбөрийг өсгөсөн байна.
Мөн дотоодын үнийг тогтворжуулахын тулд нефть боловсруулах үйлдвэрүүдэд экспорт зогсоох чиглэл өгсөн талаар мэдээлжээ.
Хонконгод Cathay Pacific бүх нислэгт шатахууны нэмэлт хураамж нэмж, тийзний үнэ огцом өссөн байна.
Япон
Япон улс нь олон улсын тээврийн төв бөгөөд онгоцны эд анги үйлдвэрлэлийн томоохон улс юм. All Nippon Airways дөрөв, тавдугаар сард олгогдох тасалбарын шатахууны нэмэгдлийг өсгөхгүй гэж мэдэгджээ.
Тус компани урьдчилан шатахууны үнэ тохиролцсон нөлөө одоогоор “хязгаарлагдмал” байна гэж тайлбарласан.
Japan Airlines шатахууны хомсдолтой холбоотой тодорхой арга хэмжээ хараахан аваагүй байна. Гэхдээ Ойрхи Дорнодын чиглэл хаагдсанаас шалтгаалан Европ руу чиглэсэн нислэгийн эрэлт нэмэгдэж, үнэ өссөн байна.
Энэтхэг
Энэтхэгийн агаарын салбар Ойрхи Дорнод руу чиглэсэн нислэгүүд цуцлагдсанаас ихээхэн хохирол амсаж байна.
Гэсэн хэдий ч эрэлт хэвээр байгаа тул Air India шинэ нислэгийн хуваарийг өдөр бүр шинэчилж байна. Энэтхэгийн иргэний нисэхийн байгууллага дотоодын нислэг энэ оны гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл 10 орчим хувиар буурна гэж таамаглажээ.
Гуравдугаар сарын 23-нд засгийн газар тийзний үнийн дээд хязгаарыг түр цуцалж, компаниудад үнийг нэмэх боломж олгосон. Мөн Энэтхэгийн компаниуд Пакистаны агаарын орон зайг ашиглахыг хориглосон шийдвэрийн улмаас нэмэлт хүндрэлтэй тулгарч байгаа юм.
Сингапур
Singapore Airlines болон түүний хямд өртөгтэй охин компани Scoot шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан тийзний үнийг нэмэгдүүлжээ. Шатахуун нь компанийн нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг хамгийн том зардал хэвээр байна. Гэсэн ч үнийн өсөлт нь бүх зардлыг бүрэн нөхөхгүй гэж компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Сингапурын иргэний нисэхийн байгууллага 2026 оны дөрөвдүгээр сараас хэрэгжих байсан “ногоон шатахууны татвар”-ыг хойшлуулжээ. Энэ татвар нь сэргээгдэх эх үүсвэрээс гаргаж авсан тогтвортой шатахууны хэрэглээг дэмжих зорилготой байсан юм.
Бусад орнуудын арга хэмжээ
Филиппин улс гуравдугаар сарын 24-нд дэлхийд анх удаа “эрчим хүчний онцгой байдал” зарласан байна. Ерөнхийлөгч Фердинанд Маркос шатахууны хомсдлоос болж онгоцууд газардаж болзошгүй гэж анхааруулжээ.
Харин Вьетнам улс шатахууны нийлүүлэлт саатсанаас дөрөвдүгээр сараас хомсдол үүсэж болзошгүй хэмээн мэдэгдэж, Vietnam Airlines зарим дотоод нислэгээ цуцалсан байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар томоохон агаарын тээвэрлэгчид нөхцөл байдлыг даван туулах илүү боломжтой байдаг. Жишээлбэл Singapore Airlines Лондон руу хийдэг нислэгээ нэмэгдүүлсэн бол Qantas Airways Европ руу чиглэсэн нислэгээ нэмэгдүүлжээ.
Харин нөгөө талд Jetstar зэрэг жижиг компаниуд нислэгээ танахад хүрч байна.
Alton Aviation Consultancy-ийн шинжээч Брайан Терри хэлэхдээ, хуучин онгоц ашигладаг жижиг компаниуд шатахуунд илүү их өртдөг тул хамгийн их дарамтанд орж байна гэжээ. “Тэдэнд хямралыг даван туулахад ашиглах боломжит арга хэрэгсэл цөөн байна” гэдгийг ч мөн онцолсон байна.