
Хятад дахь нөлөө бүхий протестант шашны сүмийн мэдээлснээр эрх баригчид тус сүмийн хоёр удирдагчийг саатуулж, олон арван мөргөлчдийг, тэр дундаа хүүхдүүдийг байцаалтад хамруулжээ.
Эрт Борооны Гэрээт Сүм (Early Rain Covenant Church)-ийн даваа гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, мөргөлчид ням гаргийн мөргөлөө үйлдэж байх үед зэвсэглэсэн цагдаа нар баруун өмнөд нутгийн Жиангю хот дахь цуглааны танхим руу дайран орсон байна.
2008 онд Чэнду хотод байгуулагдсан тус сүм шашны үйл ажиллагаанд хатуу хяналт тавьдаг Хятадын Коммунист намын анхаарлын төвд удаан хугацаанд байсаар иржээ.
Сүмийг үүсгэн байгуулагч пастор Ван И 2018 оны арванхоёрдугаар сард хийсэн нэгжлэгийн үеэр баривчлагджээ. Ван И “төрийн эрх мэдлийг эсэргүүцэн турхирсан” болон “хууль бус бизнесийн ажиллагаа явуулсан” гэх үндэслэлээр есөн жилийн хорих ял эдэлж байна.
Ням гарагт саатуулагдсан хоёр удирдагч болох Ян Хон, Ву Вучиныг ямар үндэслэлээр баривчилсан нь одоогоор тодорхойгүй байгаа гэж сүмийн Телеграм хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Хятадын эрх баригчид энэ мэдэгдэлд одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Сүмийн нийтэлсэн гэрэл зураг, дүрс бичлэгүүдэд зочид буудлын хурлын танхимд сууж буй мөргөлчдийг тусгай ажиллагааны (SWAT) цагдаа нар бүсэлсэн байдал харагджээ.
Гишүүдийн тоолсноор нэгжлэгийн үеэр 50 цагдаа байсан гэнэ.
Сүмийн мэдээлснээр 30 гаруй гишүүн, удирдагчийг хэд хэдэн цагдаагийн автомашинд хүчээр суулган авч явж, Жянъёугийн саатуулах төвд байцаасан аж.
Мэдэгдэлд “Тэд байцаалтын туршид хоорондоо нөхөрлөж, магтуу дуулж, залбирсаар байсан. Мөн ихэнх нь суллагдсан” гэжээ.
Үлдсэн мөргөлчид, тэдний дотор өндөр настан болон хүүхдүүдийг хурлын танхимд байлгаж, биеийн байцаалтыг нь шалгасан байна. Нийтлэгдсэн дүрс бичлэгүүдэд энгийн хувцастай нэгэн албан хаагч тайзан дээр гарч тэднийг зогсохыг шаардаж байхад мөргөлчид дуулсаар байгаа нь харагджээ.
Сүмийн мэдээлснээр эрх баригчид танхимд үлдсэн хүмүүсийг суллахын тулд мэдүүлэгт гарын үсэг зурахыг шаардсан боловч уг баримт бичигт юу бичигдсэн байсан талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.
Мөргөлчид гарын үсэг зурахаас татгалзсан бөгөөд эцэст нь оройн 18:00 цагт суллагджээ.
Ян Хун, Ву Вучин нараас бусад байцаалтад аваачигдсан хүмүүс бүгд ням гаргийн 21:00-23:00 цагийн хооронд суллагдсан байна.
Эдгээр хоёр номлогч өмнө нь ч эрх баригчдад саатуулагдаж байсан. Тодруулбал, хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард “хэрүүл өдөөн хатгаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн” гэх үндэслэлээр цагдаад дуудагджээ.
Хятадын эрх баригчдын мэдээлснээр 2018 онд тус улсад 44 сая христийн шашинтан байсан боловч энэ тоонд нууц буюу албан бус сүмүүдийн мөргөлчид багтсан эсэх нь тодорхойгүй. Коммунист нам христийн шашинтнуудад зөвхөн төрөөс зөвшөөрсөн, засгийн газрын баталсан пасторууд удирддаг сүмд харьяалагдах шахалт үзүүлдэг.
Үүний улмаас олон хүн “гэрийн сүм” гэж нэрлэгддэг нууц сүмүүдэд нэгдсэн боловч христийн шашны байгууллагуудын мэдээлснээр сүүлийн жилүүдэд төрийн хяналт эрс чангарч, баривчилгаа улам түгээмэл болжээ.
Шашны хавчлагыг ажигладаг ChinaAid байгууллагын үүсгэн байгуулагч Боб Фу “Энэ удаагийн нэгжлэг нь Хятадын Коммунист нам тайван замаар мөргөл үйлдэх явдлыг төрийн хяналтад заналхийлж буй зүйл гэж үзсээр байгааг дахин харууллаа” гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн оны аравдугаар сард Хятадын хамгийн том нууц сүмүүдийн нэг болох Зион сүмийн 30 удирдагчийг долоон хотод нэгэн зэрэг саатуулсан. Тус сүмийг үүсгэн байгуулагч Эзра Жин хоригдсон хэвээр байгаа юм.