
Аж үйлдвэрийн хувьсгал нь Европын олон улсад ажлын байр хийгээд амьдралын хэм маягийг эрс өөрчилсөн.
Хөдөө аж ахуйгаас хотод төвлөрсөн хөдөлмөр эрхлэлт, ажлын нөхцөл муу, цалин бага, хүүхдийн хөдөлмөр гэхчлэн олон асуудал дагуулсан энэ түүхэн хувьсгал ажилчин ардын нийгмийн хамгааллын хэрэгцээг бий болгожээ. Өвчин, ажилгүйдэл, ажил хийх боломжгүй болсон ахмадуудын амьдрах эрхийг хангах үүднээс дэмжлэг олгох зорилгоор Германы эзэнт улсын анхны канцлер Отто фон Бисмарк нийгмийн даатгалын анхны тогтолцоог зохион байгуулсан нь өнөөгийн халамжийн төрийн эхлэл байсан гэдэг. Зөвхөн ажилчин ангийг хамгаалах анхны санхүүжилтийн тогтолцоо нь дараа нь Британи, Швед, Франц зэрэг улсуудад нэвтэрч уламж сайжран хуульчлагдан хөгжжээ.
First-generation хэмээгддэг халамжийн төрийн энэ тогтолцоо Дэлхийн II дайны үед тохиосон “Их хямрал”-аас улбаалан халамжийн хүрээ нь өргөжиж, төрийн оролцоо нэмэгдсэн байдлаар шинэ шатанд гарчээ. Second-generation үүргээ чамгүй сайн гүйцэтгэж өнөөдөр Европын болон Скандинавын гэсэн онцлогтойгоор хэрэгждэг.
Халамжийн төрийг хамгийн сайн ашигласан улсаар ХБНГУ нэрлэгддэг ч өдгөө тус улс энэ л тогтолцооныхоо төгсгөлтэй нүүр тулж эхэлсэн юм. Герман улс 10 хүрэхгүй жилийн дараа халамжийн тогтолцооноосоо болж төсвийн орон зайгүй болох төлөвтэй байгааг эдийн засагчид анхааруулж эхэлсэн. Гэхдээ айлын хүүхдүүд айхтар учраас өрмийг нь хүртсэн энэ тогтолцоогоо халж, үр ашигтай шинэ тогтолцоог хэдийнэ эрэлхийлж эхэлсэн. Харин бид бусдын сайн жишгийг тэр чигээр нь хуулахдаа хөрсөн дээрээ нэг л буулгаж ашиг шимийг нь ч хүртэж чадалгүй улсаараа “сүйрэх” магадлалтай болжээ.
Монгол Улс Нийгмийн халамжийн бие даасан хуулийг 1995 онд анх батлан хэрэгжүүлж эхэлсэн. Өдгөө манай улсын нийгмийн халамжийн бодлогын хүрээнд нийт 12 багцын 70 гаруй хөтөлбөр хэрэгждэг. УИХ-аас 2026 онд улсын нэгдсэн төсвийн зарлагыг 32.9 их наяд төгрөг байхаар баталсан. Үүний 70 хувь буюу 24.9 их наяд төгрөгийг урсгал зардал, харин урсгал зардлын 9.1 их наяд төгрөг нь нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжид зарцуулагдахаар төлөвлөгджээ.
Нийгмийн халамжийн сангийн зардал 2012 онд 225 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 2.1 их наяд төгрөг болж 12 жилийн хугацаанд 9 дахин, жилд дунджаар 28.4 хувиар өсжээ. Харин нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагсдын тоо давхардсан байдлаар 2012 онд 1.5 сая байсан бол 2023 онд 2.7 сая болж өссөн нь нийт хүн амын 77 хувьтай тэнцэж байна.
Задлавал, 2026 онд нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжид 6.5 их наяд төгрөг, нийгмийн халамжид 2.6 их наяд төгрөг зарцуулна.
Ажилтны цалингийн 11.5 хувь, ажил олгогчоос 12.5 хувиар гэж давхар тооцож Нийгмийн даатгалын шимтгэл хураадаг. Нийгмийн даатгалын сан энэ онд 6.7 их наяд төгрөгийн орлоготой байхаар тооцоолохдоо ажил олгогчдоос 3.2 их наяд төгрөг, ажилчдаас 2.5 их наяд төгрөг цуглуулж, үлдсэн хэсгийг нь төрөөс татаас байдлаар бүрдүүлэх аж. Учир нь Нийгмийн даатгалын сангийн шимтгэл жилээс жилд нэмэгдэж байгаа ч зарцуулалтдаа хүрдэггүй.
Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн хуваарилалт,
- Өндөр настны тэтгэвэрт 4.8 их наяд
- Цэргийн тэтгэвэрт 441.7 тэрбум
- Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэрт 501.6 тэрбум
- Ажилгүйдлийн тэтгэмжид 189.9 тэрбум
- Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөд 33.2 тэрбум
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхийн нийгмийн даатгалын шимтгэлд 13.7 тэрбум
- Жирэмсэн, амаржсан эхийн тэтгэмжид 217.8 тэрбум төгрөг байна.
Харин улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг 20 төрлийн нийгмийн халамжид зориулж 2026 онд 2.6 их наяд төгрөг зарцуулах бөгөөд
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.5 их наяд
- Эхийн алдар одонтой эхчүүдэд 67.6 тэрбум
- Асаргааны тэтгэмжид 279.2 тэрбум
- Насны хишигт 22.8 тэрбум
- 0-3 хүртэлх насны хүүхдийн асаргааны тэтгэмжид 107 тэрбум
- Халамжийн тэтгэвэрт 290 тэрбум
- Амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмжид 99.8 тэрбум
- Жирэмсэн болон хөхүүл эхийн тэтгэмжид 9.7 тэрбум
Эрх баригчид хамжлагуудаа ингэж халамжилж байхад нөгөө талд Дэлхийн банк, ОУВС-гаас нийгмийн халамжийн үр нөлөөг судалж өөрсдийн зүгээс зөвлөмжөө өгч байна.
Учир нь халамжит төрийн бодлого өөрөө эдийн засгийн үр ашиг багатай хэр нь ирээдүйн сөрөг нөлөө ихтэй байгаа юм.
Дэлхийн банкнаас зарим хөтөлбөрийн зориулалт буруу, өргөн тархсан, орлого өндөртэй нийгмийн бүлэг нь хүртэл халамж хүртдэг гэсэн санал, шүүмж хэлдэг бол ОУВС гийн байр суурь эдийн засгийн тогтвортой байдал, төсвийн сахилга баттайгаа уялдуулан нийгмийн халамжаа илүү үр ашигтай, зорилтот болгох чиглэл өгдөг.

Герман улсын хувьд тодорхой хугацаанд халамжийнхаа үр шимийг хүртсэн улс ч гэлээ өдгөө өргөн хүрээг хамарсан халамжийн тогтолцоо нь ДНБ-ий ойролцоогоор 31 хувийг эзэлдэг бөгөөд демографийн хөгшрөлтийн улмаас төсвийн дарамт ихсэж байна. Нас ахих нь нийгмийн зардлыг нэмэгдүүлж, татварын орлогыг бууруулдаг. Засгийн газар богино хугацааны зардлын өсөлтийг 2026 онд 4.5 хувь гэж тооцоолж байгаа хэдий ч, урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд тэтгэвэр болон эрүүл мэндийн тогтолцоогоо шинэчлэх шаардлагатай, эс бөгөөс төсвийн хязгаарлалт ноцтой эрсдэлтэй тулгарч, төсвийн орон зайн хумигдаж буй хамгийн ноцтой аюул юм.
Дээрх графикт улсын төсвийн зарцуулалтыг чөлөөтэй шийдэж болдог (discretionary) хууль, заалтаар заавал төлөх ёстой (legally bound / mandatory) зардлуудад хуваан, нийт зардлын хэдэн хувийг эзэлж байгааг цаг хугацааны явцад (1950–2035) харуулжээ. Товчхондоо цаг хугацаа өнгөрөх тусам улсын төсвийн ихэнх нь заавал төлөх зардал болж, бодлогоор чөлөөтэй өөрчилж болох мөнгөний орон зай буюу төсвийн орон зай улам хумигдаж байна.
Монголд ч энэ аюул нүүрлэх эрсдэлтэй. Монгол Улсын төсвийн нийгмийн халамжийн зардал, нийт төсвийн эзлэх хувь, ДНБ д эзлэх байдлын тухай бодит статистик мэдээлэлд тулгуурлан ОУВС (IMF), Дэлхийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OCED)- ын fiscal space-ыг
Төсвийн орон зай = Нийт төсөв - заавал олгох халамж, тэтгэвэр, эрүүл мэнд гэх мэт зардал гэсэн хувьсагчтайгаар тооцож үзье.
Төсвийн нийт зарлага (ДНБ-д эзлэх хувь) – 2026 онд 32.2%
Нийгмийн халамжийн зардал (ДНБ-д эзлэх хувь) – 2026 онд ~10.8%
ДНБ-ийн өсөлт (өсөлтийн хувь/жил) – Ойролцоогоор 5%
Халамжийн өсөлтийн хувь/жил – 2020–2026 онд ~0.2–0.5% ДНБ д нэмэгддэг гээд ойролцоогоор 0.3% гэж үзвэл
ДНБ-д эзлэх чөлөөт орон зай 21.4%, харин халамжийн зардал ДНБ-д эзлэх хувь жил бүр 0.3%-иар нэмэгддэг гэж тооцвол Монгол Улсын төсвийн орон зай ойролцоогоор 71 жилийн дараа дуусна.

Энэ нь ойролцоогоор тооцсон тооцоолол бөгөөд зөвхөн халамжийн зардлын өсөлтийг авч үзэхэд гарсан тоо бөгөөд татварын орлого нэмэгдэх, нийт төсөв өсөх, бусад зарлага өөрчлөгдөх зэрэг нь үр дүнд шууд нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй.
2017–2019 онд Монгол Улсын нийгмийн халамжийн зардал ДНБ ийн 7.4 орчим хувийг эзэлж байсан. Ковид19 цар тахлын үед (2020 оноос) голчлон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлснээр энэ хувь эрс өсөж ~10.8% болжээ. Энэ өсөлт нь дэлхийн ихэнх адил түвшний орнуудаас их байна. Харин Монгол Улсын нийт төсвийн зарлага ДНБ ийн +30 хувь байсаар ирсэн. 2024-2025 онд төсөлдөө ≈37% байсан ч 2026 онд ~32.2% болсон байна.
Мэдээж, насжилт болон хүн амын “цонх үе” / демографийн бүтэцтэй холбох нь төсвийн орон зайг үнэлэхэд хамгийн чухал хүчин зүйл юм. Ингэхдээ ДНБ д эзлэх халамжийн өсөлт, насжилт, идэвхтэй ажиллах хүн амын хувийг ч нэгтгэж тооцдог.
Энэ аргачлалын үндсэн санаа нь
Төсвийн орон зай = Төсвийн нийт зарлага – Заавал нийгмийн халамж
гэсэн хувьсагчтай байдаг. Гэхдээ халамжийн өсөлт нь зөвхөн хувийн бодлого бус хүн амын бүтцээс шууд хамаардаг.
Тодруулбал:
Насжилт ихсэхэд
тэтгэвэр, эрүүл мэндийн зардал өснө.
Ажиллах хүч багасахад татварын орлого буурч тэр хэрээр төсвийн орон зай багасна.
Төрөлт буурахад ирээдүйн халамжийн ачаалал багасах хэдий ч одоогийн хөрөнгөжилт хадгалагдана.
Насжилт болон хүн амын цонх үеийг тооцвол Монгол Улсын төсвийн орон зай 2055 орчимд дуусах магадлалтай, 30 хүрэхгүй жилийн дараа гэсэн үг.
Бодит байдалд ДНБ өсөлт, татварын өөрчлөлт, халамж багасгах, бүтцийн шинэчлэл зэрэг хүчин зүйлс үр дүнг өөрчлөх боломжтой ч...
Халамж хайр амьдралын нэг хэсэг, халамж төрийн зайлшгүй үзүүлэх үйлчилгээ ч гэлээ зорилго хэрэгжилт хоёр нь зөв биш бол мухардаж эрсдэх нь цаг хугацааны л асуудал юм.