
Америкийн чип үйлдвэрлэгч Nvidia компанийн гүйцэтгэх захирал Жэнсен Хуанг Хятадын тагнуул байж болзошгүй эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хэрэгт холбогдоод байна. Түүнийг Холбооны мөрдөх товчоо шалгаж буйг мэдэгдсэний дараа технологийн компанийн хувьцааны ханш 4 хувиар бууржээ.
АНУ-ын тагнуулын байгууллагууд Nvidia-ийн тэргүүнийг Хятадын тагнуулын ажиллагааны бай болсон гэж үзэж байгаа бол Бээжингийн зүгээс эдгээр зэмлэлийг эрс няцааж, БНХАУ-ын нэр хүндийг унагаах зорилготой гүтгэлэг хэмээн Гадаад хэргийн яамнаас нь мэдэгджээ. Nvidia-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн нууц болон үндэсний аюулгүй байдал алдагдсан гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзсэн ч үүсгэн байгуулагч Жэнсэн Хуанг гадаадын тагнуулын байгууллагын бай болсон тухай сүүлийн үеийн мэдээлэлтэй холбогдуулан дотоод шалгалт явуулахаа зарлалаа.
New York Times сонинд мэдээлснээр АНУ-ын тагнуулын ажилтнууд Алис Хуан буюу Хуан Лэ гэгч эмэгтэйг Бээжингийн тагнуул байсан гэж сэжиглэж байгаа аж. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнгөрсөн хавар Вашингтоны өндөр албан тушаалтнуудад санамж бичиг хүргүүлж, Nvidia-ийн захирал Хятадын тагнуултай ойр дотно харилцаатай байсныг анхааруулсан талаар уг мэдээнд дурджээ. Алис Хуан нь Nvidia-тай бизнес эрхэлдэг Сингапурын Megaspeed компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.
Жэнсэн Хуанг эхнэртээ үнэнч бус байснаа хүлээн зөвшөөрч, гэр бүл хүүхдүүдээ гомдоосондоо уучлалт гуйсан. Мөн "Nvidia-г хамгаалж, Америкийн үндэсний аюулгүй байдлыг дэмжих үүднээс мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хамтрахаа мэдэгдсэн байна.
Nvidia-г хамтран үүсгэн байгуулагчийг ирэх долоо хоногт Конгрессын хэд хэдэн байнгын хорооны хаалттай сонсголд оролцохыг шаардаад буй. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны гишүүд өнгөрсөн долоо хоногт Жэнсэн Хуангаас Алис Хуантай хэрхэн харилцаж байсан болон Nvidia-ийн тагнуулын эсрэг хамгаалалтын журамтай холбоотой асуудлаар хаалттай мэдээлэл өгөхийг хүссэн байна.
Nvidia-д шалгалт эхэлсний дараа Илон Маск зэрэг технологийн салбарын нөлөө бүхий эрхмүүд Жэнсэн Хуаныг үргэлжлүүлэн компаниа удирдахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн Nvidia-ийн захирлыг нэр хүндтэй нэгэн хэмээн тодорхойлжээ. Гэсэн хэдий ч дуулиант мэдээллийн дараа тус компанийн зах зээлийн үнэлгээ унаж одоогоор 250 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байна.