Энэ жилийн Элсэлтийн шалгалт дунд сургуулиа дүүргэж буй сурагчдын мэдлэг чадварыг сориод зогсохгүй шинэ сайд, шинэ бүрэлдэхүүнээр ажиллаж буй боловсролын салбарынхны шандас, чадавхыг сорилоо.
Монгол хэлний шалгалтын даалгаварт нутгийн аялгууны үг оруулж ирсэн байна. Гутал гэдэг үгийг Ойрад, Баяд, Буриадаар юу гэдэг вэ гэж асуусан байна. Буриад аялгийг авианы сэлгэлтээр хүүхдүүд ялгаж болох ч Баяд, Ойрад аялгийг хүүхдүүд ялгаж чадахгүй. Энэ үнэхээр хүндрэлтэй даалгавар байсан. Ер нь ижил, төстэй асуулт, хариулт их байсны улмаас маш сайн бэлтгэгдсэн хүүхдүүдийн толгой эргэсэн. Мөн монгол бичгийн 11 даалгавар орж ирсэн. Тэдгээр даалгаврын бүх зааврыг монгол бичгээр бичсэн байна лээ. Тэрийг гаргаж, даалгавартайгаа танилцахад хугацаа алдсан.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн Монгол хэл, бичгийн багш Б.Насанжаргал
Манай охин сургуульдаа дээгүүрт үнэлэгддэг, олимпиад, тэмцээнд ч амжилттай оролцдог. Гэтэл Элсэлтийн шалгалтаа өгчихөөд, ангиасаа уйлаад гараад ирсэн. Материал хэт хүнд байснаас гадна хариу нь гарахгүй бодлого хүртэл байсан гэсэн. Шалгалтын материалыг хэн, хэнд зориулж боловсруулж байгаа нь анхаарал татаж байна. Өндөр төлбөртэй, хувийн сургуулийн хүүхдүүдэд зориулсан агуулгаар бэлтгээд, тэр нь улсын сургуулийн сурагчдад хол санагдаж байгаа байх гэж хардаж байгаа. Эсвэл 2007 оны, алтан гахай жилтэй хүүхдүүд энэ жил шалгалт өгч байгаа. Тиймээс олон хүүхэд шалгалт өгнө гээд ингэж хүндрүүлсэн байх. Хүүхдийн ирээдүй шүү дээ. Ингэж хандаж болохгүй.
Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж
Англи хэлний шалгалт дээр “Унтаагаараа хооллодог эмгэг өвчин” гэсэн агуулгатай асуулт ирсэн. Үүнийг сурагчид мэдэх аргагүй. Мэргэжлийн эмч нар ч мэдэхгүй байна. Мөн Нийгэм судлалын шалгалт дээр шаталсан тэтгэвэр хэрхэн тогтоох агуулга байна лээ. Үүнийг мэргэжлийн нягтлан бодогч нар л мэдэх байх. Ач холбогдол нь ч тэдэнд илүү хамаатай. Гэтэл ЕБС төгсөж байгаа хүүхдээс ийм асуулт асуух нь оновчгүй санагдсан. Мөн шалгалтуудыг дөрвөн варианттай авсан. Зарим вариант нь их амархан, зарим нь хэт хүнд байсан нь мөн шударга бус санагдаж байна. Тиймээс үр дүндээ үнэхээр гомдолтой байна. Мөн шалгалт өгөхөд харандаа, баллуур үнэхээр хүндрэлтэй байсан. Харандаа нь хоёр тест бөглөөд л хугарч, шалгалтын цаас халтартуулж байсан. Тэрийгээ үзүүрлэх гэж маш их хугацаа алдсан. Баллуур огт арилгаж чадаагүй байсны учир мөн л төвлөрөхөд саад болж байсан.
Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж
2025 оны элсэлтийн шалгалт шаггүй хэл амтай болж өнгөрлөө. Үүнийг албаныхан жил бүр л ийм асуудал үүсдэг гэх янзтай хүлээж авч, тайлбарлаж байна. Өчигдөр болсон БҮТ-өөс хийсэн хэвлэлийн хурлын үеэр Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц энэ талаар “Жил бүрийн Элсэлтийн шалгалтын дараа даалгавар, агуулгатай холбоотой гомдол гардаг” гэж мэдээлсэн юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг (ЭЕШ) Монгол Улсад 2006 оноос албан ёсоор эхлүүлж, их, дээд сургуульд элсэгчдийн шалгалтын үндсэн хэлбэр болгосон юм. Түүнээс хойш сайжруулж, чамбайруулсаар өнөө хүрсэн. Мөн хугацаанд Элсэлтийн шалгалт тойрсон олон эргэлзээтэй асуудал сөхөгдөж ирсэн ч энэ удаагийнх шиг агуулга хэт хүнд, огт үзээгүй агуулгаас асуулт асуусан, харандаа баллуур шаардлага хангаагүй, хяналт, хариуцлага сул байсан гэх үй олон шүүмжлэл нийгэмд бий болж байсангүй. Үүнийг салбарын сайд П.Наранбаяр ажлын бус цагаар, амралтын өдөр хувийн цахим хаягтаа байр сууриа илэрхийлж, Боловсролын үнэлгээний төв ч ням гарагийн орой шалгалтын материалыг ил болгосноор харж болохоор байна.
Түүнчлэн БҮТ-ийнхөн өнөө өглөө яаран хэвлэлийн хурал зарлаж, олон нийтийн дунд үүсээд буй нөхцөл байдалд тайлбар өгсөн юм. Гэвч албаныхны тайлбарт хэд, хэдэн эргэлзээтэй агуулга хөндөгдсөн юм.
НЭГ. Дундаж оноо хэрхэн өөрчлөгдөв
Албаныхан өмнөх оны шалгуулагчдын дундаж оноотой харьцуулахад энэ жилийнх буураагүй, ижил байсан гэх мэдээлэл өгсөн. Гэвч үнэн хэрэгтээ, шалгалтын агуулга хэт хүнд байсан, сургалтын программд тусгаагүй агуулгаар асуулт боловсруулсан гэх шүүмжлэлд өртөөд буй хичээлүүд дээр сурагчдын дундаж оноо буурсан байна. Тухайлбал, нийгэм судлалын хичээлийн дундаж оноо өнгөрсөн жил 43 оноо байсан бол энэ жил 36.1 болж өөрчлөгджээ. Харин биологийн хичээлийн дундаж оноо 46 байсан бол энэ удаа 34 болж унасан байна. Математикийн тухайд, 2024 онд 24 байсан бол өнөө жил 20 болж буурчээ. Эндээс шалгалтын агуулга өнгөрсөн жилийнхээс хүнд байсныг харж болохоор байна. Түүнчлэн албаныхан “Нийт 10 хичээл дээр 800 оноо авсан шалгуулагчдын тоо ч энэ жил нэмэгдсэн. Нийт 171 сурагч 800 оноо авсан” гэж мэдээлсэн. Гэвч 800 оноо гэдэг 100 хувийн гүйцэтгэлийг хэлж байгаа хэрэг биш юм. Өөрөөр хэлбэл, тухайн жилийн хамгийн өндөр оноотой шалгуулагчийг 800 оноо авсанд тооцдог. Тиймээс өнгөрсөн жилийн 800 оноо авсан сурагчийн шалгалтын дүн, оноог энэ жилийнхтэй харьцуулж мэдээлэх нь жиших боломжтой бодит үзүүлэлт юм.
ХОЁР. Шинэчлэл ба ухралт
Энэ жилийн Элсэлтийн шалгалт хэд, хэдэн онцлогтой болсон. Нэгдүгээрт, математикийн хичээл дээр жишиг болох 1000 даалгавар боловсруулсан. Үүнийгээ Боловсролын сайд П.Наранбаяр мөн л хувийн цахим хаягтаа байршуулж, тус агуулгаар шалгалт авна гэх мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм. Тиймээс багш, сурагчид 1000 тест дээр тулгуурлан шалгалтдаа бэлтгэж, шалгалтын агуулгыг өгөгдөл солих байдлаар бэлтгэнэ гэсэн хүлээлттэй байв. Гэвч шалгалтад дээрх 1000 агуулгад тусаагүй, өөр асуулт хэд, хэд орж ирсэн бөгөөд зарим бодлого зөв хариултгүй байсныг багш, сурагчид шүүмжилж буй. Харин БҮТ-ийнхөн “Цаашид ч нээлттэй даалгаврын сан хэрэгжүүлнэ. Энэ жил, энэ хүрээнд шалгалтын материал ирнэ гэсэн жишиг өгнө. Улмаар өгөгдөл солих байдлаар шалгалтын материалаа бэлтгэнэ” гэх бүүр, түүр хариулт өгсөн юм.
Өөр нэг өөрчлөлт нь, шалгуулагчдын харандаа, баллуурыг БҮТ бэлтгэхээр болсон явдал. Үүнийг мэдээлэхдээ “Шалгуулагчийн хувийн харандаа, баллуурыг шалгалтын байр руу оруулахгүй” гэж хатуу мэдэгдэж байв. Гэвч шалгалтын явцад чанарын шаардлага хангахгүй хэрэгсэл зэхсэн байжээ. Үүний улмаас шалгуулагчид харандаагаа үзүүрлэх, халтартсан зүйлсээ баллуурдах зэрэгт маш их хугацаа алдсан байна. Түүнчлэн баллуур нь харандааны мөр арилгаж чадахгүй байсны улмаас шалгалтын цаасаа урсан тохиолдол ч цөөнгүй гарчээ. Ямар компани харандаа, баллуур нийлүүлдэг талаар нь болоод үүнд улсаас хэчнээн төгрөг төсөвлөдөг талаар нь Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяагаас тодруулахад “Элсэлтийн шалгалт хэвийн явагдсан. Баллуур, харандаатай холбоотой тендер зарлаагүй. Бага дүнтэй байдаг. Манай байгууллага баллуур, харандаа зардаг газраас авч байгаа. Бид цоо шинэ баллуур өгч байгаа. Албан ёсны баллууртай холбоотой гомдол хянагч багшаас ирээгүй байна” гэсэн юм.
ГУРАВ. Материал боловсруулалт ба боловсруулагч
Хэн, ямар шалгуураар шалгалтын материалыг бэлтгэж байгаа нь олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудал юм. Энэ асуудлыг Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга С.Гэндэнжамцаас тодруулахад “Шалгалтын материал боловсруулагчдыг тасралтгүй бэлтгэдэг. Хүүхдийн мэдлэг, чадварыг бодитой үнэлэх хүний нөөц бий болгодог. Энэ жил нийт 30 хүн шалгалтын материал дээр ажилладаг. Тэдний дунд ЕБС-д хичээл заадаг, их, дээд сургуульд багшилдаг гэх шаардлага тавьдаг. Тодруулбал, нэг нь ЕБС-ийн багш байдаг бол нөгөө нь их, дээд сургуулийн багш эсвэл хүүхдүүд нь олимпиад, уралдаанд амжилттай оролцсон багш байдаг. Мэргэжилтэн нь сурах бичиг боловсруулах багт ажиллаж байсан хүн байвал давуу тал болдог” гэсэн юм.
Эндээс нэрээ нууцалсан эх сурвалжийн өгсөн “Өндөр төлбөртэй, хувийн сургуулийн хүүхдүүдэд зориулсан агуулгаар бэлтгээд, тэр нь улсын сургуулийн сурагчдад хол санагдаж байгаа байх гэж хардаж байгаа” гэх таамаг үндэслэлтэй байж болзошгүй нь харагдаж байна. Монголын дунд сургуулиудын сургалтын агуулга, хөтөлбөр нь харилцан адилгүй нь нууц биш асуудал. Товчхондоо, хувийн сургуулийн сурагчид улсын сургуулийн хүүхдүүд өөр, өөр агуулгын хүрээнд боловсрол, мэдлэг олж авдаг. Зорилго, алсын хараа нь харилцан адилгүй. Тиймээс шалгалтын материал боловсруулдаг багт улсын сургуулийн хөтөлбөр, сургалтын арга барилыг мэддэг хүн байх зайлшгүй шаардлагатай юм. Гэвч материал боловсруулах комиссын шалгуур сурагчид нь олимпиадад бэлтгэгдсэн, амжилт үзүүлсэн байх, их дээд сургуулийн багш гэдгээр хязгаарлагдаж байгаа нь учир дутагдалтай юм. Түүнчлэн ЕБС-ийн сурагчдаас авах шалгалтын агуулгыг их сургуулийн багш боловсруулж байгаа нь ч анхаарах учиртай асуудал.
Ийнхүү 12 жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлээ үнэлүүлж, үлдсэн амьдрал, хувь заяагаа зураглахаар зэхэж буй хүүхдүүдэд салбарын уялдаа холбоогүй бодлого, хийдэл, хийцийн улмаас хохирч буй нь гашуун ч үнэн. Хүүхдүүдийн мэдлэг чадвар, ур ухаан шалгалтын босго давахгүй байна гэх өнцгийг ч салбарынхан өгүүлж буй. Тэгвэл Элсэлтийн шалгалтын босго давахгүй мэдлэгтэй иргэд бэлтгэж буй алдаа нь ч тэдэн рүү чиглэх учиртай.