
“Айчи–Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын тэмцээн уралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Япон улсын Нагоя хотын төвд байрлах Хисаяа-Одори цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж буй албан ёсны олон нийтэд зориулсан “ONE ASIA WORLD” хөтөлбөрт олон орны төлөөлөл оролцож байна. Уг хөтөлбөрийн үйл ажиллагаанд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпын аварга Э.Бадар-Ууган, дэд ерөнхийлөгч Г.Гантулга нар оролцож, Монголын түүх, соёл, өв уламжлал, үндэсний онцлогийг олон улсын зочид төлөөлөгчдөд сурталчлав.
Монгол улсын газар нутаг, хүн ам, нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг танилцуулж, Азийн наадамд хүрэлцэн ирсэн олон улсын зочид, спорт сонирхогчидтой соёлын харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэв. Түүнчлэн танилцуулгын онцлох хэсэг нь Монгол Улсын Төрийн дууллыг тайзан дээр эгшиглүүлж, үзэгчдэд зааж сурган олон улсын зочдын хамт дуулсан нь харилцан хүндлэл, соёлын солилцоог бэлгэдсэн онцгой мөч болов.
“ONE ASIA WORLD” хөтөлбөрөөр дамжуулан Азийн 45 орны соёлын өв, онцлогийг танилцуулж, наадмын уур амьсгал, үнэт зүйлсийг тэмцээний талбайгаас хотын төвд хүргэж буйгаараа онцлог юм.
