
Их Британийн ханхүү Харри Украинд хоёр өдрийн айлчлал хийх үеэрээ байлдааны ажиллагаанд шархадсан цэргүүдтэй уулзаж, Украин Оросын эсрэг дайнд ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн энх тайван тогтсоны дараа Инвиктус наадмыг Украинд зохион байгуулах амлалт өгсөн байна.
Орос 2022 онд Украинд халдан довтолсноос хойш тус улсад дөрөв дэх удаагаа айлчилж буй Харри баруун нутгийн Львов хотод очиж, дайнд шархадсан хүмүүст тусламж үзүүлдэг төрөлжсөн эмнэлэг “Суперхюманс” байгууллагаас зохион байгуулсан эмнэлгийн ажилтнуудын бага хуралд үг хэлжээ. “Та бүхэн энэ дайнд ялалт байгуулна. Үүний дараа амжилтад хүрэх бүх нөхцөл бүрдэнэ” гэж хэлсэн байна. Аюулгүй байдлын үүднээс Харриг Украинаас явсны дараа л түүний хэлсэн үгийг нийтлэхийг зөвшөөрчээ.
Мөн Харри ирэх жилийн Инвиктус наадамд бэлтгэж буй тэргэнцэртэй регбигийн тамирчдын бэлтгэлийг үзсэн байна. Энэхүү тэмцээнийг ханхүү 2014 онд цэргийн алба хааж байхдаа цэргийн алба хаагчид болон ахмад дайчдад зориулан санаачилсан юм.
Украин улс ирэх жил Английн Бирмингем хотод болох наадамд 60 тамирчин оролцуулахаар төлөвлөжээ. Хаан III Чарльзын отгон хүү Харри шархадсан ахмад дайчдад хандан, цаашид Украиныг ч мөн уг наадмыг зохион байгуулах боломжтой болоосой гэж хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Уламжлал ёсоор Их Британийн хааны гэр бүлийн гишүүд улс төрийн асуудлаар байр сууриа илэрхийлэхээс зайлсхийдэг. Гэсэн хэдий ч хаан III Чарльз болон хааны гэр бүлийн бусад өндөр албан тушаалтай гишүүн Украинд дэмжлэг үзүүлж байгаагаа тогтмол илэрхийлсээр иржээ.
Хааны гэр бүлийн албан үүрэг гүйцэтгэхээ больсон Харри энэ асуудлаар гэр бүлийнхнээсээ илүү илэн далангүй байр суурь илэрхийлж ирсэн. Тэрээр энэ оны эхээр Украинд хийсэн айлчлалынхаа үеэр хэлсэн үгэндээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг дайныг зогсоохыг уриалж, мөн АНУ-ыг илүү идэвхтэй арга хэмжээ авахыг шаардсан.