
Монгол улсын нийт хүн амын гуравны нэгийг хөдөлмөрийн насныхан, үүний талыг нь залуучууд эзэлдэг.
Тиймээс манай орныг хүн ам зүйн бүтцээр нь залуусын орон (youthful nation) гэж тодорхойлдог. Хөдөлмөрийн насны хүн амын олонхыг залуу иргэд бүрдүүлж байгаа нь нийгэм, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах хамгийн гол түлхүүр. Харамсалтай нь, манайд залуусын тоо олон ч оролцоо, өгөөж нэн чамлалттай байна. Үүний гороор Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг эрсдэлийн судалгаагаар Монгол Улсад ойрын хугацаанд хамгийн том нөлөө үзүүлэх магадлалтай таван гол эрсдэлийн нэгдүгээрт ажиллах хүч, ур чадварын хомсдол ороод буй.
Монгол Улсын хууль, тогтоомжуудад 15-34 насны иргэдийг залуус гэж тодорхойлно гэж тусгасан байдаг. Энэ насны иргэдийн тоо 1011958 байгаа нь нийт хүн амын 29 хувийг бүрдүүлж буй. Тэдний 953 мянга нь эх орондоо ажиллаж, амьдарч байгаа бол 58 мянга нь хилийн чанадад байна. Хүйсийн хувьд ойролцоо. 49.5 хувь нь эмэгтэй, 50.5 хувь нь эрчүүд эзэлж буй. Харамсалтай нь, боловсрол, сургалтад хамрагдаагүй, хөдөлмөр эрхлээгүй, нийгэм, эдийн засгийн идэвхгүй (NEET - Not in Education, Employment, or Training) залуучуудын түвшин сүүлийн арван жилийн хугацаанд дунджаар 16 хувь байжээ. Энэ нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дундаж болох 12.5 хувиас өндөр үзүүлэлт юм. Тус үзүүлэлт өндөр байх нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд урт хугацаандаа хүндрэл бий болгодог аж.
Хөдөлмөр эрхлэлтийн өсөлт удааширч байгаагаас гадна чадвартай хөдөлмөрийн нөөцийн дутагдал тодорхой салбаруудад эрсдэл учруулахаар байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд залуучуудын ажиллах хүчний оролцооны түвшин, боловсролын чанар хангалтгүй байсан нь өнөөдрийн болон ирээдүйн ажиллах хүчний чанарт сөргөөр нөлөөлнө.
“Хөдөлмөрийн зах зээлийн таамаглал” судалгааны тайлангаас
Залуу иргэд суралцаж, хөгжиж, хөдөлмөрлөхөөс цааргалж буй цаад шалтгаан юу болохыг манай улс углуургаар нь судлалгүй саяхныг хүрчээ. Энэ нь нийгэм, эдийн засгийн идэвхгүй хөдөлмөрийн насныхан нэмэгдэхэд тодорхой нөлөө үзүүлж ирэв. Харин өнгөрсөн оноос Азийн хөгжлийн банк, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Залуучуудын боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явцын судалгаа”-г хийж эхэлсэн байна. Улмаар монгол залуус лазан байна уу, тэднийг ажиллуулах систем нь залхуу байна уу гэдгийг мөшгөжээ. Одоогоор судалгааны тайланг эцэслэж, олон нийтэд зарлаагүй ч урьдчилсан дүгнэлт нь гарсан байна. Улмаар хөдөлмөрийн насныхан хөдөлмөр эрхлэхгүй байгаа гол шалтгаануудыг юу гэж дүгнэснийг хүргэе.
НЭГ.
Хандлага хамгийн чухал
Авсан цалин нь амьдралд нь хүрэлцээтэй, амжилт, карьер
нь тогтмол өсөлттэй байх нь хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн хувьд хамгийн чухал
хүлээлт, хүсэл байв. Харин шинэ үеийн залуусын хувьд эдгээрээс илүү хамт олны
уур амьсгал, удирдлагын харилцаа, хандлага, шударга байдал, хүндэтгэл, ажил,
амьдралын тэнцвэр зэрэг ажлын орчны биет бус хүчин зүйлд ач холбогдол өгдөг нь
судалгааны явцад тогтоогджээ. Судалгаанд оролцогчид ажилтан төвтэй ажлын орчныг
цалин, гэрээний нөхцөл зэргээс илүү чухалчилж, хамгийн их үнэлгээ өгсөн байна.
Мөн сонирхолтой нь, боловсролын түвшин өндөр байх тусам ажлын байрны соёлыг
илүүтэй үнэлжээ.
ХОЁР.
Ур чадварын гологдол
Хөдөлмөрийн зах зээл дээр гарч, анхлан ажил эрхэлж буй
залуучууд хэт өндөр хүлээлттэй байдаг аж. Ийн цалин, ажлын нөхцөл зэрэгтээ
бодит байдлаас өндөр хүлээлт бий болгодог нь нийгэм, эдийн засгийн идэвхгүй
ангилалд “гацах” нь томоохон шалтгаан юм. Түүнчлэн шинэ үеийнхний ур чадвар,
мэдлэг нь хүссэн цалин, хүлээсэн орчин нөхцөлдөө нийцэх хэмжээнд байдаггүйг
ажил олгогчид өгүүлсэн байна. Ажил олгогчдын үзэж байгаагаар, залуучуудын
ажилдаа хандах хандлага, хариуцлага нь ахмад ажилчидтай ажиллахаас бэрхшээлтэй
санагддаг аж. Тэд өгсөн үүргийг биелүүлж, даалгавар гүйцэтгэх тал дээр нэн
хариуцлагагүй бөгөөд тууштай бус, асуудлыг шийдэх тэсвэр тэвчээргүй, уурлаж
бухимдах магадлал өндөр. Мөн залуу ажилтнуудыг бэлтгэж буй боловсролын систем ч
учир дутагдалтай байна. Их сургууль төгссөн ажилчид ажиллахад бэлэн бус ирдэг
аж.
ГУРАВ.
Нийгмийн нөлөө
Монгол залуучууд улсынхаа ирээдүйд итгэх итгэл сул
байдаг нь дээрх судалгаагаар тогтоогджээ. Түүнчлэн нийгмийн, амьдралын хэв
маягтай холбоотой хүчин зүйлсээс үүдэлтэй стресст өртөмтгий байна. Тухайлбал, ажилдаа
явах замын хугацаа, агаарын бохирдолд өртөх байдал зэрэг нь хөдөлмөр эрхлэхэд
нь сөрөг нөлөө үзүүлдэг гэж тэд үзжээ. Мөн ажил, амьдралын тэнцвэрт байдлыг нэн
чухалчилдаг аж. Тиймээс цагт баригдаж, цалинд хүлэгдэж амьдрах сонирхол энэ
үеийнхэнд алга.
ДӨРӨВ.
Өрхийн хамаарал
Гэр бүлийн нөхцөл байдал буюу амьжиргааны түвшин,
орлого нь залуучуудын хөдөлмөр эрхлэлттэй харилцан хамааралтай. Өрхийн орлого,
өрхийн тэргүүний боловсролын түвшин өндөр айлын хүүхдүүд илүү сайн нийгмийн
сүлжээ, харилцаа холбоотой байдаг. Улмаар хөдөлмөр эрхлэх боломж нь нэмэгддэг
байна. Тоо сөхвөл, өрхийн тэргүүн дээд боловсролтой тохиолдолд тухайн залуу
ажил олох магадлал 58.0 хувиар илүү байжээ.
ГБХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Ц.Баярмаа
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал дэлхий нийтэд тулгамдаж байгаа. Манай улсын хувьд суралцаагүй, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын тоо сүүлийн жилүүдэд тогтмол өндөр түвшинд байна. Залуучуудад тохиромжтой ажлын байр хангалтгүй, ажлын байрны зар, мэдээлэл хангалттай биш, эрх зүйн орчин зэрэг олон зүйлээс шалтгаалж байна. Түүнчлэн манай улсын нийт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 53 хувь нь эзэмшсэн мэргэжлээсээ зөрүүтэй ажил хийж байгааг Монголбанкны судалгаанд дурдсан байдаг. Эндээс боловсролын байгууллага эрэлтэд нийцсэн нийлүүлэлт хийж байна уу гэдэг асуудал яригдана. Түүнчлэн шаардлагатай ур чадваруудыг хөдөлмөрийн зах зээлд нийцүүлэн бэлтгэхэд ч анхаарах шаардлагатай.
Түүнчлэн 18-24 насны ажилтан жилд дунджаар нэгээс олон ажил сольдог нь тогтоогдсон байна. Харин 30-аас дээш насныхан гурав дахин бага давтамжтай ажлын байраа сольдог аж. Залуучууд анхны ажлаа орхих гурван гол шалтгаан бий. Нэгдүгээрт, сэтгэл ханамжгүй байдал, хоёрдугаарт, гэр бүлийн үүрэг, хариуцлага, удаах нь илүү өндөр цалин хөлс авах зорилгоор ажлын байраа орхидог аж.
Залуу иргэд хөдөлмөр эрхлэхгүй байгаа нь дан ганц хандлагаас нь хамаараагүйг дээрхээс харж болохоор байна. Эцэг, эхээс нь эхлээд боловсролын байгууллага, ажил олгогч, нийгэм зэрэг бүхий л хүчин зүйн энэ насныхны хөдөлмөр эрхлэлтэд тодорхой нөлөө үзүүлж байна. Их сургуулиа төгсөөд нэг жилийн дараа ажилтай болсон залуусын эзлэх хувь 30 хувьд ч хүрэхгүй байгаа нь дээрхийн нотолгоо. Энэ асуудлыг цогцоор нь анхаарч, залуу иргэдээ боловсролтой, хөдөлмөрч болгож төлөвшүүлэх зайлшгүй шаардлага манай улсад тулгамдаад буй. Учир нь шинэ мянганы залуус цаашид ажиллах хүчний томоохон хувийг бүрдүүлнэ. 2035 онд хөдөлмөрийн насны 2,967.7 мянган иргэн байхаас 1.3 сая нь “шинэ мянганд” буюу 2000 оноос хойш төрсөн залуус болохоор байна.