
Тусгаар тогтносон ямар ч улсад дагаж мөрддөг дэг журам, нийтээр сахидаг хууль бий. Манайд ч ялгаагүй. Бид Үндсэн хуультай, түүнийгээ дээдэлдэг ард түмэн. Харин сахиж мөрддөг, уншдаг, өдөр тутамдаа дагаж хэвшсэн үү гэвэл үгүй.
Нөгөө талаар иргэншил гэдэг ганц үгэнд багтаасан орон зай хүний амьдралын цар хүрээг өнөөгийн соёлт ертөнцөд тодорхойлно. Харин түүн дотор амьдарч дадахад ч мөн дагаж мөрддөг дүрэм, соёл бий гэдэг нь зайлшгүй. Үүнийг олон зуун жилийн турш аж төрсөн нүүдэлчний араншинтайгаа сөргөлдүүлж ирсэн бид нийслэл хотдоо иргэншлийн соёлыг уландаа гишгэн амьдарч суугаа. Асуудлын гол нь хууль хэрэгжээгүй дээ бус, түүнийг хэрэгжүүлдэггүй, мөн дагаж мөрддөггүйд оршино.
Хууль зөрчсөн нэгнийг буруутгах амархан ч өөрсдөө өдөр бүр, цаг тутамд аливаа дүрмийг зөрчиж байгаагаа бид анзаардаггүй. Тиймдээ ч “Бусад нь мөрдөхгүй байхад би яав л гэж...” хэмээн хариулдаг.
Хандлага нь нийтлэг, харилцаа нь тодорхой. Гэвч нийгэм гэдэг зөвхөн хууль тогтоогчдоос бус харин тухайн хуулийг өдөр бүр сахиж хэвшсэн иргэдийн үйлдэл, сэтгэлгээнээс бүрддэг.
Анхлан хөндөх зүйл. Хэн нэгэн дүрэм зөрчихөд монголчууд ясны дургүй. Харин өөрт ашигтай нөхцөл бүрдэхэд дүрэм зөрчихөөс хэн ч татгалздаггүй. Ийм хууль бидэнд үйлчлэх болоод уджээ. Ерөөс үйлчилсээр ирсэн. Өглөө бүр ажилдаа явахад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй жолоочийг бүгд хардаг. Явган зорчигч ч мөн явган хүний гарцаар гарахгүй, улаан гэрлээр зам хөндлөн гарах тохиолдол цөөнгүй. Мэдээж замын нөхцөл байдал, тодорхой журамтай холбогдож чадаагүй тохиолдол бий л байх. Гэхдээ хууль мэдэхгүйдээ бус, өөртөө үйлчлэх ёстой дүрмийг л эрс өөрөөр тайлбарладаг зан чанартай холбоотой. Дүрэм хүн бүхэнд адилхан үйлчлэх ёстой гэх энгийн ойлголт бидний өдөр тутмын амьдрал бүрэн гүйцэд хэвшээгүй хэвээр л байгаа нь тэр. Харин “Би л болж байвал” гэх ухамсарт бус сэтгэлгээ давамгайлснаар нийгмийн эмх замбараагүй байдлыг үүтгэдэг.
Хог хаях асуудлыг авч үзэхэд ч ялгаагүй дүр зураг харагдана. Хогоо зориулалтын саванд хийх нь хамгийн энгийн соёл боловч гудамж, орц, нийтийн эзэмшлийн талбайд хогоо хаях хүн байсаар байна. Тэр хүн гэртээ хог тарихгүй, хүүхдүүдээ зандчина. Гэсэн атал нийтийн орон зайг өөрийнх биш мэт үздэг. Нийтийн өмчийг хэн ч өмчлөхгүй гэх ойлголт буруу хандлага бий болгосон. Угтаа нийтийн эзэмшлийн газар гэдэг хүн бүрийн өмч, тэнд хүн бүрийн хариуцлага цогцолж байх ёстой. Хуулиар торгох, сануулах, цэвэрлэхээс өмнө иргэн өөрөө бохирдуулахгүй байх нь илүү чухал. Хогны асуудал бол дан ганц цэвэрлэгээний байгууллагын ажил бус, иргэншлийн соёлын хэмжүүр билээ. Дараагийн нэг асуудал нь дараалалд зогсох, бусдын эрхийг хүндэтгэх энгийн дүрэм юм. Төрийн үйлчилгээний газар, эмнэлэг, банк, дэлгүүр гээд хаана ч дугаар дайрах, танил талаараа урдуур орох, өөрийн ажлыг бусдаас түрүүнд амжуулах гэсэн оролдлого гардаг. Энэ нь бусдын цаг хугацаа, эрхийг өөрийнхөөсөө доогуур үнэлж буй хэрэг. Хууль зөрчөөгүй мэт боловч нийгмийн харилцааны бичигдээгүй дүрмийг зөрчиж байгаа хэлбэр. Иргэншил гэдэг зөвхөн Үндсэн хууль сахих тухай ярианд хамааралгүй. Бусдын орон зай, цаг хугацаа, эрхийг хүндэтгэхээс эхэлдэг. Бидний өдөр тутмын жижиг үйлдлүүд л ямар нийгэмд амьдарч байгааг маань тодорхойлдог.
Татвар төлөх асуудал дээр ч мөн адил хоёр өөр хандлага ажиглагддаг. Төрөөс үйлчилгээ нэхэхдээ иргэн бүр шаардлага тавьдаг боловч татвараа төлөх үүргийн тухайд өөрөөр хандах явдал бий. Төрийн үйлчилгээ сайн байх ёстой гэдэг нь үнэн ч тухайн үйлчилгээний санхүүжилт хаанаас бүрддэгийг мөн адил ойлгох хэрэгтэй. Хууль зөвхөн эрх олгодог зүйл гэсэн ташаа ойлголтоос салах нь зүй. Учир нь иргэн бүрд үүрэг хүлээлгэдэг гэдгийг бид мартах учиргүй. Иргэн өөрийн эрхийг шаардахдаа үүргээ ч хамт биелүүлж байж нийгмийн харилцаанд тэнцвэр бий болно. Эрхээ мэддэг ч үүргээ мартсан иргэн олон болсон цагт хууль цаасан дээр л үлдэх эрсдэлтэй.
Өөр нэг зүйл. Ажаад байхад бидний хандлагын бас нэг бэрхшээлтэй тал нь хууль зөвхөн бусдад үйлчлэх ёстой мэт ойлгодог явдал. Хэн нэгэн танил хүнтэй бол дүрэм тойрч болно, мөнгөтэй бол торгуулиас мултарч болно, эрх мэдэлтэй бол хариуцлагаас зайлсхийж болно. Уг ойлголт нийгэмд газар авах нь ямар аюултайг бид өдгөө нийтээр мэдэрч, харж байна. Учир нь хууль хүн бүрд адилхан үйлчилдэг гэсэн итгэл алдагдахад хүрсэн. Ингэснээр иргэд өөрсдөө дүрмийг дагах шаардлагагүй хэмээн бодож эхэлдэг. Нэг хүний зөрчил нөгөөгийн зөвтгөл болж, нэгний давуу эрх бусдын дургүйцлийг төрүүлдэг. Ингээд хууль сахих бус, хуулийг хэрхэн тойрох вэ гэсэн сэтгэлгээ давамгайлна. Төрийн байгууллага хуулийг адилхан хэрэгжүүлэхийн зэрэгцээ иргэн бүр хуулийн өмнө ижил байх зарчмыг өдөр тутмын амьдралдаа хүлээн зөвшөөрөх шаардлагатай.
Хотын амьдралын хамгийн том сорилтын нэг бол бусдын эрхийг өөрийн эрхтэй адил хэмжээнд хүлээн зөвшөөрөх явдал. Орон сууцанд амьдарч байгаа хүн шөнө орой чанга дуу чимээ гаргавал хөршийнхөө амрах эрхийг зөрчинө. Машинаа явган хүний зам дээр тавьсан хүн өөрийн тав тухыг явган зорчигчийн хөдөлгөөнөөс дээгүүр тавьж эхэлнэ. Эдгээрийг бид заримдаа энгийн, ойлгомжтой жирийн үйлдэл гэж үздэг ч нийгмийн соёл гэдэг тэдгээр үйлдлийн нийлбэр.
Үүнээс үүдээд боловсролын тухай асуудал зайлшгүй хөндөгдөнө. Хүүхдэд хууль гэж юу болохыг заахаас гадна яагаад дүрэм сахих ёстойг ойлгуулах нь илүү чухал. Замын хөдөлгөөний дүрэм, хог хаягдлын журам, нийтийн орон зайн соёл зэрэг нь зөвхөн сургалтаар заах бус гэр бүл, сургууль, нийгмийн өдөр тутмын дадлаар дамжин төлөвшинө. Хүүхэд томчуудын хэлснийг бус, хийж байгааг нь илүү хурдан сурдаг. Эцэг эх нь улаан гэрлээр зам хөндлөн гарчихаад хүүхдэд дүрэм яривал тухайн бяцхан сэтгэхүй үгээс илүүтэй үйлдлийг нь дагана. Тиймээс хууль сахидаг иргэнийг бий болгох ажил шийтгэлээс урьдаад үлгэр дуурайллаас эхлэх ёстой.
Хууль хэрэгжихгүй байгаа мэт харагдах бүрд бид зөвхөн төрийг, бас бусдыг буруутгадаг. Гэвч төр бол эцсийн дүндээ иргэдээс бүрдсэн институц бөгөөд хууль хэрэгжүүлэх механизм нь харин хүмүүсийн хандлага, оролцоотой холбоотой. Тиймээс бурууд нүд хурц, зөвд үг зөөлөн байх хэрэгцээ бий. Зөрчлийг хараад дуугүй өнгөрөх, өөрт хамаагүй мэт хандах, танил хүн учраас өршөөх, ингэж л байдаг шүү дээ хэмээн хүлээн зөвшөөрөх нь хууль зөрчих үзэгдлийг хэвийн болгосоор байгаа. Гэвч цаасыг чичиж, хүнд хэлэхээс нааш чимээгүйхэн алдаандаа дасаж, аливааг бурууг зөвтгөсөөр уджээ, бид.
Хууль зөрчсөн хүнээс гадна зөрчлийг хэвийн зүйл мэт хүлээн зөвшөөрч буй орчин ч өөрөө асуудлын нэг хэсэг. Бид өөрчлөлтийг заавал Үндсэн хууль, түүн доторх шинэчлэлээс эхлүүлэх шаардлагагүй. Дүрмийг бусад хүн мөрдөхийг хүлээхээс өмнө өөрөө мөрддөг болох нь иргэншлийн хамгийн энгийн боловч бодит эхлэл. Хуультай улс гэдэг нь зөвхөн хууль олон байгаагаар хэмжигдэхгүй. Хууль нь амьдралын өдөр тутмын хэвшил болж, мөрдэстэй нэгнийг хараагүй үедээ иргэд нь хуулиа дагаж чаддаг болсон цагт л эрх зүйт нийгмийн тухай ярих боломжтой. Бидэнд хууль бий, дүрэм бий, журам бий. Харин тэдгээрийг өөрийн амьдралын нэг хэсэг болгосон дадал хангалтгүй байна. Тиймээс өнөөдөр бидэнд шинэ хууль нэмж бичихээс илүү байгаа хуулиа ойлгож, хүндэлж, мөрдөж сурах шаардлага тулгарч байгаа юм.
Эцэст нь, асуудлын голыг харж, аливаад учир зүйтэй хандахын тулд суурь ойлголтоо улам тодорхой болгох нь чухал. Тэгээд ч эрхээ хамгаалахын учир эхний өрж босгох хана нь төрийн байгууллага бус үйлдлээ хянах ухамсар мөн. Төсвөө данхар хэвээр нь авч үлдэхийг хүссэн төрийн бодлого хүн бүрийг туйлдуулж байгаа ч аливааг туулах зам ямагт байдаг. Хуульгүй мэт аашилж байгааг зүхэж буй хэнийг ч буруутгахгүй гэсэнгүй. Ядаж л цөмөөрөө хумьж базсан хэрэгцээгүй цаасаа хогийн сав руу л чулуудчихдаг болцгооё гэлээ.