
Дайны нөлөө үргэлжилсээр буй энэ үед Газын зурваст төрөлхийн гажигтай төрөлт урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэж, амьгүй төрөлтийн тоо 140 хувиар өсөөд байна.
Газын өмнөд хэсэгт байрлах Нассер эмнэлгийн нярайн тасагт шинээр төрсөн хүүхдүүд Израилийн геноцидын шинжтэй дайны хүнд нөхцөлтэй холбоотой төрөлхийн гажгийн улмаас нялхас үхэлтэй тэмцэж байна.
Хоёр сартай Осама хүү зүрхэндээ нүхтэй, тархины ховдол томорсон эмгэгтэй төржээ. Түүний ээж Нажиа Зуруб хүүгээ төрснөөс хойш эмнэлгээс гараагүй байна. “Би дайны үеэр жирэмсэн болсон. Хоол хүнс дутмаг байсан тул жирэмслэлт маш хүнд байсан” гэж Зуруб хэлээд, өөрсдийгөө ундны усгүй, майханд амьдарч байсан гэж нэмж дурдсан байна. Хэт их ачаалал, стрессийн улмаас тэр хугацаанаасаа өмнө төрөхөд хүрчээ. Эмч нар Осамагийн өвчин удамшлын биш болохыг баталж, энэ нь түүний анхны хүүхэд бөгөөд гэр бүлд нь ийм өвчний түүх байхгүй гэж мэдэгдсэн байна.
Осама нь нэг тасагт хоёр долоо хоногтой Ахмедтэй хамт хэвтэж байна. Ахмедэд гидроцефали буюу тархины ховдолд шингэн хэт хуримтлагдаж, тархины эдэд даралт үүсгэдэг эмгэгийн шинж тэмдэг илэрчээ. Мөн хоёр сартай Сухейр нь ам, чих зэрэг олон эрхтэнд нөлөөлсөн төрөлхийн гажигтай төрсөн байна. Тухайн өдөр тус тасагт нийт таван гажигтай нярай байсан ч Фатама хэмээх нярай амьдралын төлөө тэмцэхээр эрчимт эмчилгээний тасаг руу яаралтай шилжүүлэгдэж, харин өөр нэг нярай Иял нас баржээ.
Урьд өмнө байгаагүй өсөлт
Тодорхой төрлийн төрөлхийн гажгийн шалтгааныг яг таг тогтооход ихэвчлэн хүндрэлтэй байдаг ч Газын эрүүл мэндийн албаныхан одоо ажиглагдаж буй тохиолдлын тоо урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрснийг онцолж байна.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2025 онд төрөлхийн гажгийн тохиолдол 2022 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Мөн энэ хугацаанд амьгүй төрөлтийн хувь 140 хувиар өссөн байна. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд нярайн 457 нас баралт бүртгэгдсэн нь дайнаас өмнөх үеэс 50 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Эрүүл мэндийн яамны Мэдээллийн нэгжийн захирал Захер аль-Вахиди энэ өсөлтийг дараах таван гол хүчин зүйлтэй холбон тайлбарласан байна. Үүнд:
Нассер эмнэлгийн хүүхдийн эмч, нярайн мэргэжилтэн Ассаад аль-Наважха амин чухал эрхтнүүдэд нөлөөлсөн дотоод гажгууд түгшүүр төрүүлэхүйц байгааг онцолжээ. Тэрээр эдгээр эмгэгүүд жирэмсний эхний гурван сард буюу эрхтэн бүрэлдэх чухал үед ураг орчны сөрөг хүчин зүйлд өртөх үед үүсдэг болохыг тайлбарлав. Одоогийн байдлаар эмнэлгийн нөөц маш их хомсдож, зарим нярайд эмчилгээ хийх боломжгүй болж байгааг эмч нар анхаарууллаа.
Тогтолцооны уналт
Израилийн Газад явуулж буй геноцидын шинжтэй дайны улмаас дор хаяж 20 000 хүүхэд амь үрэгдээд байна. Мөн энэ зөрчил нь олон Палестин эмэгтэйчүүдийг жирэмслэлтээ бүрэн тээх боломжгүй болгожээ. Израилийн бөмбөгдөлт оргил үедээ хүрэхэд Газын зурваст амьд төрөлтийн тоо 30 хувиас илүүгээр буурсан байна. Өнгөрсөн жил тоо бага зэрэг сэргэж эхэлсэн ч дайнаас өмнөх түвшиндээ хүрээгүй хэвээр байгаа аж.
Өнгөрсөн аравдугаар сард “гал зогсоох” хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн ч нас баралтын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд палестинчууд Израил өдөр тутмын довтолгоогоо үргэлжлүүлж байна гэж онцолж байна.
Нассер эмнэлгийн нярай хүүхдүүдийн хувьд бөмбөгдөлт багассан нь шууд тус болж чадахгүй байна. Тэд агаарын довтолгооноос амьд гарсан ч одоо дайны үлдээсэн урт хугацааны үр дагавартай өөр төрлийн хүнд тэмцэлтэй нүүр тулж байна.