Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо гарсан газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг өнөөдрөөс буулгаж эхэлжээ.
2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай шүргэлцсэн осол гарч таван хүн амиа алдаж, олон өрх айл эд хөрөнгөөрөө хохирсон. Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрын оршин суугчид гэхэд л өнөөдрийг хүртэл түрээсийн байраар амьдарч буй.
Тус байрыг нурааж дахин шинээр барих Нийслэлийн Засаг даргын захирамж энэ оны нэгдүгээр сард гарч байв.Барилгыг буулгахад 2.4 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг тухайн үед албаныхан мэдээлж, шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахаар болсон билээ. Харин барилгыг дахин шинээр барихад 12 тэрбум шаардагдахаар байгаа юм. Барилгыг буулгах ажлыг хуучин S’Outlet дэлгүүр болон Урт цагааны барилгыг буулгасан туршлагатай компани гүйцэтгэн ажиллаж байгаа аж.
Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ-ын дарга Ц.Болд "Нийслэлийн засаг даргын захирамжаар 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгах үүрэг даалгавар өгсөн. Бид ирэх сарын 1-нд бүрэн нурааж дуусгах төлөвлөгөөтэй ажлаа өнөөдөр эхэллээ. Эхний ээлжид явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, хашаа барьж, саравч сүүдрэвч хийсэн.
Барилгыг дээврээс нь эхлэн, давхар бүрээр нь хэсэгчлэн нураана. Ингэхдээ жижиглэх, тастах аргаар нураахаар төлөвлөж байна. Нураах ажилд 60 гаруй инженер, техникийн ажилчид ажиллана. Монгол Улсын хэмжээнд анх удаа 13 давхар барилгыг буулгах гэж байна. Мөн барилгын хажууд 500 гаруй хүүхэдтэй сургууль, албан байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа учраас аюулгүй ажиллагааг нэгдүгээрт тавина" гэлээ.