
Netflix өөрийн хамгийн их хандалттай бүтээл болох "KPop Demon Hunters" хүүхэлдэйн киноныхоо үргэлжлэлийг хийж эхэлснээ албан ёсоор мэдэгдлээ.
Хүүхэлдэйн киноны шинэ анги бол Netflix (NFLX.O) болон найруулагч Мэгги Канг, Крис Аппелханс нарын бүтээлч хамтын ажиллагааны үргэлжлэл бөгөөд олон жилийн хугацаатай онцгой эрхт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй анхны төсөл юм. "Үзэгчид Солонгосын түүх, солонгос дүрүүдийг дахин үзэхийг хүсэж байгаад Өмнөд Солонгосын найруулагчийн хувьд туйлын их баяртай байна. Бидний бүтээсэн энэхүү ертөнцөд маш их зүйл бий. Энэ бол зөвхөн эхлэл" хэмээн Канг ярилаа.
"Sony Pictures Animation" студид бүтээсэн уг кинонд "Huntrix" хамтлагийн гишүүд болох Руми, Мира, Зои нар к-поп оддын амьдралаа чөтгөрийн ангуучдын нууцлаг амьдралтай хэрхэн хослуулж буй тухай өгүүлдэг. Киноны гол дуу болох "Golden"-ийг дуучин Эжай, Аудри, Рэй Ами нар амилуулсан бөгөөд уг бүтээл "Billboard Hot 100" жагсаалтыг тэргүүлсэн юм.
Уг кино 31 дэх удаагийн "Шүүмжлэгчдийн сонголт" (Critics Choice Awards) шагнал болон 83 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" наадмаас тус бүр шилдэг анимейшн, шилдэг дууны шагналыг хүртээд байна. Мөн Оскарын наадмын хоёр төрөлд нэр дэвшээд байгаа билээ.
Түүнчлэн "Golden" дуу нь Грэммийн наадмаас шилдэг дуу бичлэгийн шагналыг хүртсэнээр уг шагналыг авсан анхны к-поп бүтээл болж түүхэнд бичигдсэн байна.
Netflix компаниас 2026 оны нэгдүгээр сард мэдээлснээр, уг киног зургаан сарын хугацаанд 482 сая хүн үзсэнээр дээд амжилтыг эвджээ.