
Тавдугаар сарын 10-нд АНУ, Канад болон бусад олон оронд ээжүүдэд цэцэг, шоколад бэлэглэнэ. Мэндчилгээ баяр баясал, талархлаар дүүрэн байх болно. Ээжүүд хамгийн гоё хувцсаа өмсөн хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж, бэлэг авч, баярын өдрөө өнгөрүүлнэ.
Дэлхийн ихэнх улс орон Ээжүүдийн баярын өдөртэй байдаг нь гайхах зүйл биш. Хэдийгээр өөр өөрөөр өдөр тэмдэглэдэг ч эх хүн байна гэдэг гайхамшигтай зүйл бөгөөд үүнийг тэмдэглэх ёстой. Гэхдээ дэлхий дээр энэ өдөр олон хүний хувьд зөвхөн шаналал дагуулдаг нэг газар бий.
Газын зурваст сүүлийн хоёр жил хагасын хугацаанд 22 000 эмэгтэй амиа алдсан тул олон хүүхэд Ээжүүдийн баярын өдрөөс айдаг болсон. Учир нь энэ өдөр тэвчихийн аргагүй өвдөлтийг нь сануулдаг. Хэтэрхий олон эхчүүд нас барж, илүү олон нь хүнд өвчтэй байна.
"Миний ээж Нажат дөнгөж 46 настай. Гэвч түүнд хорт хавдар хэтэрхий оройтож оношлогдсон.
Гуравдугаар сарын 21-нд Арабын орнууд Ээжүүдийн баяраа тэмдэглэх үед би ээждээ “Ээжүүдийн баярын мэнд” гэж хэлээгүй. Харин чимээгүйхэн ээжийгээ бидэнтэй арай удаан байгаасай гэж залбирсан. Би баяр тэмдэглэх тухай бодоогүй, харин түүнийг алдахаас айж байлаа. Ээжүүдийн баярын өдөр ээж минь хамгийн гоё хувцсаа өмсөөгүй, бидэнтэй хамт тусгай хоол идэн инээмсэглээгүй. Тэр туйлдсан, сульдсан байв.
Ээжүүдийн баяраас долоо хоногийн өмнө тэр хими эмчилгээнийхээ гурав дахийг хийлгэж, хэд хоног орноосоо босож чадахгүй, бараг ярьж чадахгүй болсон байлаа. Тэр өдөр ээж минь надад ямар үнэ цэнтэй хүн болохыг илэрхийлэх үг дэлхий дээр байсангүй. Гэвч би дуугүй байсан. Бусад хүмүүс ээжүүдээ баярлуулж байх тэр өдөр би түүний өвдөлт дээр өөрийн нулимсыг нэмэхгүйг хичээсэн.

Миний ээжийн түүх ганц тохиолдол биш. Геноцид Газын эхчүүдэд хэмжээлшгүй их зовлон авчирсан. Тэр өвдөлт, уй гашуу, үхэл нь эмэгтэйчүүд эх болох мөчөөс эхэлдэг.
Геноцидын үеэр төрөлтийн үеийн эхийн эндэгдэл гурав дахин өссөн. Саяхны тайланд дурдсанаар 2025 оны нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд Газад 220 палестин эмэгтэй төрөх үедээ нас баржээ.
Өлсгөлөн жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хамгийн хүндээр тусаж, тэд болон хүүхдүүдийг нь үхэл болон олон төрлийн эрүүл мэндийн хүндрэлд хүргэсэн. Ээжүүд 70 000 хүүхэд хоол тэжээлийн дутагдлаас болж туйлдаж байгааг харж шаналсан. 150 гаруй эх өлсгөлөнд өртөн нас барсан хүүхдүүдээ оршуулжээ.
22 000 гаруй эмэгтэй нөхрөө алдсан бөгөөд одоо хүүхдүүдийнхээ ээж, аавын үүргийг ганцаараа үүрч, геноцидын дунд амьд үлдэхийн төлөө аймшигтай хүнд ачааг үүрч байна. Зарим нь нөхрөө алдаагүй ч шархадсан, өвчтэй хүүхдүүд эсвэл өндөр настнуудаа асарч байгаа гол хүн нь хэвээрээ.
Олон эхчүүд Израилийн дайралтаар хүүхдээ алдсан тасралтгүй өвдөлттэй амьдарч байна. Геноцидын хохирогчдын 21 000 гаруй нь хүүхдүүд байсан.

Үүний зэрэгцээ өрх гэр авч явах ачаалал асар их нэмэгдсэн. Цэвэр ус, цахилгаан, хэвийн хүнсний хангамж байхгүй. Хэт халуун, хэт хүйтэн, өвчин болон шавжнаас хамгаалж чаддаггүй майханд амьдрах нь тэсэхийн аргагүй. Хайртай хүмүүсээ алдах нь ч мөн адил. Газын хамгийн тэсвэртэй эхчүүд хүртэл тэвчээрийнхээ туйлд хүрч байна.
Тиймээс маш олон эхчүүд өвдөж байгаа нь гайхах зүйл биш. Гэвч Израил тэдэнд хэрэгтэй эмчилгээ авах боломжгүй болгосон.
Израилийн арми Газын бүх эмнэлгийг бөмбөгдөж, хорт хавдрын цорын ганц мэргэшсэн эмнэлгийг сүйтгэсэн. Үүний улмаас хорт хавдар болон архаг өвчтэй хүмүүс зохих эмчилгээ авч чадахгүй байгаа төдийгүй дайны үеэр өвчнийг эрт үед нь илрүүлэх тогтмол үзлэг хийх боломж ч байхгүй болсон.
Эмч нар ээжийн минь хорт хавдар бараг хоёр жилийн турш биед нь байсан байх магадлалтай гэж хэлсэн. Хэрэв эрт илэрсэн бол эмчилгээ нь хамаагүй амар, эдгэрэх магадлал нь өндөр байх байжээ.
Би айлын том охин. Тиймээс гэр бүлийн бүх хариуцлага миний мөрөн дээр ирсэн. Ээж минь бүх зүйлийг яг л ямар ч хүч хөдөлмөр шаардахгүй мэт хийдэг байсан. Одоо би түүний оронд орж үзээд энэ бүхэн ямар их ядаргаатай байсныг ойлголоо.
Би дөнгөж гурван настай ганц дүүгээ хараад өөрийгөө аз жаргалтай, ээжийгээ зүгээр байгаа мэт харагдуулахыг хичээдэг. Би түүнд “Ээжийн үс дахиад ургаж, урт бас гоё болно” гэж байнга хэлдэг.
Хими эмчилгээ хийлгэх өдөр бүр дүү минь надаас “Ээж хааччихсан юм бэ?” гэж асуудаг. Би гүнзгий амьсгаа аваад түүнийг эмч рүү явсан гэж хэлдэг. Үнэн бодит байдлын өвдөлтийг нуухыг хичээж байхдаа энэ асуултад хариулах амаргүй байдаг.
Би хоол хийж, цэвэрлэж, гэр бүлийнхээ бүх хүнийг асарч байна. Гэвч бүх ажил дуусаад амрах цаг ирэхэд ч миний бодол амардаггүй. “Ээж минь эдгэрэх болов уу? Бидэн рүү хуучин шигээ эргэж ирэх болов уу? Энэ хүнд өдрүүд дуусах болов уу?” гэсэн асуултууд тасралтгүй эргэлддэг.
Толгойд орж ирэх бүх боломж намайг туйлдуулж, зүрхийг минь хүндрүүлдэг. Энэ бол түр зуурын хямрал биш. Энэ бол миний ээж. Энэ бол хорт хавдар. Мөн энэ бол геноцидын дундах Газа.
Одоо бид түүний хөхийг бүхлээр нь авах мэс заслыг товлохыг түгшин хүлээж байна.
Эмч нар ээжид туяа эмчилгээ хэрэгтэй гэж хэлсэн ч Газад одоогоор тийм эмчилгээ байхгүй. Түүнд эмнэлгийн шилжүүлэг хийх бичиг өгсөн ч одоо хүртэл зөвшөөрөгдөөгүй байна. Тэр бол яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай Газын 20 000 палестин хүний нэг.
Заримдаа ээж минь яаралтай явах шаардлагатайг баталсан бичгээ хараад гүнзгий санаа алддаг. Тэр яг юунд хамгийн их шаналж байгааг би мэдэхгүй. Өвчиндөө юу, хөхөө авахуулах мэс засалдаа юу, өөрчлөгдсөн төрхдөө юу, эсвэл хаалттай байгаа Рафагийн хилийн зурвасыг бодоод уу?
Түүний зүрх энэ бүхнийг даахгүй байх, эсвэл оюун санаа нь нэг өдөр энэ бүх өвдөлтийн жинд дарагдан нуран унана даа гэхээс би айдаг.
Ээжийн минь туулж буй зовлон Газын бусад олон эхчүүдийн зовлон. Статистикт ч бүрэн үлдэхгүй, тэдний туулж буй бүхэн харагдахгүйгээр, мэдэгдэхгүйгээр өнгөрнө. Яг л энэ геноцидыг зохион байгуулсан хүмүүсийн хүссэнээр…
Эх сурвалж: Al Jazeera/ Shahed Abu AlShaikh