
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг нээлээ. Тендерийг “түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу "EPC+F" хэлбэрээр зарласан юм. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан гүйцэтгэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийхээс гадна төслийн санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Тэгвэл “Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерт дөрвөн ААН оролцжээ. Ирэх долоо хоногт тендерийн үнэлгээний хороо хуралдаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.
Тодруулбал,
“Нэгдүгээр тойрог зам”-ын трассын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс 13.7 км нэг түвшний 10 эгнээтэй гол гудамж зам, 2.08 км туннелийн хэсэгтэй, 9.03 км хоёр түвшний гүүр, гүүрэн байгууламжтай байна. Мөн долоон байршилд олон түвшний дайран өнгөрөх уулзвар, явган хүний гурван гүүр, дөрвөн нүхэн гарцтай. Төслийн нийт санхүүжилт 918.57 ам.доллар юм.
Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор хотын төвийн бүсийн замын ачаалал дунджаар 23-50 хувиар буурч, оргил ачааллын үеийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх боломжтой. Үүний зэрэгцээ замын нэвтрүүлэх чадвар Зүүн дөрвөн замд 23 хувь, Баруун дөрвөн замд 21 хувь, Баянбүрдийн тойрогт 14 хувь, Их Монголын гудамжинд 10 хувиар тус тус нэмэгдэнэ гэж үзэж байна.