"Милан Кортина 2026" өвлийн олимпын XXV наадам өчигдөр хаалтаа хийлээ. Италийн улсад зохион байгуулагдсан олимпын наадмыг Норвеги улсын баг 18 алт, 12 мөнгө, 11 хүрэл медальтайгаар тэргүүллээ. 18 алтын зургааг нь гүйлтийн цанын алдарт тамирчин Йоханнес Клебо авч нэгэн түүхэн амжилтыг бичсэн юм.

Жагсаалтын хоёрт АНУ-ын баг 12 алт, 12 мөнгө, 9 хүрэл медальтайгаар бичигдсэн бол Нидерланд, Итали, Германы баг 3-5-р байрыг эзлэв. Ази тивийн улсаас Японы баг 5 алт, 7 мөнгө, 12 хүрэлтэй 10-т, БНХАУ, БНСУ-ын баг 12-13-р байрт жагслаа. Уран гулгалтаар Казахстан улсын баг нэг алтан медаль хүртэж, эхний 20-д багтсан юм. 93 орноос 29 орон ямар нэгэн медаль хүртжээ.
Италийн Милан болон Кортина бүс нутагт болсон өвлийн олимпын наадамд Монгол Улсаас гурван цаначин өрсөлдлөө. Гүйлтийн цанын "В" зэрэглэлийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Ачбадрах гурван олимп дараалан уралдаж нэгэн түүхэн амжилтыг бичлээ. Мөн гүйлтийн цанын тамирчин Э.Ариунтунгалаг болон уулын цанын тамирчин А.Ариунбат анх удаа Олимпын замд мөрөө гаргасан юм. Монголын багийн гурав дахь эрх уулын цаначдын дундаас тодорсон нь энэ олимпын онцлох агшин болж үлдлээ. А Ариунбат уулын цанаар олимпын наадамд уралдсан анхны цаначин болж байна. Мөн наадмын хаалтын өдөр олимпын аварга болсон АНУ-ын багийн медалийг Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулсан нь онцлох үйл явдлын нэг боллоо.

Итали улс өнөөдрөөс эхлэн паралимпын өвлийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажилдаа орлоо. "Милан Кортина 2026" өвлийн паралимпын XIV наадам гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болно.