
МУЭ-ийн гишүүн, “Монгол зураг” нийгэмлэгийн гишүүн, “Шинэ өглөө” нэгдлийн тэргүүн Н.Ринчин-Очир “Тэнгэрийн хэл” бие даасан үзэсгэлэнгээ олон нийтэд толилуулна. Тус үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дөрөвдүгээр сарын 2-нд нээнэ.
Энэхүү үзэсгэлэнд монгол зургийн уламжлалт арга, хэлбэрийг орчин үеийн хэллэгт хөрвүүлж, хүн ба байгалийн салшгүй холбоог дүрслэлийн хэлээр хүүрнэсэн 30 гаруй бүтээл дэлгэх юм.
Түүний бүтээлүүдийг дараах гурван агуулгад хувааж болно.
Хөдөлгөөн ба орон зай: Хөдөлгөөний эрчим, орон зайг харуулсан бүтээлүүд багтана.
Үл үзэгдэх оршихуй: Илүү дотогшоо чиглэсэн, сүнслэг ертөнцийн тухай өгүүлнэ.
Домог ба түүхэн хэлхээ: Уламжлалт монгол зургийн элементүүд орчин үеийн хэлбэрт шилжиж буй бүтээлүүд багтана.
Өнөөдрийн хэт хурдтай, технологижсон ертөнцөд улс үндэстэн бүр өөрийн соёлын үндэс, дотоод үнэт зүйлс рүүгээ эргэн харах шаардлагатай болжээ. Монголчуудын хувьд, энэ нь эртний уламжлал, байгальтайгаа харилцах ухаан, тэнгэрээ дээдлэх үзэлтэй салшгүй холбоотой юм. Түүний бүтээл бүр нь тэнгэр, газрын дундах оршихуйн нууцыг бэлгэдлээр дамжуулан тайлахын сацуу, үзэгчийг өөрийн дотоод ертөнц рүүгээ өнгийж, амар амгаланг эрэн хайх орон зайд хөтөлнө гэдгийг уран бүтээлч тодотгож байна.