
АНЭУ-ын Ерөнхий прокурорын мэдээлснээр, сэжигтэн халдлагад сэтгэлзүйн болон бие бялдрын хувьд бэлтгэснийхээ дараа ганцаараа үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) эрх баригчдын мэдээлснээр, есдүгээр сарын 30-нд Flydubai компанийн нисэх онгоцыг хяналтдаа авахыг завдсан туслах нисгэгч онгоцыг Израилийн Тель-Авив хотын Бен-Гурионы нисэх онгоцны буудалд зориуд унагах зорилготой “амиа золиослох” ажиллагаа төлөвлөж байжээ.
АНЭУ-ын прокурорууд уг төлөвлөгөөг “2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас санаа авсан” гэж үзэж байгааг Ерөнхий прокурор Хамад Саиф аш-Шамси баасан гарагт төрийн мэдлийн WAM агентлагаар дамжуулан мэдэгдсэн байна.
WAM агентлаг аш-Шамсигийн мэдэгдэл болон аравдугаар сарын 1-нд эхлүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад АНЭУ-ын мөрдөгчдийн олж тогтоосон мэдээллийг нийтэлсэн байна.
Мөрдөн шалгалтаар 29 настай сэжигтэн Тель-Авив руу өмнө нь хоёр удаа нисэж, “нислэгийн чиглэл болон нисэх онгоцны буудалтай танилцсан” болохыг тогтоожээ.
Ерөнхий прокурорын мэдээлснээр, сэжигтэн нэгдүгээр сард Flydubai компанид ажилд орохоосоо өмнө Оман Эйр, Роял Эйр Марок зэрэг хэд хэдэн улсын агаарын тээврийн компанид ажиллаж байжээ.
Мөрдөгчид Flydubai компанийн ажилтан сонгон шалгаруулах журмыг шалгахад сэжигтэн мэргэжлийн болон аюулгүй байдлын бүх шаардлагыг хангасан байжээ. Тухайлбал, нисгэгчийн үнэмлэхтэй, зан төлөвийн талаархи тодорхойлолт гаргуулсан аж.
“Гэсэн хэдий ч эдгээр журмын аль нь ч түүнийг хэт даврагч үзэлтэй, эсвэл террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг илтгэх ямар нэгэн шинж тэмдэг илрүүлээгүй” гэж мэдэгдэлд дурджээ.
АНЭУ-ын албаныхан 174 хүн тээвэрлэж явсан Дубай–Тель-Авивын нислэгийн ахмад нисгэгч, туслах нисгэгчийн хамтрагч руу халдсан хэрэгт буруутгагдаж буй сэжигтний нэрийг албан ёсоор зарлаагүй байна. Харин энэ хэргийн талаар шууд мэдээлэлтэй хүмүүс түүнийг Оманы иргэн Хамам аль-Хаммами гэж тодорхойлсныг Ройтерс болон Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ.
Аш-Шамсигийн хэлснээр, сэжигтэн “терроризмыг” сурталчилсан материал үзэж, боксын хичээлд суух замаар халдлагад сэтгэлзүйн болон бие бялдрын хувьд бэлтгэсэн гэдгээ мөрдөгчдөд хэлсэн байна.
Мэдэгдэлд дурдсанаар, “түүний хэт даврагч үзэл, терроризм руу хэлбийх шинж тэмдэг анх 2017 онд Австралид суралцаж байх үед илэрчээ”.
Мөн сэжигтэн “бусад хүний оролцоогүйгээр ганцаараа үйлдсэн” гэдгээ хүлээн зөвшөөрч, өмгөөлөгчийнхөө дэргэд сэдэл шалтгаан болон төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн үе шат бүрийг дэлгэрэнгүй тайлбарлан мэдүүлэг өгсөн гэж мэдэгдэлд дурджээ.