
Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат “2026-2027 оны хичээлийн жилийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын гол зорилго нь суралцагч бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй явуулах юм. Үүний хүрээнд нийт 15 зорилго, зорилт гаргасан. Түүнчлэн хичээлийн жилийн бүтцийг шинэчилж, дөрвөн улиралтай болгосон. Хот, хөдөөгийн сургуулиудыг ялгаатай байдлаар зохицуулсан. Мөн нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичиг ашиглаж хичээллэнэ.
Энэ хичээлийн жилээс эхлээд бага ангийн сурагчдын дунд “Их нүүдэл” шатрын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Багш зохицуулах цаг дээр шатрын хөтөлбөр явуулна. Энэ жил улсын хэмжээнд нэг ээлжээр хичээллэх 238 сургууль бий.
Орон нутгийн түвшинд 42 байршилд бүтцийн зөв төлөвлөлт хийж, сум дундын сургууль бий болгосон. Нийслэлийн хэмжээнд ачаалал ихтэй сургуулиудын ачааллыг бууруулах, анги дүүргэлтийг 45-аас бага байлгах зорилгоор 22 сургууль дээр зохицуулалт хийж, хотхоны бага сургууль буюу гэрт ойр сургуулийг ажиллуулахаар ажиллаж байна. Аймаг, дүүрэг бүрд нэг, нэг төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаа явуулна. Улсын хэмжээнд олон улсын хөтөлбөртэй зургаан сургууль үйл ажиллагаа явуулж байна” гэв.
Элсэлтийн шалгалт, гүйцэтгэлийн үнэлгээний үеэр ажилласан багш нарын цалин олгогдохгүй байна гэх асуудал сөхөгдсөн. Уг асуудалд холбогдох байгууллагаас тайлбар өгөв. Элсэлтийн шалгалтад 3700 орчим багш, ажилчид ажилласан байна. Эдгээр багшийн цалинг олгосон ч мэдээлэл нь зөрүүтэй 30 орчим багшийн цалинг олгоогүй аж. Энэ долоо хоногтоо багтаад, мэдээллийг нь шалгаад, цалинг нь өгөх юм. Гүйцэтгэлийн үнэлгээний үеэр ажилласан багш нарын цалинг олгож эхэлсэн. Энэ долоо хоногт бүх багш нарт цалинг нь олгож дуусна гэдгийг мэдээллээ.