
"Долфин" нэртэй хүчтэй хар салхи Японы өмнөд арлуудыг дайран өнгөрч, хүчтэй аадар бороо, салхи авчирсны улмаас 260 мянга орчим хүнд нүүлгэн шилжүүлэх тушаал өгч, Окинавагийн гол нисэх буудлыг хаан, 500 гаруй нислэгийг цуцалжээ.
Энэ нь өнгөрсөн долоо хоногт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас хүнд нөхцөлд байгаа бүс нутагт дахин сорилт болж байна.
Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, "Долфин" баасан гарагийн өглөө Кюшю болон Окинавагийн хооронд орших Окиноэрабү арлын ойролцоогоор өнгөрч, цагт 25 км хурдтай баруун тийш шилжиж байжээ. Хар салхины төв орчимд тогтвортой салхины хурд цагт 144 км хүрсэн бол мөн арлын гинжин хэлхээнд багтах Токүношима арал дээр өглөөний 07:00 цагийн өмнөхөн 148 км/цагийн хүчтэй салхи бүртгэгдсэн байна.
Окинава мужид 70 гаруй насны гурван эрэгтэй хөнгөн гэмтжээ.
Хар салхины гаднах үүлэн бүс Кюшю арлыг дайран өнгөрч байгаа бөгөөд үүнд Кумамото муж багтаж байна. Тус мужид долдугаар сарын 28-нд болсон 7.1 магнитудын газар хөдлөлтийн улмаас 38 хүн амиа алдаж, олон тооны барилга нурсан юм. Одоог хүртэл 6700 орчим хүн түр нүүлгэн шилжүүлэх төвүүдэд амьдарч байгаа бөгөөд оршин суугчид эвдэрсэн дээврүүдээ хуванцар хучлагаар бүрж байжээ.
Нүүлгэн шилжүүлэх тушаал Кагошима болон Окинава мужуудад үйлчилж байгаа бөгөөд цаг уурчид салхины ширүүсэлт 198 км/цаг хүрч, барилга байгууламжийг гэмтээх эсвэл нураах хүчтэй байж болзошгүйг анхааруулжээ.
Окинавагийн гол гарц болох Наха олон улсын нисэх буудал баасан гарагт бүрэн хаагдаж, бүх дотоод болон олон улсын нислэгээ цуцалсан байна.
Мөн бямба гарагийн өглөө хүртэлх 24 цагийн хугацаанд 200 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байна. Нэг бүсэд олон цаг үргэлжилдэг аадар борооны зурвас үүсэж, үер болон хөрсний гулгалт болох эрсдэл өндөр байгааг Японы Цаг уурын агентлаг анхааруулжээ.
Үүний зэрэгцээ Японы өмнөд хэсэгт агаарын температур 36 хэм хүрэх төлөвтэй байгаа тул халууны цохилтын эрсдэл мөн өндөр байна.
Автомашин үйлдвэрлэгч Toyota хар салхины улмаас автомашин тээвэрлэлт тасалдаж болзошгүй гэж үзэн Япон дахь есөн үйлдвэрийнхээ үйлдвэрлэлийг баасан гарагт түр зогсоожээ.
Дараагийн чиглэл: Хятад
Урьдчилсан төлөвөөр "Долфин" амралтын өдрүүдэд Зүүн Хятадын тэнгисийг гаталж, ням гарагийн үдээс даваа гарагийн өглөөний хооронд Хятадын зүүн эргийн Жөжян мужийн өмнөд хэсэг болон Фүжянь мужийн хойд хэсэгт эх газарт хүрэх төлөвтэй байна.
Хятадын Үндэсний цаг уурын төв шар түвшний сэрэмжлүүлгээ хэвээр үлдээж, хар салхи эрэгт хүрэхээс өмнө хүчээ хадгалах эсвэл бага зэрэг хүчжих магадлалтай гэж мэдээлжээ.
Баасан гарагийн өглөөний 08:00 цагийн байдлаар тус төв хар салхийг Вэньжөү хотоос 820 км зүүн талд байрлаж байгаа бөгөөд төвийн салхины хурдыг 162 км/цаг гэж үнэлсэн байна. Энэ нь Японы үнэлгээнээс өндөр байгаа нь хоёр улсын салхины хурдыг хэмжих аргачлал өөр байдагтай холбоотой юм.
Жөжян болон Фүжянь мужууд хар салхины онцгой байдлын хамгийн доод түвшний хариу арга хэмжээг эхлүүлжээ.
Жөжян мужид:
Фүжянь мужид ням гарагаас лхагва гараг хүртэл 100-200 мм, зарим газарт 300 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байна.
Хятадын Үндэсний цаг уурын төвийн ахлах цаг уурч Дун Линий хэлснээр, энэ удаагийн хар салхи олон улсын огнооны шугамаас баруун талд үүсэж, ийм хүчтэй хэвээр Хятадын эрэгт хүрч байгаа нь тун ховор үзэгдэл аж.
Тэрээр мөн субтропикийн өндөр даралтын бүс суларсан тул хар салхи эх газарт орсны дараах чиглэлийг урьдчилан тогтооход хүндрэлтэй байгааг онцолжээ. Иймээс өмнөд Хятадад хоёр, гурван өдөр саатах, эсвэл хойд зүг рүү эргэн, Хятадын хойд хэсэгт удаан үргэлжлэх салхи, бороо авчрах магадлалтай.
Харин Тайванийн хойд хэсэгт баасан гарагийн үдээс хойш 50-80 мм хур тунадас орох төлөвтэй байна.
Өмнөд Солонгосын халалтыг улам нэмэгдүүлэв
"Долфин" ар салхи замаасаа хол байгаа бүс нутгийн цаг агаарт ч сөргөөр нөлөөлж байна. Тодруулбал, Өмнөд Солонгосын цаг уурчдын мэдээлснээр, хар салхи зүүнээс үлээх салхийг эрчимжүүлж, энэ нь Солонгосын хойгийн уулсыг даван баруун талаар уруудахдаа улам халж, Сөүл хотын температурыг энэ долоо хоногт түүхэн дээд хэмжээнд ойртуулахад нөлөөлсөн аж.
Өмнөд Солонгост үргэлжилж буй хэт халалтын улмаас одоогийн байдлаар дор хаяж 21 хүн амиа алджээ.