
Өмнөд Африкийн шүүх энэ сарын эхээр өөр найман хүний хамт баривчлагдсан, Оросын талд Украины эсрэг тулалдахаар явахыг завдсан Зимбабве улсын иргэнийг гэм буруутайд тооцож, ял оноолоо.
Зимбабве улсын иргэн Тафадзва Ситолед таван жилийн хорих ял оноосон боловч уг ялыг таван жилийн хугацаагаар тэнсжээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд ижил төрлийн гэмт хэрэг үйлдэж, дахин ял шийтгүүлсэн тохиолдолд л хорих ялаа эдлэх юм. Ситолег Зимбабве руу албадан гаргах аж.
Тэрбээр Зимбабвед байхдаа цахимаар хүсэлт гаргаж, улмаар Оросын талд дайнд оролцохоор тохиролцсныхоо хариуд “хөлс” авахаар болсон гэж шүүхэд мэдүүлсэн байна.
“Тэрбээр ОХУ Украинтай үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөнд оролцож байгааг мэдэж байсан. Өөрийн цэргийн албан дахь үүргийг уг зэвсэгт мөргөлдөөний хүрээнд хэрэгжинэ гэдгийг ойлгож байсан” гэж түүний өмгөөлөгч шүүхэд мэдэгджээ.
Ситолег арваннэгдүгээр сарын 8-нд О.Р. Тамбо олон улсын нисэх онгоцны буудалд Орос руу нисэх онгоцонд суух гэж байх үед нь баривчилсан байна.
Гадаадын цэргийн тусламжийн тухай хууль
Ситоле хүсэлтээ илгээсний дараа өөрийгөө “Албина” гэж танилцуулсан хүн түүнтэй холбогдож, Өмнөд Африкт байрлах газар зохицуулан, Орос руу нисэх онгоцны тийз өгсөн гэж мэдүүлжээ. Түүний мэдүүлгийг Өмнөд Африкийн прокуроруудтай байгуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт дэлгэрэнгүй тусгажээ.
Тэрбээр Гадаадын цэргийн тусламжийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Уг хуулиар хөлсний цэргийн үйл ажиллагааг хориглож, гадаадын зэвсэгт мөргөлдөөнд оролцогч талуудад үзүүлэх цэргийн тусламж, тэр дундаа хүн элсүүлэх, сургах үйл ажиллагааг зохицуулдаг. Мөн энэ хууль гадаадын иргэдэд адилхан үйлчилдэг.
Зимбабвегийн их сургуулийн гуравдугаар дамжааны ажилгүй оюутан хэмээн өөрийгөө тодорхойлсон Ситоле арваннэгдүгээр сарын 4-нд Өмнөд Африкт хууль ёсоор нэвтэрч, Орос руу явах бэлтгэлээ хангахын тулд Йоханнесбургийн зүүн хэсэгт орших Кемптон-Парк дүүргийн байрлах газарт амьдарч байсан гэж мэдүүлсэн байна.
Орос улс Украины эсрэг дайнд оролцуулах цэрэг элсүүлж буй Африкийн хэд хэдэн орны нэг нь Зимбабве юм. Түүнчлэн Өмнөд Африк, Кени, Ботсвана, Гана зэрэг улсаас хүн элсүүлдэг гэх мэдээлэл бий.
Зимбабвегийн эрх баригчид гуравдугаар сард Украины дайнд тус улсын 15 иргэн амь үрэгдсэн, өөр 66 иргэнийг эх оронд нь буцаахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ. Засгийн газрын мэдээлснээр, элсүүлэгчид иргэдэд өндөр цалинтай ажил амласан боловч аяллын бичиг баримтыг нь хураан авч, улмаар тулалдаанд хүчээр оруулсан байна.
Кенийн засгийн газар хоёрдугаар сард тус улсын 1000 гаруй иргэнийг Оросын талд тулалдахаар элсүүлсэн гэж мэдэгдсэн. Гуравдугаар сард Найроби хотод ар гэрийнхэн нь жагсаал хийж, Оросын армид татагдсан төрөл төрөгсдөө буцаан авчрах, үүнд буруутай хүмүүсийг хуулийн хариуцлагад татахыг шаарджээ.
Ашгийн бус мэдээллийн технологи, дата сэтгүүл зүйн байгууллага болох “Код фор Африка”-гийн хийсэн мөрдөн сурвалжилгаар, хуурамч зар сурталчилгаа болон өндөр ашиг амлан хүмүүсийг ОХУ-ын армид элсүүлэхэд ашигласан 289 вэбсайт, домэйн нэр, нийгмийн сүлжээний хаягийг илрүүлсэн байна.