
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусантай холбогдуулан хуулийн дагуу УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд С.Наранцогтыг нэр дэвшүүлсэн юм.
С.Наранцогт 1973 онд Дундговь аймагт төрсөн. МУИС-ийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр 1994 онд төгсөж, 1999-2001 онд тус сургуульд магистрын зэрэг, 2005-2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр 1993-1997 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд инженер, ахлах инженер, 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч, 2000-2003 онд “Айси” ХХК-д ерөнхий менежер, 2003-2005 онд Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга, 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга, 2015-2017 онд Сангийн яаманд газрын дарга, 2017-2021 Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2021-2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайдаар ажиллаж байгаад 2022 оноос хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.
УИХ-ын гишүүд ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлээр ажиллах, гадаад валютын албан нөөцийг төрөлжүүлэх, төв банкны цахим мөнгө буюу CBDC (Central bank digital currency)-г нэвтрүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах Монголбанкны үндсэн зорилтыг хэрэгжүүлж ажиллахыг захилаа.
Улмаар Монголбанкны ерөнхийлөгчийн томилох санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингэснээр мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, мөнгөн тэмдэгт дээр гарын үсгээ зурах Монголбанкны дараагийн ерөнхийлөгчөөр С.Наранцогт томилогдлоо.