Хятадын өөртөө засах орон Төвөдийн бүс нутагт пүрэв гарагт 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээлсэн. Байгалийн гамшгийн улмаас хамгийн багадаа 16 хүн амиа алдан, 54 хүн бэртэж,Нагчү хотын хойд хэсэгт олон зуун байшин нуржээ.
Гамшигт өртсөн бүс нутагт эрэн хайх, аврах ажил үргэлжилж байна.
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Нагчү хотоос зүүн хойд зүгт 191 километрийн зайд, хүн ам сийрэг суурьшдаг уулархаг бүсийн 18 километрийн гүнд болжээ. Тус агентлаг газар хөдлөлтийн дараа 4.3-5.2 магнитудын хүчтэй долоон удаагийн чичирхийлэл бүртгэгдсэнийг мөн мэдээлсэн юм.
Синьхуа агентлагийн мэдээлснээр газар хөдлөлтөд өртсөн бүс нутагт харилцаа холбоо тасарч, галт тэрэгний хөдөлгөөнийг яаралтай зогсоох арга хэмжээ авчээ. Ирэх гурван хоногт газар хөдлөлт болсон бүс нутгаар цас орох төлөвтэй байна.