
Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих хүрээнд хийсэн тандалт судалгааны дүнг “Тавантолгой түлш” ХХК болон Нийслэлийн холбогдох удирдлагуудад танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр /2026.10.23/ хэлэлцэв.
Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар, Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Золбоо, Хяналт шалгалтын газрын дарга Б.Баясгалан, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар, Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Мичидмаа, “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Даваасүрэн болон бусад холбогдох удирдлагууд, албан хаагчид оролцлоо.
2026-2027 оны галлагааны улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг нийт 427.4 мянган тонн түлшээр хангахаар төлөвлөсөн бөгөөд 10 дугаар сарын 22-ны байдлаар 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдсэн байна.
Харин тандалт судалгаагаар нийслэлийн түлш борлуулах 446 цэгийн 168 нь түлшний үлдэгдэлгүй, 80 цэг 1-50 ширхэгийн үлдэгдэлтэй буюу нийт цэгийн талаас илүү хувьд үлдэгдэлгүй эсвэл маш бага байгаа нь тогтоогдсон байна. Иймд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Даваасүрэнд түлшний нөөцийг иргэдийн эрэлт, борлуулалтын цэгүүдийн ачаалалтай уялдуулан оновчтой хуваарилах, тээвэр логистик, түгээлтийг шуурхай зохион байгуулж ажиллах чиглэл өглөө. Мөн Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатарт шахмал түлшний борлуулалт, түгээлтэд ашиглаж буй “Хотула” (Hotula) аппликэйшны мэдээллийг dashboard.gov.mn системтэй уялдуулан нэгтгэж, түлшний нөөц, түгээлт, борлуулалтын мэдээллийг бодит цагийн горимоор хянах боломжийг бүрдүүлэх, нээлттэй өгөгдлийг бий болгох чиглэлээр ажиллах үүрэг өгсөн юм. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь иргэдийн түлшний эрэлт, хэрэгцээг тасалдуулахгүй хангах чиглэлээр өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.