
1992 онд анх видео тоглоом хэлбэрээр гарсан “Mortal Kombat” богино хугацаанд дэлхий даяар алдартай болж, тулаант төрлийн хамгийн их тоглогддог тоглоомуудын нэг болсон түүхтэй. Тухайн үеийн залуусын сонирхлыг татаж чадсан энэхүү тоглоомын амжилт удалгүй кино ертөнцөд хүрч 1995 онд анхны кино хувилбар нь дэлгэцнээ гарч байв.
Түүний дараагаас 2021 онд шинэчлэн бүтээсэн кино хувилбар нь франчайзын нэр хүндийг дахин өсгөж шинэ үеийн үзэгчид болон тоглоом сонирхогчдыг татахад чухал нөлөө үзүүлсэн билээ. Олон жилийн турш сая сая хүн “Mortal Kombat” видео тоглоомыг тоглож өссөн бөгөөд өнөөдөр ч дэлхийн залуусын дунд хамгийн их тоглогддог тулаант тоглоомуудын нэг хэвээр байна.
Харин өнгөрсөн долоо хоногт “Mortal Kombat II” кино нээлтээ хийв. Тус бүтээл нээлтээ хийсэн даруйдаа кино зах зээлд хүчтэй өрсөлдөөн үүсгэж эхэллээ. “Mortal Kombat II” кино өнгөрсөн долоо хоногийн бокс оффисын орлогоор тэргүүлэгч “The Devil Wears Prada 2”-ыг давж нэгдүгээр байрт бичигдэх болов.
“Mortal Kombat II” киноны төсөв 80 сая ам.доллар байсан нь 2021 оны эхний ангид зарцуулсан 55 сая ам.доллароос нэлээд өндөр үзүүлэлт болжээ. Анхны “Mortal Kombat” кино нээлтийн долоо хоногтоо 23 сая ам.долларын орлого олж, театрын үзвэрийн хугацааны төгсгөлд дэлхий даяар нийт 84 сая ам.доллар цуглуулж байв. Тэгвэл энэ удаад “Warner Bros”-ын бүтээсэн эл кино Хойд Америкийн 3503 кино театраас баасан гарагт 17 сая ам.долларын орлого олжээ. Анх студи нээлтийн амралтын өдрөөр дотоодын зах зээлээс 35 сая ам.долларын орлого хийнэ гэж таамаглаж байсан ч өдгөө энэ үзүүлэлт 41 сая ам.долларт хүрэх магадлалтай байна.
Хэрэв олон улсын үзэгчид шинэ ангийг таашаан хүлээж авбал “Mortal Kombat II” өмнөх ангийнхаа орлогыг хэдхэн долоо хоногийн дотор давах боломжтой гэж шинжээчид үзэж байна. Ялангуяа жүжигчин Карл Урбан Жони Кейжийн дүрд нэгдсэнээс гадна видео тоглоомоос сэдэвлэсэн кинонуудын сүүлийн үеийн амжилт уг киноны боломжийг нэмэгдүүлж байгаа юм.