
АНУ-ын Солонгос дахь цэргийн хүчний (USFK) командлагчийн Өмнөд Солонгосыг Хятад руу чиглэсэн “чинжаал” хэмээн зүйрлэсэн мэдэгдлийг Умард Солонгосын тал шүүмжилжээ. Бээжингийн эсрэг ийм бодлого баримтлах нь бүс нутгийн орнуудыг Вашингтоныг сөрөн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд хүргэнэ гэдгийг мөн Умард Солонгос анхаарууллаа.
АНУ-ын Солонгос дахь цэргийн хүчний командлагч генерал Хавиер Брансон өнгөрсөн баасан гарагт подкаст ярилцлагын үеэр Өмнөд Солонгосыг Хятадын зүүн эргээс харахад “Азийн зүрхэнд зоогдсон чинжаал” гэж нэрлэсэн юм.
“Түүний мэдэгдэл нь БНСУ АНУ-ын Энэтхэг-Номхон далайн стратегийг хэрэгжүүлэх дэвшилтэт бааз болж байгааг дахин нэг удаа илчилсэн хэрэг болсон” гэж Умард Солонгосын талаас хийсэн тайлбарын англи хувилбарт дурджээ.
Түүнчлэн уг тайлбарт “Хавиер Брансоны үгс нь Солонгосын хойг болон түүний ойр орчмыг бүлэглэл хоорондын сөргөлдөөн, шинэ Хүйтэн дайны гол тулааны талбар гэж үздэг энх тайвныг үймүүлэгч, дэлхийн хамгийн том дайны эзэнт гүрэн болох АНУ-ын хорон дүр төрхийг тод харуулж байна” гэжээ.
Мөн Брансоны мэдэгдэл нь хувь хүний “гэнэтийн байр суурь” биш. Харин холбоотон улсаа Хятадыг тогтоон барих “геополитикийн хэрэгсэл” болгон ашиглахыг зорьж ирсэн АНУ-ын засаг захиргаануудын стратегийн сэтгэлгээг илэрхийлж байна гэжээ.
“Ази, Номхон далайн бүс нутаг дахь империализмын эсрэг бие даасан хүчнүүдийн эсрэг хамтын тогтоон барих чадварыг бэхжүүлэх гэсэн АНУ-ын оролдлого нь хөрш орнуудын аюулгүй байдлын болгоомжлолыг нэмэгдүүлж, тэнцвэржүүлэхийн тулд тэдний хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх болно” гэдгийг дурдсан байлаа.
Умард Солонгос Сөүл болон Вашингтоны хооронд Өмнөд Солонгосын цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцтой болох санаачилгын хүрээнд явагдаж буй хамтын ажиллагаа нь Хятадын эсрэг Өмнөд Солонгосыг тогтоон барих хэрэгсэл болгон ашиглах, мөн бүс нутагт стратегийн уян хатан байдлыг хангах гэсэн АНУ-ын оролдлоготой “шууд холбоотой” гэж үзжээ.
Энд дурдсан стратегийн уян хатан байдал гэдэг нь АНУ-ын цэргийн хүчний байрлал, үүргийг зөвхөн Солонгосын хойгоор хязгаарлахгүйгээр бүс нутгийн бусад чиглэлд ашиглах боломжийг хэлдэг.
Брансоны мэдэгдэл Өмнөд Солонгост маргаан үүсгэж, Хятадын хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан юм.
Сөүл дэх БНХАУ-ын Элчин сайдыны яамнаас мэдэгдэл гаргаж, түүнийг дайсагнасан байр сууриа ил тод харуулснаараа “хил хязгаарыг давсан” гэж буруутгажээ.
Харин Брансон бямба гарагт Шангри-Лагийн яриа хэлэлцээний хүрээнд болсон батлан хамгаалахын форум дээр үг хэлэхдээ, өөрийн хэлсэн үг нь бүс нутгийн үйл ажиллагааны орчин хэрхэн өөрчлөгдөж байгааг тайлбарлах, мөн стратегийн шинэ өнцгөөс харах шаардлагатай болсныг онцлох зорилготой байсан гэж мэдэгдсэн байна.