
Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан олон нийтийн саналыг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүллээ.
Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын хүрээнд мөнгөний болон макро зохистой бодлогыг уялдуулан хэрэгжүүлж, инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоох зарчмыг баримтална. Банкны салбарын эрсдэл даах чадвар, хяналт, хариуцлагыг олон улсын стандартад нийцүүлэн бэхжүүлж, тус салбар дахь мөнгө угаах, терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлийг удирдах тогтолцоог боловсронгуй болгоно. Түүнчлэн Төв банкны хараат бус, бие даасан, нээлттэй, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, төлбөрийн болон санхүүгийн захын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, өгөгдлийн болон зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх санхүүгийн хэрэгслүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Нээлттэй хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөл, эдийн засагч, судлаач, иргэдийн 100 гаруй төлөөлөл оролцож, мэдээлэл сонсон, мөнгөний бодлогын баримт бичигт тусгах санал, байр сууриа илэрхийлэв.