
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди лхагва гарагт Израилийн парламентад үг хэлэх үеэрээ Энэтхэг улс Израилийг “бүрэн итгэл үнэмшилтэйгээр” дэмжиж байгаагаа мэдэгдэж, 2023 оны аравдугаар сард Хамас-ын халдлагын үеэр амь үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийлэв.
Моди хоёр өдрийн айлчлалынхаа эхэнд Ойрх Дорнодын тус улстай “нөхөрлөл, харилцан хүндлэл, түншлэл”-ээ бататгана гэдгээ амласан. Тэрээр Израилийн парламент болох Кнессет-д хандан “Та бүхэнтэй адил бид терроризмын эсрэг тууштай, ямар ч давхар стандартгүй, тэвчихгүй байх бодлого баримталдаг. Тодорхойгүй, тогтворгүй энэ дэлхийд Энэтхэг-Израилийн нөхөрлөл хүч чадлын эх сурвалж хэвээр байг” хэмээн онцлон мэдэгдсэн.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мөн парламентад үг хэлэхдээ хоёр улс хоёулаа терроризмын халдлагад өртөж байсан талаар дурдаад, Энэтхэг ба Израил “радикал исламизм”-тай нүүр тулан тэмцэх нийтлэг сорилттой тулгарч буй”-г онцолсон.
Сөрөг хүчний зарим гишүүд парламентын дарга Дээд шүүхийн тэргүүнийг урьж оролцуулаагүйд эсэргүүцэн хуралдааныг түр орхисон ч ноён Модигийн илтгэлийн үеэр буцан оролцжээ. Баруун жигүүрийн засгийн газрыг тэргүүлдэг ноён Нетаньяху болон шүүх хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд хурцадмал байгаа юм.
Бхаратиа Жаната намын удирдагч Моди 2017 онд Израилд айлчилсан Энэтхэгийн анхны Ерөнхий сайд болсон. Тэр айлчлалын үеэр Нетаньяхутай хамт Хайфа хотын далайн эрэг дээр хөл нүцгэн зугаалж байсан нь анхаарал татаж байв.
Бараг есөн жилийн дараа ч эрх барьсаар буй хоёр удирдагч энэ удаа хиймэл оюун ухаан болон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Израил улс зэвсгийн экспортоо нэмэгдүүлэхийг зорьж буй энэ үед айлчлал болж байгаагаараа онцгой байлаа.
Модиг нисэх онгоцны буудал дээр Нетаньяху тэврэн угтаж, дараа нь Кнессетэд “Нарендра, миний эрхэм найз” хэмээн танилцуулсан. Нетаньяху “Таны энэ айлчлал шиг сэтгэл хөдөлгөсөн мөч надад өмнө нь тохиолдож байгаагүй” хэмээн хэлж, Модиг “Израилийн агуу найз, Энэтхэг-Израилийн холбооны үнэнч хамгаалагч, дэлхийн тавцан дахь томоохон удирдагч” гэж магтжээ.
Газын дайны улмаас олон холбоотонтой харилцаа нь муудсан Израилд энэхүү айлчлал нь дипломат дэмжлэг болж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Израилийн засгийн газрын нэгэн албан тушаалтан “энэ айлчлал олон салбарт шинэ түншлэл, хамтын ажиллагааны үүд хаалгыг нээнэ” гэж мэдэгдсэн бол Гадаад хэргийн яамны төлөөлөгч хоёр талын харилцаа мэдэгдэхүйц ахицтай байна гэжээ.
Модигийн засгийн газар Израилтай ойртох бодлого баримталж ирсэн нь Энэтхэгийн гадаад бодлогын уламжлалт Палестиныг дэмжих байр сууринаас тодорхой хэмжээнд өөрчлөгдсөнийг илтгэнэ. Энэтхэг улс Израилтай бүрэн дипломат харилцааг 1992 онд л тогтоосон бөгөөд энэ удаагийн айлчлал аюулгүй байдал, эдийн засаг, технологийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.
Энэтхэг нь Израилийн Азид дахь хоёр дахь том худалдааны түнш юм. Энэтхэгийн Худалдааны яамны мэдээлснээр 2025 оны санхүүгийн жилд хоёр улсын нийт худалдааны эргэлт 3.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.
2023 оны аравдугаар сарын халдлагын дараа Моди Израилтай эв санааны нэгдэлтэй байхаа хамгийн түрүүнд илэрхийлсэн удирдагчдын нэг байсан. Нетаньяху талархал илэрхийлэхдээ “Та ганхсангүй, эргэлзсэнгүй, шалтаг тоочоогүй. Та Израилийн талд бат зогссон” гэжээ.
Хариуд нь Моди Газын зурваст гал зогсоох АНУ-ын санаачилсан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэмжсэн төлөвлөгөөг Энэтхэг улс “бүрэн дэмжиж” байгаагаа илэрхийлсэн. Уг төлөвлөгөө нь Хамасын засаглалыг эцэслэх, зэвсэг хураах, бүс нутгийг сэргээн босгох, Израилийн цэргийг гаргах зэрэг асуудлыг тусгасан бөгөөд Палестины төр байгуулах асуудлыг ерөнхий байдлаар дурдсан байна.
Тэрээр “Энэ нь бүс нутгийн бүх ард түмэнд, үүнд Палестины асуудал багтаж, шударга бөгөөд тогтвортой энх тайвныг авчрах боломжтой гэж бид үзэж байна” гэж хэлжээ.
Модигийн Ойрх Дорнод дахь айлчлал нь АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээ гацаанд орсон энэ үед Ираны эрэг орчимд тэнгисийн цэргийн хүчээ нэмэгдүүлсэнтэй давхцаж байна. Мөн АНУ Израилийн эрэг чиглэн Газар дундын тэнгист нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц илгээсэн байна.