
Хөвсгөл нуурыг анх харахаасаа өмнө тэр зөвхөн нэг л зүйлийг сонссон байв. “онгоцны цонхоор загас нь харагддаг тунгалаг нуур” гэж.
Энэ үгийг Оросын Буриадын лам Тэнзэн 1994 онд Америкт хэлэхэд, дэлхий тойрон хэдэн арван нуур үзэж судлаж явсан экологич хүний сонирхлыг ихэд татжээ. Тэр жилдээ Байгаль нуурын ойролцоо ажиллаж явахдаа Ханхын боомтоор Монголд нэвтэрч Хөвсгөл нуурыг анх харжээ. Энэ аялал түүний ажил амьдралд шинэ хуудас нээсэн бол, манай Монголын Экологийн шинжлэх ухааны салбарт ч шинэ хуудас нээгдэж байв.
Эрхэм уншигчдадаа АНУ-ын Drexel University-ийн экологич, Монгол Улсын “Найрамдал”, “Алтан гадас” одонт доктор Клайд Гоулденийг (Clyde Goulden) танилцуулъя. Тэрээр экологийн шинжлэх ухааны эцэг гэгддэг Жорж Хатчинсоны шавь бөгөөд Йелийн их сургуулийн постдок. Нуур судлал, экологи, систематик, эволюцийн судалгаагаар мэргэшсэн тэрээр зургаан ном хэвлүүлж, 100 гаруй шинжлэх ухааны бүтээл туурвисан байна. Харин түүний эхлүүлсэн “Хөвсгөл” төсөл Хөвсгөл нуур, байгаль орчны өөрчлөлтийг судлаад зогсоогүй, Монгол Улсад байгалийн шинжлэх ухааны чиглэлийн олон арван эрдэмтэн бэлдэж өгчээ. Тэрээр амьдралынхаа хориод зуныг Хөвсгөл нуурын хөвөөнд өнгөрүүлсэн байна.

Зүүн Өмнөд Азийн орнууд, Америк, Герман, Орос зэрэг олон орны судлаачдыг холбон, орон нутгийн иргэдийн ажиглалтыг хамтатгасан түүний төслүүд хамтын ажиллагаа гэж юу байдгийн жинхэнэ загвар болсон байдаг. Энэ ажлын үр дүнг нэгтгэсэн 30 бүлэг бүхий “Хөвсгөл нуурын экологи, геологи, биологийн төрөл зүйл” ном өнөөдөр дэлхийн олон орны нэр хүндтэй номын санд хадгалагдаж байна.
Др. Гоулден АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сан, USAID, Дэлхийн банк, GEF, Дойч грант, Рокфеллерийн сан зэрэг олон улсын эх үүсвэрээс 10 гаруй сая ам.доллар босгожээ. Тэр санхүүжилтийг эрдэм шинжилгээний бодит үр дүн болгон хувиргаж, түүнээс ч илүүгээр шинэ үеийн эрдэмтэд болгон үлдээсэн нь хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Др. Гоулден Монголын экологийн шинжлэх ухааны гурван үеийн эрдэмтдийг бэлдэж өгсөн гавьяатай хүн. Хөвсгөл төсөл дээр дадлагажсан залуу судлаачид өдгөө доктор, профессорууд, судалгааны багийн ахлагчид, төрийн байгууллагын мэргэжилтнүүд, их сургуулийн багш нар болжээ.
Энэ төслийн анхны залуусын нэг Б.Болдгив хожим Корнеллийн их сургуульд магистр, Пенсильванийн их сургуульд доктор хамгаалан, Монголын экологи, боловсролын салбарын нэртэй эрдэмтдийн нэг болжээ. Мөн Н.Сонинхишиг замаг судлалаар докторын зэрэг хамгаалсан Монголын анхны эрдэмтэн болж, дараагийн үеийн судлаачдыг бэлтгэж байна. Тэдний адил олон арван судлаач өнөөдөр Монголын шинжлэх ухаанд өөр өөрсдийн мөрийг үлдээж явна.
Хөвсгөл төслийнхөн Др. Гоулденыг төслөө дуусгаад явчихдаг олон улсын зөвлөх биш, харин шавь нараа гардан өсгөдөг, боломж олгодог, судлаач хүний зам руу түлхдэг багш байсан гэж дурсдаг.
Тэр залуу судлаачдыг гадаадын академик орчинтой холбож, Филадельфийн Академи, Америкийн их сургуулиудад дадлагажуулж, олон улсын хуралд илтгэл тавих боломж олгож, судалгааны өгүүллээ хэвлүүлэх хүртэл нь чиглүүлж байв. Англи хэл, эрдэм шинжилгээний бичлэг, судалгааны арга зүй, өгөгдөл боловсруулах чадвар, олон улсын хамтын ажиллагааны соёл... Энэ бүхнийг залуу судлаачид Хөвсгөл төслийн бодит ажил дундаас олжээ.
Др. Гоулдений ярьснаар Хөвсгөл нуурын өвөрмөц шинж нь ус нь доод, дунд, дээд гэсэн гурван давхаргад байдагт оршино. Хамгийн доод хэсэгт хүчилтөрөгч дутмаг тул амьтан, ургамал амьдрах боломжгүй бөгөөд фосфор ялгардаг. Дунд хэсэгт загас, ургамал, бичил биетнүүд амьдарна. Харин дээд хэсэг нь нарны илчээр бүлээсдэг давхарга юм.
Ийм давхаргат бүтэц нь дотоод бодисын эргэлтийг зохицуулж, тодорхой хэмжээнд өөрийгөө цэвэрлэх механизмыг бүрдүүлдэг. Энэ экосистем алдагдвал нуур өөрийгөө цэвэрлэх чадвараа алдах аюултай. Тэрээр энэ бүхнийг шинжлэх ухааны хэлээр тайлбарлаж, бодлогын түвшинд хамгаалах шаардлагатайг онцолдог.
Нуурт цутгадаг гол, горхиудыг хамгаалах, малын хэт төвлөрлийг хянах, доод давхаргад хуримтлагдах фосфорын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, аялал жуулчлал, хүний үйл ажиллагааг зохистой төлөвлөх нь Хөвсгөлийг тунгалаг хэвээр хадгалах үндсэн зарчим юм.
Замагжилт бол бохирдлын анхны дохио. Нуурын цэвэр усны нөөц, экосистемийн тэнцвэрт байдалд нөлөөлөх аливаа өөрчлөлтийг эрт илрүүлэх нь хамгааллын гол үүрэг.

Хөвсгөл нуурын судалгаа зөвхөн академик орчинд үлдсэнгүй. Нуурын усны чанар, биологийн олон янз байдал, цэвдгийн өөрчлөлт, ой, гол мөрөн, бэлчээрийн судалгаанууд нь байгаль хамгаалал, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулахад чухал нөлөө үзүүлжээ. Мөн орон нутгийн иргэдийн амьжиргаа, тогтвортой хөгжлийн бодлоготой шууд холбогдсон юм.
Тэрээр Хөвсгөл нуурын үндэсний цогцолборт газрын удирдлага, менежментийг сайжруулах, дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх, урт хугацааны мониторингийн төв байгуулах, Хөвсгөлийг дэлхийн өвд бүртгүүлэх өргөдлийн баримт бичгийг боловсруулах зэрэг ажлуудад гар бие оролцсон юм.
Түүний удирдсан хожуу үеийн томоохон төслүүдийн нэг нь уур амьсгалын өөрчлөлт экологи, малчдын ахуйд хэрхэн нөлөөлж байгааг судалсан ажил байв. Төслийн баг Хөвсгөлийн Далбай голын хөндий болон Монголын бусад бүсэд туршилт, ажиглалт хийж, малчдаас асуулга асуужээ. Энэ судалгаанд архивт хадгалагдаж байсан Монголын цаг уурын 70 жилийн мэдээлэл их тус болсон байна. Харин малчдын ажиглалтаар шиврээ бороо ховордож, аадар бороо нэмэгдсэн. Гэнэт орсон ус газарт шингэхгүй урсаад өнгөрч байгаагаас өвсний гарц, төрөл муудсан.
Цаашлаад жижиг гол, нуур, цөөрөм ширгэж, улирлын хэмнэл алдагдсан. Салхины чиг, шувуудын нүүдэл, ан амьтдын зан байдал хүртэл өөрчлөгдөж байгааг малчид анзаарчээ. Тийм ч учраас Др.Гоулден нутгийн иргэдийг хамгийн сайн мэдээлэгч гэж үздэг. Энэ судалгааны дүгнэлтээр Хөвсгөл орчмын температур 1940 оноос хойш 2010 он хүртэл 70 гаруй жилд дунджаар 1.8-2.5 градусаар дулаарсан байна. Энэ өөрчлөлт зөвхөн тоон үзүүлэлт биш нуурын доторхи амьдралд мэдэгдэхүйц нөлөөлж эхэлжээ.

Др. Клайд Гоулдений хөдөлмөрийг Монгол Улс ч өндрөөр үнэлсэн. Тэрээр “Найрамдал” медаль, “Алтан гадас” одон, салбарын тэргүүний ажилтан, хүндэт профессор зэрэг олон шагнал, хүндэтгэлийг хүртжээ. Гэхдээ түүний жинхэнэ шагнал нь магадгүй энэ биш байх. Хөвсгөлийн эрэг дээр ажиллаж явсан залуу судлаачид өнөөдөр өөрсдөө эрдэмтэн болж, дараагийн үеэ сургаж, Монголын экологийн шинжлэх ухааныг авч явж байгаа нь түүний хамгийн том гавьяаны амьд үргэлжлэл юм.
Др. Гоулден Шинжлэх Ухааны Академидаа 60 жил ажиллаж өдгөө гавьяаныхаа амралтыг эдлэн АНУын Пеннсильваниа мужийн гэртээ амьдарч байна. Түүний ярианд Хөвсгөл нуур, Монгол орон байнга хамт явна.
Тэр “Найрамдал” одонгоо зочдод үзүүлж, Монголд ажилласан он жилүүд, шавь нараа, судалгаагаа, Хөвсгөл нуураа бахархан ярьдаг. Мөн Монгол эхнэрээрээ ч бахархана. “Бид хоёр Мөрөнгийн онгоцны буудал дээр санамсаргүйгээр танилцаж байсан. Тэр үеэс хойш бидний 30 гаруй жилийн амьдрал Хөвсгөл нуур, Хатгал, Ханхын нутагтай салшгүй холбоотой. Миний хань урт хугацааны экологийн судалгааг тусгай хамгаалалттай газар хэрэгжүүлэх, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх санаачилгыг анх төр засагт танилцуулж, дэмжлэг авахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөнхтуяа аливааг зохицуулах чадвартай, шантрашгүй, тууштай хүн. Манай төслийн амжилтын ард түүний хөдөлмөр, тэвчээр хамгийн том тулгуур нь байсан” гэж дурсаж байна.
Нэгэн ламын ярианаас үүдсэн судлаачийн ажил эцэстээ Хөвсгөл нуур, Монголын экологийн шинжлэх ухаан, гурван үеийн эрдэмтдийн хамтын түүх болон үлджээ.
Л.Мөнхзаяа