
Австралийн 2026 оны Ерөнхий сайдын утга зохиолын шагналын эзэд тодорлоо. Үүнээс уран зохиолын төрөлд Леони Норрингтон, Мэркияуи Ганамбарр-Стуббс болон Ёлнгу үндэстний мэдлэг уламжлалыг тээгч Джаундил Маймүру, Джава Бурравангга нарын хамтын бүтээл болох “A Piece of Red Cloth” роман шалгарлаа.
Уг роман 80 мянган австрали долларын татваргүй шагнал хүртсэн байна. Шагнал гардуулах ёслол Канберра дахь Австралийн Үндэсний номын санд болжээ. Энэ жилийн шагналын нийт сан 600 мянган доллар бөгөөд Австралийн хамгийн өндөр мөнгөн шагналтай утга зохиолын шагналд тооцогддог.
“A Piece of Red Cloth” нь Австралийн колоничлолоос өмнөх түүхийг өгүүлдгээрээ онцлогтой. Үйл явдал XVII зууны Арнем Лэндийн эрэг орчимд өрнөж, тухайн үед Индонезийн нутаг дэвсгэрээс ирсэн Макасарын загасчид Ёлнгу хүмүүстэй улирлын чанартай худалдаа, харилцаа тогтоож байсан үеийг харуулдаг. Гэвч энэ харилцаа Голландын колоничлолын нөлөөгөөр өөрчлөгдөж архи, опиум зэрэг зүйлсийг ашиглан охид, залуу эмэгтэйчүүдэд хүрэх оролдлого гарч эхлэхэд Ёлнгугийн ахмад эмэгтэй ач охиноо хамгаалахын төлөө хэрхэн тэмцэж буй тухай өгүүлнэ.

Шүүгчид уг романыг аман түүх, уран зохиолын арга барил, уугуул соёлын гүн мэдлэгийг нэгтгэсэн “онцгой бүтээл” хэмээн үнэлж, уугуул болон уугуул бус зохиолчдын хамтын бүтээлийн шинэ жишиг тогтоосон гэж дүгнэжээ.