
"Дональд Трамп хиймэл оюун ухааны талаар ямар ч ойлголтгүй гэдгээ superintelligence гэдэг үгэнд хэт автсанаараа баталж буй авлигад идэгдсэн, зөнөг гэмт хэрэгтэн" хэмээн AI-ийн загалмайлсан эцэг Жеффри Хинтон мэдэгдэв. Тэрээр The Guardian-д өгсөн дэлгэрэнгүй ярилцлагадаа хиймэл оюуны загварууд хүн төрөлхтний оршихуйд аюул учруулж болзошгүй тухай анхааруулгаа дахин давтаж, энэ салбар өөрийгөө зохицуулж чадна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
Орчин үеийн хиймэл оюун ухааны суурийг тавилцсан профессор Хинтон сүүлийн жилүүдэд уг технологийн хамгийн ширүүн шүүмжлэгчдийн нэг болсон юм. Хинтоны үзэж буйгаар, хиймэл оюун хүн төрөлхтнийг мөхөлд хүргэх магадлал 10–20 хувьтай ч эрсдэлийг үл тоомсорлох нь хариуцлагагүй хэрэг юм. Мөн хиймэл оюуныг компаниуд өөрсдөө хянаж, зохицуулах боломжтой гэсэн байр суурийг ч няцаан газрын тос, тамхины компаниуд эрсдэлээ зохицуулдаг гэх үлгэртэй зүйрлэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани "Nvidia"-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуан подкастер Эзра Клейнэд өгсөн ярилцлагадаа Хинтоныг хурцаар шүүмжилсэн.
"Би түүнийг хүндэтгэдэг ч таамаглалд нь дургүй... Түүний бүх таамаглал буруу эргэсэн. Хиймэл оюун ухаан ирэх хэдэн арван жилд хүн төрөлхтнийг мөхөөх магадлал 10-20% гэсэн анхааруулга нь шинжлэх ухаан дээр суурилаагүй, судалгаа байхгүй. Эрдэмтэн хүн хэллээ гээд шинжлэх ухаан болчихгүй. Эдгээр таамаглал хор хөнөөлтэй" гэж Хуан ярьсан.
Хинтон ч хариуд нь түүнийг эрсдэлийн мөн чанарыг олж харахгүй байна хэмээн шүүмжлэв. "Хиймэл оюун ухааны өвөрмөц тал бол юмс буруугаар эргэж, хяналтаа алдвал хоёр дахь боломж олдохгүй" гэж Жеффри Хинтон тайлбарлав.
Торонтогийн их сургуулийн профессор Жеффри Хинтоны “Мэдрэлийн сүлжээ дэх анхдагч судалгаа” нь ChatGPT зэрэг одоогийн хиймэл оюун ухааны системийг бий болгосон тул Физикийн салбарт Нобелийн шагнал хүртэж байв. Google 2012 онд Хинтоны DNNresearch Inc компанийг 44 сая доллараар худалдан авч профессор ч технологийн аварга компанид удирдах алба хаших болсон. Гэвч 2023 онд Хинтон хиймэл оюун ухааны эрсдэлийн талаар анхааруулахын тулд Google-ээс халагдаж буйгаа зарласан.
Өнөөдөр түүний шүүмжлэл зөвхөн технологиор хязгаарлагдахгүй, эдгээр загварыг бүтээж буй нөлөө бүхий эрхмүүдийн улс төрийн үзэл суртал руу чиглэж байна. Хинтоны үзэж байгаагаар хиймэл оюуны хөрөнгө оруулагчид Марк Андриссен, Питер Тиел болон SpaceXSI-ийн гүйцэтгэх захирал Илон Маск нар ардчилалд итгэдэггүй аж. Өөрсдийгөө нийгмийг хянах ёстой гэж үздэг тэд Дональд Трампыг энэхүү зорилгодоо ашиглаж байна хэмээн Хинтон өгүүлэв.
"Хүмүүс өөрсдийнхөө мөн чанарыг сайн ойлгодоггүй тул хиймэл оюуны загварууд бидэнтэй ямар төстэй болохыг ухаж мэдрэхгүй байна. Ихэнх хүмүүс ухамсар гэж юу болохыг ойлгодоггүй атлаа хиймэл оюун ухамсараас ангид гэдэгт гүнээ итгэдэг. Гэтэл эдгээр хиймэл оюуны загварууд юу хэлж байгаагаа ойлгож байгаа нь илэрхий юм. Асуултыг ойлгохгүйгээр бүх асуултанд хариулж чадахгүй нь ойлгомжтой.
Түүхэнд хүний оюун ухаан чухал байр сууриа алдсан гурван томоохон хувьсгал байсан. Нэгдүгээрт Коперник дэлхийг орчлонгийн төв биш гэдгийг нотолсон. Католик сүм Галилейгаас уучлалт гуйхад бараг 360 жил зарцуулсан. Дараа нь Дарвины хувьслын онол. Харин одоо дөрөв дэх хувьсгал буюу бид өөрсдөөсөө өөр оюун ухаант харийн биетүүдийг бүтээж байна. Бодит байдал дээр хүн төрөлхтөн үүнд дасан зохицох хэдхэн жил л үлдсэн. Өөрсдөөсөө илүү ухаантай систем бүтээхээсээ өмнө түүнийг хэрхэн хянах, ямар зарчмаар хөгжүүлэх, хүн төрөлхтний ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах талаар нухацтай бодох цаг болсон. Би хувиа хичээгээд ч хамаагүй хүн төрөлхтнийг сонгоно" хэмээн Хинтон ярьсан юм.