
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хорооны гишүүдийн асуултад зургаан цаг хагасын турш хаалттай хэлэлцүүлгээр хариулсны дараа “мэддэг бүхнээ бүрэн хариулсан” гэж мэдэгдлээ.
Тэрээр Жеффри Эпштейнийг огт танихгүй, түүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй, харилцаа холбоо байгаагүй гэдгээ онцолсон байна. “Би Жеффри Эпштейнийг танихгүй гэдгээ хэдэн удаа хэлснээ мэдэхгүй байна” гэж тэр сэтгүүлчдэд хэлжээ.
Клинтон Гислейн Максвеллийг “танилын хэмжээнд” мэддэг байсан бөгөөд Максвелл нь 2010 онд охин Челсигийнх нь хуримд урилгатай хүний дагалдан ирсэн хэмээн тайлбарлав.
Хорооны дарга Жэймс Комер хэлэхдээ ярилцлага “үр дүнтэй” болсон, Хиллари Клинтон зарим асуултад “нөхрөөсөө асуу” гэж олон удаа хариулсан гэв. Хиллари Клинтон нөхөр “Билл Клинтоныг Эпштейний гэмт хэргийн талаар мэдлэггүй байсан гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.
Билл Клинтоныг хууль сахиулах байгууллагаас Эпштейнтэй холбоотой ямар нэгэн гэмт хэрэгт буруутгаж байгаагүй. Гэвч CNN-ийн судалгаагаар тэрээр Эпштейний хувийн онгоцоор дор хаяж 16 удаа зорчсон нь тогтоогдсон. Сонсголын үеэр Бүгд найрамдахчууд үл танигдах нисдэг биет болон “Pizzagate” хэмээх хуйвалдааны онолын талаар хүртэл асуусан бөгөөд Клинтон үүнийг “маш хачирхалтай” гэж тодорхойлжээ.