
Шри-Ланка улсын баруун хэсэгт орших Нэгүмбү хотын шоронд хоёр өдөр дараалан гарсан үймээний улмаас 26 хүн амиа алдсаны 7 нь харуул хамгаалалтын ажилтан байна. Мөн 100 гаруй хүн бэртэж гэмтжээ.
Нийслэл Коломбо хотоос хойд зүгт орших далайн эргийн тус хотын шоронд гарсан мөргөлдөөн ням гарагт бүлэглэл хоорондын зөрчлөөр эхэлсэн байна. Хоригдлууд хуягуудын зэвсгийг булаан авч, улмаар үймээн дэгдэхэд эхний өдөр хоёр хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ. Түүнчлэн эрэгтэй хоригдлууд болон зэргэлдээх корпусын эмэгтэй хоригдлууд шоронгийн дээвэр дээр гаран, өөрсдийг нь суллахыг шаардсан байна.
Даваа гарагт хоригдлууд шоронгийн хаалгыг дайрч гарахыг оролдох үед үймээн даамжирч, дотор талаас буун дуунууд сонсогдсон тул аюулгүй байдлыг хангах хүчнийг дайчилжээ. Албаныхны мэдээлснээр, шоронгийн доторх хар тамхины наймааны талаар нэгэн хоригдол мэдээлэл өгснөөс үүдэж энэхүү мөргөлдөөн гарсан байна.
Одоогийн байдлаар шоронгийн 23 ажилтан, 54 хоригдол эмнэлэгт эмчлүүлж байна. Мөн үймээний үеэр шоронгийн дээврийн хэсэг нурж, хэд хэдэн эмэгтэй хоригдол бэртжээ.
Шри-Ланка улсын Хууль зүй, шоронгийн хэргийн сайд Харшана Нанаяккара уг хэргийг шалгаж, тайлан гаргахыг холбогдох албаныханд үүрэг болгоод байна. Тус улсын шоронгууд багтаамжаасаа 4 дахин олон буюу 41 250 хоригдолтой байгаа нь ийм төрлийн үймээн гарах гол шалтгаан болж байгааг BBC агентлагийн мэдээлэлд дурджээ.