
Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 21-23-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулна. Тус фестиваль нь Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг олон нийтэд таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
Өв, соёлоо сурталчлан таниулах нэгдсэн үйл ажиллагаанд Дархан-Уул аймаг өвлөн уламжлагчид баг бүрэлдэхүүнээрээ оролцдог уламжлалтай. Энэ жилийн фестивальд ч мөн түүх, соёл, зан заншил, ардын болон язгуур урлаг, хэл хуур, бий биелээч зэрэг биет болон биет бус өвийн өвлөн уламжлагчид оролцоно. Аймгийн хэмжээнд соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийн улсын нэгдсэн бүртгэлд 110 хүн бүртгэлтэй байдаг. Үүнээс Дархан суманд 63, Орхон суманд 26, Хонгор суманд 13, Шарын гол суманд найман өвлөн уламжлагч ажиллаж амьдарч байна.
Ташрамд дуулгахад, 2025 онд болсон “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд хамгийн ахмад өвлөн уламжлагчаар “Эккил хуурч, Хотон бий биелгээ” өвийг өвлөн уламжлагч 80 настай Б.Мөнгөн, хамгийн бага өвлөн уламжлагчаар 3 настай хуурч Б.Бодьмөнх нар шалгарч байсан байна.
