
Парис хотноо болсон Дэлхийн өвийн конвенцын талуудын 25 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганаар Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаагаа сонгогдлоо.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын дагуу байгуулагдсан Дэлхийн өвийн Засгийн газар хоорондын хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад өв бүртгэх, хасах, бүртгэлтэй өвийн хадгалалт хамгаалалтын асуудлаар шийдвэр гаргах, санхүүжилт хуваарилах, конвенцын хэрэгжилтийг хангах зэрэг чухал үүргийг хэрэгжүүлдэг, 21 гишүүн улсаас бүрдсэн олон улсын нэр хүндтэй бүтцийн нэг юм.
Тус хорооны гишүүнээр сонгогдсоноор конвенцын хэрэгжилтийг олон улсын түвшинд идэвхтэй дэмжихээс гадна манай улсад хамааралтай асуудлуудад байр сууриа бүрэн эрхтэйгээр илэрхийлэх, зөвлөмж, шийдвэрийн хэлэлцүүлэгт шууд оролцох боломж нээгдэж байна.
Түүнчлэн энэ нь соёлын болон байгалийн өвийн салбарын үндэсний мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн хэмжээнд бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн өвүүд:
1. Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004)
2. Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011)
3. Увс нуурын ай сав – Хил дамнасан байгалийн өв (2003)
4. Дагуурын ландшафт – Хил дамнасан байгалийн өв (2017)
5. Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015)
6. Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн дурсгалууд (2023)