
2025 онд эдийн засгийн үзүүлэлтүүд өмнөх жилүүдийн эерэг хүлээлтэд хараахан хүрээгүй ч макро түвшинд тогтвортой өссөн мөчлөг үргэлжиллээ.
Өнгөрсөн оны эхний гурван улирлын байдлаар эдийн засаг 5.9 хувиар өссөн нь олон улсын санхүүгийн байгууллагуудын төсөөллөөс бага ч өмнөх жилээс ахиу үзүүлэлт юм.
Макро эдийн засаг ийн тогтвортой харагдаж буй ч дотоод бүтцийн эмзэг байдал хэвээр байна. Ялангуяа, гадаад зах зээлээс хамааралтай төсвийн төлөвлөлтийн сөрөг үр дагавар оны төгсгөлд хүчтэй мэдрэгдэв. Экспортын гол түүхий эд, төсвийн орлогын чухал эх үүсвэр болох нүүрсний ханш 45.25 ам.доллар буюу оны эхэн үеэс 35 орчим хувиар унасан нь төсвийн орлого тасрахад хүргэлээ. Өөдрөг төсөөлөл, төлөвлөлттэй улсын төсвийн орлого тасалдаж, төрийн албан хаагчдын цалин урамшуулал, аж ахуйн нэгж байгууллагуудын төлбөр эх үүсвэргүй үлдэв. Ийнхүү он дамжсан өр төлбөр энэ оны төсөвт ачаалал нэмж, эдийн засагт ч сөргөөр нөлөөлөх шалтгааны нэг боллоо. Угтаа энэ оны эдийн засагт эерэг хүлээлт олон бий. Эрсдэл сорилт ч их бий.
Төсвийн орлого тасарсан, өр төлбөр нэмэгдсэн санхүүгийн хүндрэлийг хүлээн авч буй 2026 оныг мэргэжлийн экспертүүд, эдийн засагчид өөдрөгөөр төсөөлж байгаа. Эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь уул уурхайн салбар хэвээр байна. Ялангуяа, Оюутолгойн далд уурхайн олборлолт нэмэгдэж, зэсийн баяжмалын экспорт тогтвортой үргэлжлэх төлөвтэй байгаа нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь. Улмаар энэ онд эдийн засаг 5.7 хувиар өсөж, иргэдийн орлого 9 хувиар өсөх төлөвийг Засгийн газар, Монголбанкнаас гаргасан. Олон улсын санхүүгийн байгууллагууд болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан ч манай улсын эдийн засгийг 5-6 хувиар өсөх төлөв танилцуулсан. Эдгээр байгууллагын нийтлэг таамаг нь алт, зэсийн олборлолт тогтворжиж, боомтын дэд бүтэц сайжирснаар эдийн засгийн өсөлтөө хадгална гэжээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн ашиг өсөж, хөрөнгийн зах зээл идэвхжиж, мөнгөн урсгал нэмэгдэх аж. Эдийн засгийн өсөлтийн нэг хөшүүрэг гэгдэж буй зэсийг энэ онд 1.9 сая тонноор экспортолно.
Улмаар сүүлийн хоёр жилд үнийн өсөлтийн том шалтгаан болсон цахилгааны үнийн нэмэгдлийн нөлөө арилж, инфляц 5-7 хувь болох төлөвийг гаргасан. Улсын урт хугацааны зээлжих зэрэглэл В2-оос В1 рүү нэг шат ахиснаар гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн зээл өргөжих, өртөг бага зээлийн санхүүжилт авахад таатай байх төлөвтэй байна. Энэ мэт олон эерэг хүлээлт, таатай таамгийг санхүүгийн салбарынхан 2026 онд тавьж байна.
АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин
Монгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7 хувиар өснө. БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл тарифын өсөлт, худалдааны хязгаарлалтад өртөж, улмаар 2026 онд Монгол Улсын экспортын ашигт малтмал, ялангуяа коксжих нүүрсний эрэлт сул хэвээр байх төлөвтэй байна. Эрдэс баялгаас хараат байдал болон түүхий эдийн зах зээлийн савалгаатай холбоотой эмзэг байдлыг шийдвэрлэхэд анхаарахын зэрэгцээ өргөн хүрээ бүхий, төрөлжсөн өсөлтийг дэмжих нь улам бүр чухал болж байна. 2025.09.30
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан
Ирэх онд эдийн засгийн өсөлтийг 5.5 хувь орчим байна гэж харж байна. Төсвийн тогтвортой байдлын хүрээнд тооцоолсон урьдчилсан таамаг ч мөн 5.4 хувийн түвшинд гарахаар байгаа. Энэ жилийн төсөвт нэг эерэг зүйл байгаа нь Засгийн газар өмнөх жилүүдтэй харьцуулахад, илүү бодитой таамаглал дэвшүүлсэн явдал. Жишээлбэл, өмнө нь 2026 оны өсөлтийг 6.5 хувь гэж маш өндөр гаргаж байсан бол одоо 5.7 хувь болгон буулгасан. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийг хэт өөдрөгөөр харсан тооцоолол нэгдмэл, бодитой байр суурь руу дөхөж байна.
Эдийн засаг эерэг хүлээлттэй ч эрсдэл, сорилт их бий. Өмнөх жилийн өр төлбөрийг хэрхэхээс эхлээд төсвийн орлогыг бүрдүүлэгч нүүрсний экспорт биет хэмжээ, төлөвлөлтөд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар ч уналттай хэвээр байгаа. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт ган, зудын эрсдэл өндөр байгаа нь энэ оны эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй.
Нүүрсний үнэ ойрдоо сэргэхгүй
Манай улс энэ жил 90 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Өнгөрсөн онд нүүрсний экспортын үнэ буурч, тээвэрлэх хэмжээ ч багаслаа. Нүүрсний экспортын дундаж үнэ өмнөх оноос 30 гаруй хувиар буурсан байна. Цаашид нүүрсний үнэ сэргэх шинж хараахан ажиглагдахгүй байгааг Монголбанкнаас мэдээлэв. Тэгэхээр нүүрсний үнэ төдийлөн өсөх хандлагагүй байгаа энэ цаг үед 90 сая тонн нүүрс экспортолно гэдэг тийм ч амар хүрэх тоо биш. Түүнчлэн БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг олон улсын байгууллагууд 4.4 хувь буюу хамгийн доогуур үнэлсэн нь манай экспортын эрэлтэд нөлөө үзүүлэх нь тодорхой. Тиймээс боомт, хил холболтоо сайжруулж, экспортоо нэмэхээс гадна нүүрсний экспортын дутагдсан орлогыг нөхөхөөр алт, зэсийн олборлолтод ч анхаарах нь зүй билээ.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал
Нүүрсний орлого нэг их буурч, үнэ унах хямрал нүүрлэхгүй байх гэж бодож байна. Олон улсын зах зээлд ухаалаг тоглолт л хийх хэрэгтэй. Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтаа дуусгаж, ашиглах хэрэгтэй. Үүнээс гадна дэд бүтэц, хил гаалийн ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй.
Эдийн засагч А.Энхбат
Уул уурхайн түүхий эдийн ялангуяа, нүүрсний үнэ ойрын 2-3 жилийн хугацаанд сэргэхгүй байх хандлагатай байна. Эдийн засгийн бодлогыг богино хугацааны өсөлтөөс илүү бүтээмж, институцийн чанар, тогтвортой байдлыг зорьсон байдлаар дахин чиглүүлэх шаардлагатай. Учир нь өсөлт өндөр бүтээмжтэй, гэхдээ ажил эрхлэлт бага шаарддаг салбаруудад төвлөрч байна.
news.mn
Энэ онд эдийн засгийн хамгийн том сорилт инфляц байх нь. Хоёр жил дараалан цахилгааны үнээс шалтгаалан эрчээ авсан инфляц саарах хүлээлттэй байгаа ч бусад хүчин зүйлээс шалтгаалан нэмэгдэх эрсдэл өндөр байна. Салбарынхан ч инфляцыг эхний хагас жилд Монголбанкны дэвшүүлсэн зорилтот түвшинд хүрэхгүй хэмээн таамаглаж буй. Энэ хэрээр мөнгөний бодлогын хүүг бууруулах боломж багасаж, мөнгөний нийлүүлэлт буурна. Үр дүнд нь аж ахуйн нэгж, иргэд бүсээ чангалж, хөрөнгө оруулалтаа хойшлуулахад хүрэх нь.
Үүнээс гадна шатахууны хомсдол, үнийн өсөлт, дотоодын хүнсний эрэлт зэрэг хүчин зүйл хэр хугацаанд инфляц хөөрөгдөх шалтгаан болохыг тааварлашгүй.
Мөн энэ онд тэтгэвэр, багш, эмч нарын цалинг нэмэхээс гадна дулааны үнэ нэмэхээр төлөвлөж байгаа. Цалин, орлогын өсөлт, үйлчилгээ, худалдаа, тээврийн салбарын идэвхжил энэ онд дотоод эрэлтийг дэмжих хандлагатай байна. Гэхдээ дотоод эрэлт өсөх нь импортын хамаарлыг улам нэмэгдүүлж, гадаад худалдааны тэнцэл болон төгрөгийн ханшинд дарамт учруулах эрсдэлтэй. Ялангуяа өргөн хэрэглээний бараа, шатахууны импортын өсөлт валютын урсгалыг гадагш чиглүүлэх магадлалтайг мэргэжилтнүүд хэлдэг. Мөн цахилгааны үнэ нэмсний үр нөлөө жилийн турш үргэлжилж байгаатай адил дулааны үнэ инфляцын суурь шалтгаан болохыг ч үгүйсгэх аргагүй.
Инфляцыг өдөөх өөр нэг шалтгаан нь валютын ханш. Зах зээлд ам.долларын ханш одоогоор тогтвортой байгаа ч Засгийн газрын гадаад өр их, зээлийн хүү өндөр байгаа нь ханшийг мэдэгдэхүйц өөрчилж мэднэ. Гадаад өрийн хүүгийн төлбөрийг хийхийн тулд ам.долларын эрэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларснаар импортын барааны үнэ өсөж, инфляцыг өдөөх шалтгаан болох магадлалтай. Дээрх шалтгаануудын улмаас Монголбанкны төсөөлсөн шиг инфляц 5 хувь руу буурах нь тун эргэлзээтэй.
Инфляц ийнхүү нэмэгдсэнээр иргэдийн бодит орлого багасаж, худалдан авах чадвар буурахад ядуу, дундаж давхаргынхан нөлөөнд хамгийн их өртөнө. Өөрөөр хэлбэл, инфляц өсөх нь ядуурал хүрээгээ тэлэх нэг үндэслэл болох юм. Инфляц өсөхөд Монголбанк бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний бодлогыг чангаруулах арга хэмжээ авдаг. Бодлогын хүү нэмснээр банкуудын зээлийн хүү нэмэгдэж, хөрөнгө оруулалт, хэрэглээ хумигдаж, эдийн засагт эргээд дарамт болох тал ч бий.

Өнгөрсөн жил худалдааны тариф, нүүрсний үнийн уналтаас шалтгаалан унаж явсан эдийн засгийг хөдөө аж ахуйн салбарын сэргэлт өөд нь татсан. Тэгвэл энэ жил эсрэгээрээ эдийн засгийн өсөлтийг доош нь татах том хүчин зүйлийн нэгээр хөдөө аж ахуйн салбар нэрлэгдэж байна. Онцгой байдлын байгууллагын сүүлчийн мэдээлэлд “Зудын эрсдэлийн аюул, эмзэг байдлаар тооцоолсон ерөнхий үнэлгээ”-нээс харахад нийт нутгийн 23 хувьд нэн их, 58 хувьд их, 18 хувьд дунд, нэг хувьд бага байхаар байна гэжээ. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан өвөлжилт, хаваржилт хүндрэх, малын хорогдол нэмэгдэх, улмаар хөдөө аж ахуйн салбарын өсөлт үргэлжлэх бус саарах эрсдэл өндөр байна.
Түүнчлэн цаг уурын нөхцөл байдал, бусад шалтгаанаас ургац алдаж, тариалалт буурсан нь хөдөө аж ахуй тэр дундаа тариалангийн салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлөх нь.
Урд хөршийн эдийн засаг их сэргэхгүй
Уул уурхайн экспортод тулгуурласан эдийн засагтай манай улсын хувьд БНХАУ-ын нөхцөл байдал, эдийн засгийн төлөв тун чухал билээ. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд урд хөршийн эдийн засаг шинжээчдийн таамгаас давж өссөн ч үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилсээр байгаа. Мөн дотоод эрэлт сул байгаа учраас олон улсын шинжээчид 2026 онд Хятадын эдийн засгийг 4.4 хувь өснө гэж үзэж буй. Хятадын эрэлт хэрэгцээ, хил нэвтрүүлэлтээс шалтгаалан нүүрсний экспортын үнэ, биет хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол өнгөрсөн жил экспортын орлого тасарч, алба хаагчдын цалин хангамж, аж ахуйн нэгжийн төлбөр тооцоог өгч чадахгүйд хүрснийг энэ жил давтаж магадгүй. Ийм эрсдэлээс сэргийлэхийн тулд нөхцөл байдал бүрд мэдрэмтгий байж, төсөв, төлөвлөгөөгөө уялдуулан шинэчлэх нь зүй билээ.
Хоёр дайны уршиг
Гадаад зах зээлээс хамааралтай манай улсад геополитикийн асуудал аль ч цаг үед анхаарах, том сорилтын нэг байдаг. Өнгөрсөн жил л гэхэд тэргүүлэх эдийн засагтай улс орнууд тарифын маргаан өрнүүлж, худалдааны дайн хурцадсан нь хөгжиж буй орнуудад халгаатай байлаа. Хэдийгээр худалдааны дайны хурцадмал байдал арилсан ч дэлхийн эдийн засгийг хойш нь чангааж, гадаад зах зээлээс хамааралтай манай улсын эдийн засагт ч нөлөөлж болзошгүй. Түүнчлэн ОХУ, Украины дайн үргэлжилснээр цахилгаан, шатахуун түлшний хараат манай улсад хомсдол нүүрлээд байгаа. Хомсдолоос шалтгаалан өндөр үнэтэй шатахуун импортоллоо. Шатахууны үнэ эргээд инфляц өдөөх шалтаг болох эрсдэлтэй.
Ийнхүү энэ онд манай улсын эдийн засаг өсөлтөө хадгалах ч гадаад зах зээлийн тодорхойгүй байдал, дотоод бүтцийн асуудлууд бодлогын сорилт болох нь. Эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин зүйл уул уурхайн салбар хэвээр учраас түүхий эдийн үнийн савлагаа төсвийн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс уул уурхайд тулгуурласан өсөлтийг дотоодын үйлдвэрлэл, экспортын төрөлжилт, хүний бүтээмж, үйл ажиллагаанд шингээж чадвал эдийн засгийн өсөлт бодит амьжиргаанд илүү дөхнө. Боломж, эрсдэлийн заагаар өсөлтийн өгөөж нэмэх эсэх нь бодлогын төлөвлөлтөөс л хамаарах билээ.