
Бангладеш улс улаанбурхны хурдацтай тархалтыг зогсоох зорилгоор нэг сая гаруй хүүхдийг хамарсан дархлаажуулалтын аяныг нэн яаралтайгаар эхлүүллээ.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр одоогоор нас барсан 17 тохиолдол батлагдсан бөгөөд 113 сэжигтэй нас баралт, 7500 гаруй халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
Аяныг ЮНИСЭФ, ДЭМБ болон олон улсын түншлэлийн Гави-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Дархлаажуулалтыг эрсдэл өндөр 18 бүсээс эхлүүлжээ.
6 сараас 5 насны хүүхдүүдийг, ялангуяа товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй, хүндрэх эрсдэл өндөр бүлгийг нэн тэргүүнд хамруулж байна.
ЮНИСЭФ-ийн төлөөлөгч энэ нөхцөл байдлыг “дархлааны ноцтой цоорхой”-г илчилж байна гэж анхааруулав.
ДЭМБ халдвар ойрын өдрүүдэд үргэлжлэн тархах ч вакцинжуулалтын аян хэрэгжсэнээр удалгүй хязгаарлагдана гэж мэдэгдсэн юм.