
Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) гарын үсэг зурлаа.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, FIFA-гийн Гишүүн холбоодыг хариуцсан ерөнхий захирал Элхан Маммадов, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар нар санамж бичигт гарын үсэг зурж, тус ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, FIFA-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантино нар оролцсон байна.
Санамж бичгийн хүрээнд FIFA цэнгэлдэх хүрээлэнг төлөвлөх, барьж байгуулахад техникийн зөвлөгөө, мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр болжээ. Харин Монгол Улсын Засгийн газар төслийг хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх аж. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудыг дэмжих, цаашид олон улсын тэмцээн, уралдааныг эх орондоо зохион байгуулах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.