
Монгол Улсад болж буй шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн талдаа орлоо. Өчигдөр болсон 5 дахь өргийн тоглолтод Монголын Г.Зэв болон ОХУ-ын шатарчин Кирилли Путренка нарын тоглолт 6 цаг 25 минут үргэлжилж тэнцээгээр өндөрлөжээ. Хоёр шатарчин нийт 385 минутыг зарцуулсан байна. Өмнөх 4 дэх өрөгт 11 настай Ц.Тэнүүн 12 настай Ц.Анандын нарын өрөг мөн 5 цаг 35 минут үргэлжилж эвийн гэрээ байгуулж байв. Тэгвэл эмэгтэй шатарчдаас 2 дахь өрөгт БНХАУ-ын шатарчин их мастер Ни Шикүйн болон Ду Син нарын тоглолт 6 цаг 13 минут үргэлжилсэн билээ. Энэ тоглолт Улаанбаатарт болж буй тэмцээний хамгийн удаан үргэлжилсэн тоглолт байсан бол өчигдөр энэ амжилтыг Г.Зэв болон К.Путренка нар 6 цаг 25 минут болгон ахиуллаа.
“Баянгол” зочид буудлын танхимд болж буй тэмцээн өнөөдөр 6 дахь өргийн тоглолтоор үргэлжилнэ. Нээлттэй ангилалд ОХУ-ын их мастер Жамсаран Цыдыпов 4,5 оноогоор ганцаараа тэргүүлж эхэлсэн бол түүний араас 4,0 оноотой найман тамирчин удаалж байна. Манай шатарчдаас Г.Амартүвшин дөрөвдүгээр байрт жагсаж байна.
Эмэгтэй ангилалд Узбекистаны гурван шатарчин тэргүүлж эхэллээ. Тэдний араас Энэтхэг, Казахстан, БНХАУ, ОХУ-ын шатарчид удаалж байна. Манай шатарчдаас Олон улсын мастер, эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул 4,0 оноогоор 12-р байрт жагсаж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж эхэллээ. Түүний хувьд өнөөдөр гуравт жагсаж байгаа Узбекистаны шатарчин Имомкузиеватай тоглохоор оноолт таарчээ.