
Рио-де-Жанейро хотод хамгаалалтын камерын бичлэгт үлдсэн нэгэн ноцтой хэрэгтэй холбоотойгоор цагдаа нар найман хүнийг баривчилжээ. Тэд дэлхийн хамгийн том мэрэгч амьтан болох капибараг хэрцгийгээр зодсон байна.
Асар том далайн гахайг санагдуулам цайвар хүрэн өнгөтэй капибара (Hydrochoerus hydrochaeris) нь Бразилын хот суурин, ялангуяа горхи, нуур орчимд чөлөөтэй тэнүүчилж харагддаг амьтан юм.
Бямба гараг(2026.03.21)-ийн үүрээр болсон уг хэрэг Илья-ду-Говернадор дүүрэгт болсон бөгөөд хэсэг этгээд капибараг мод, төмөр саваагаар зодож буй нь камерт бичигджээ. Хэргийг шалгаж буй цагдаагийн комиссар Фелипе Санторо “Энэ бол нийгмийг цочроосон маш харгис гэмт хэрэг” хэмээн O Globo сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр “Ямар ч аюул занал учруулахгүй амьтанд санаатайгаар халдсан нь туйлын харгис үйлдэл” гэж нэмж хэлжээ.
Цагдаагийн мэдээлснээр, халдагчид дунд насанд хүрээгүй хоёр хүн байсан бөгөөд тэднийг камерын бичлэгээр тогтоон баривчилсан байна. 65 кг жинтэй эр капибараг CRAS (Зэрлэг амьтдыг хамгаалах) төвд хүргэж эмчилж байгаа аж. Тус төв нь Эстасио их сургуулийн харьяанд ажилладаг.
Малын эмч, тус төвийн дарга Жеферсон Пирес “Бид 22 жилийн турш зэрлэг амьтдыг эмчилж ирсэн ч ийм аймшигтайгаар зодуулсан капибара анх удаа ирж байна” гэж AFP-д ярьжээ. Түүний хэлснээр амьтан бие нь дээрдэж байгаа ч толгойн гэмтэл, зүүн нүд орчмын дотоод цус алдалт, нурууны олон шархтай байгаа аж.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Америкт нутагладаг энэхүү хагас усны амьтан цахим орчинд маш их алдаршсан. Ялангуяа “Comrade Capybara” гэх мийм нь 2021 онд Аргентин дахь тансаг хороололд капибара олноор орж ирсэн үйл явдлаас санаа авч тархжээ.
Мөн энэ оны эхээр өсвөр насныханд зодуулж үхсэн нохойн хэрэг Бразил даяар бухимдал дэгдээж байсан юм.