Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу гэрээ нь хийгдээгүй төсвийн хөрөнгө оруулалтын 130 төслийн 535.9 тэрбум төгрөгийг буцаан татаж хэмнэлтэд тооцох тогтоол баталлаа. Бүх сайд нарын багцаас хэмнэлт хийгдэж байгаа. Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 36 тэрбум, Боловсролын сайд, Зам, тээврийн сайдын багцаас тус бүр 33 тэрбум, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцаас 19.7 тэрбум, бусад сайдын багцаас 122.7 тэрбум төгрөг хэмнэлтэд тооцогдож байна.

Төсвийн тухай хуульд заасны дагуу төсөвт тодотгол хийхээсээ өмнө 14 хоногийн хугацаанд олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой. Энэ бол өмнө нь хэрэгжүүлж байгаагүй шинэ зохицуулалт. 14 хоногийн хугацааг өнөөдрөөс эхлүүлж байна. 14 хоногийн дараа төсвийн тодотголыг УИХ-д өргөн барина.

Төсвийн тодотголоор боловсрол, эрүүл мэндийн салбарын төсөвт гар хүрэхгүй" гэв.