
Монголын дугуйн холбооны 27 дахь удаагийн олон өдрийн уралдааны нээлт боллоо. Энэ жил олон улсын нээлттэй байдлаар зохион байгуулагдаж буй тэмцээнд 12 багийн 80 гаруй тамирчин оролцож байна.
Монголын олон өдрийн уралдаанд Ази тивийн аварга, ОУХМ Б.Марал-Эрдэнэ, ОУХМ Э.Болор-Эрдэнэ, ОУХМ Б.Наранхүү нарын шилдэг тамирчид өрсөлдөж байна. Энэ жилийн уралдаанд Швейцарь улсын тамирчин Кристофф Янссен багтжээ.
Тамирчид 5 өдрийн 5 гараанд нийт 532.7 км зайд шилдгүүдээ тодруулна. Эхний гараа Улаанбаатараас Төв аймгийн Баянчандмань суманд 64 км зайд, хоёр дахь гараа Баянчандмань сумаас Дархан хотын замд 150 км зайд үргэлжиллээ. Өнөөдөр гурав дахь гараа 95,5 км зайд болно.
Монголын олон өдрийн уралдаан ирэх баасан гарагт Улаанбаатарт өндөрлөнө.