
Аюулгүй байдлын мэргэжилтнүүд “Black Fraud Day” хэмээн нэрлэгдэх болсон энэ үед худалдан авагчдыг онцгой сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Гэмт этгээдүүд “хар баасан гараг”-ийг тохиолдуулан хэдэн сарын турш бэлтгэл хийж, хямдрал хүлээсэн хэрэглэгчдад урхи занга нь бэлдэн тэднийг ганцхан товшилт хийхийг хүлээдэг аж.
“Хар баасан гараг” оны хамгийн их ачаалалтай худалдааны өдөр болох төлөвтэй ч, мөн онлайн худалдан авагчдын хувьд хамгийн аюултай өдөр болох магадлал ч өндөрсдөг. Хуурамч хямдрал, фишинг халдлага, хуурамч вэбсайтууд интернэтээр дүүрч, луйварчид худалдааны халуурлыг ашиглахаар оролдож эхэлдэг.
Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд үүнийг “Black Fraud Day” гэж нэрлэх нь нэмэгдэж байгаа бөгөөд энэ жил урьд өмнөхөөс илүү олон хүн залиланд өртөх магадлалтай гэж үзэж байна.
Халдлагын хэлбэр олон янз:
Мөн хакерууд хиймэл оюуны (AI) хэрэгслүүдийг ашиглан халдлагыг автоматжуулж, илрүүлэхэд улам хэцүү болгож байна. Мэдээлэл хамгааллын CyXcel компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Доктор Мега Кумар “Луйварчид хямдрал хайгчдыг улам боловсронгуй, заримдаа хиймэл оюун ашиглан бүтээсэн залилангаар онилж байна. Энэ нь илрүүлэхэд улам хүндрэлтэй болгож байна. Тэд гүйлгээний хэмжээ нэмэгдсэнийг ашиглан хуурамч санал үүсгэж, худалдан авагчдыг хуурамч цахим худалдааны сайтууд руу татан оруулж, төлбөрийн мэдээллийг нь хулгайлдаг” хэмээн тайлбарлажээ.
Эдгээр хуурамч сайтууд нь жинхэнэ онлайн дэлгүүрийн интерфэйсийг яг адилхан дуурайлган хийдэг бөгөөд сошиал медиа дахь сурталчилгаа, төлбөртэй постоор хэрэглэгчдийг татдаг. Тэдний зорилго нь кредит картын мэдээлэл, цаашлаад онлайн таних мэдээллийг нь бүрэн хулгайлах явдал юм. Шинэ AI хэрэгслээр бүтээсэн тул жинхэнээс ялгахад маш хэцүү болсон аж.
Аюулгүй байдлын платформ NordVPN-ийн мэдээллээр сүүлийн өдрүүдэд хуурамч Amazon дэлгүүрүүд 200 гаруй хувиар, хуурамч eBay сайтууд 500 гаруй хувиар өссөн байна.
“Эдгээр сайтуудын ихэнх нь жинхэнээс бараг ялгагдахгүй. Итгэл төрүүлэх checkout хуудас нь зөвхөн хувийн болон төлбөрийн мэдээлэл цуглуулах зорилготой” гэж NordVPN-ийн төлөөлөгч мэдэгджээ.
185 улсын 30 000 гаруй хүнийг хамруулсан судалгаагаар хүмүүсийн 68 хувь нь хуурамч сайтыг таньж чаддаггүй байна. Мөн хортой холбоос бүхий и-мэйл нэмэгдэж байгаа бөгөөд эдгээр нь хэрэглэгчдийг залилангийн дэлгүүр рүү чиглүүлдэг. Кибер аюулгүй байдлын Darktrace компанийн мэдээлснээр “хар баасан гараг”-ийг онилсон залилангийн и-мэйл 620 гаруй хувиар өсжээ.
Их Британийн санхүүгийн салбарын байгууллага UK Finance-ийн “Annual Fraud Report 2025” тайланд нийт залилангийн хохирол өнгөрсөн жил 1.1 тэрбум фунт стерлинг давсан талаар дурдсан.
Өөр нэг арга нь зарим жижиглэн худалдаачид “хар баасан гараг”-аас өмнөх долоо хоногуудад үнийг зориуд өсгөж, дараа нь “хямдруулсан” мэт харагдуулах явдал юм. Үнийг шалгахын тулд PriceLasso болон CamelCamelCamel зэрэг үнийн түүх шалгагч сайтуудыг ашиглаж болдог.
Мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөөгөөр
Програм хангамжийн CyberArk компанийн технологийн захирал Дэвид Хиггинс “Энэ бол зүгээр нэг хортой холбоос илрүүлэх тухай асуудал биш. Харин хүний зан үйлийг өөрчлөх тухай асуудал. Жил бүр залилангийн халдлага луйврын гол шалтгаан хэвээр байгаа нь хүний зөн совинг ашигладагтай холбоотой. Түр зуурын буруу итгэлийг ямар ч технологи бүрэн нөхөж чадахгүй” хэмээн анхааруулжээ.