
Шатахууны шуурхай штаб өнөөдөр хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж, үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ. Тэрээр, “Шатахууны шуурхай штаб дөнгөж сая Ерөнхий сайдад ажлаа танилцуулаад гарч ирлээ. Үргэлжлүүлээд хуралдана. Манай улс сардаа 75 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг. Наймдугаар сард 54 мянган тонн орчмыг, есдүгээр сард 62 мянган тонныг оруулж ирсэн. Орж ирэх хэмжээ багассантай холбоотойгоор нийлүүлэлт хангагдахгүй шок үргэлжилсэн байдалтай байна. Бидний хувьд огт тасалчихгүй залгуулаад явж байна. Хоёр хоногийн өмнөөс ОХУ экспортын мэдээллээ нууцлах Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж хэрэгжүүлж байна. ОХУ манай улсын экспортын 97 хувийг дангаараа хангадаг. ОХУ-ын 34 нефть боловсруулах үйлдвэрийн 24 нь 1-ээс дээш удаа бөмбөгдөлтөд өртсөн нөхцөл байдалтай байна. ОХУ-аас бидний авдаг үйлдвэр сардаа 70 мянган тонныг өгдөг байсан бол одоо сард 54-55 мянган тонныг л өгч байна. Аравдугаар сард БНХАУ-аас авах бензиний хэмжээгээ нэмэгдүүлж 78 мянган тонныг авахаар одоогийн байдлаар гэрээ хийгдсэн байна. Аравдугаар сарын тухайд байдал харьцангүй болох хүлээлт байна. Улсын хэмжээний шатахууны нөөц сав их муу. Энэ жилдээ багтан 150 мянган тонноор нөөцийн савны хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Ингэснээр энгийн хэрэглээний 45 хоногийн нөөцөө хадгалах боломжтой болох юм. Улаанбаатар хотод өдөртөө 1000 орчим тонн хүрэлцээтэй байсан бол 1700-1800 тонн байгаад шок нь арилахгүй байна. Энэ удаагийн шок ойрын хэд хоногоос намжина. Дэлхийн геополитикийн байдал тодорхойгүй байгаа учраас дараагийн сард яахыг бид тааж мэдэхгүй. БНХАУ нефтийн бүх бүтээгдэхүүнийхээ экспортыг хорих шийдвэр өчигдөр гаргачихлаа. Бид хэрэглээнийхээ нэлээд том хэсгийг авахаар захиалга өгсөн байгаа. Үргэлжлүүлэн БНХАУ-ын талтай ажиллана. Удахгүй Сингапур, Беларус улс руу очиж ажиллана. Ний нуугүй хэлэхэд хүссэний хэмжээгээр биш гэхэд бензинийг боломжит хэмжээгээр, 1000, 1000 тонн гэхгүй олж ирж байгаа” хэмээлээ.